Д.Энхжаргал: Эдийн засгийн “ХАР ХУН”-тай тэмцэхэд бүх нийтийн оролцоо чухал

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 20

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас үүдэн дэлхийн эдийн засаг хямралд орох магадлалтай тухай зарим судлаач мэдээлж байна. Эдийн засгийн онолоор энэ төрлийн гэнэтийн хямралыг “ХАР ХУН” хэмээн нэрлэдэг бөгөөд Монгол Улсад “ХАР ХУН”-гийн шинж тэмдэг үүссэн эсэх болон энэхүү нөхцөл байдалд хэрхэн ажиллах, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар Монголбанкны дэд ерөнхийлөгч асан, Олон улсын санхүүгийн шинжээч-зөвлөх Д.Энхжаргалтай ярилцлаа.


-Эдийн засагч, банкир хүнтэй ярилцах боломж гарсных шууд гол сэдэвтээ оръё. Коронавирусийн халдвар Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?

- Коронавирусийн халдварын уршгаар дэлхийн эдийн засагт “ХАР ХУН” гарч ирлээ. Эдийн засагт гэнэтийн, хүлээгдэж байгаагүй, тодорхойлох боломжгүй, онцгой сөрөг нөлөө үзүүлдэг үзэгдлийг “ХАР ХУН” гэж нэрлэдэг. Коронавирус манай эдийн засагт хүндрэл учруулж эхэлсэн.

- Аль салбарт илүү нөлөөлж байгаа вэ?

-Улсын төсөвт дарамт болно. Үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаагаа явуулахгүй байна гэдэг нь орлого олохгүй, тэр хэмжээгээр улсад татвараа өгөхөд хүндрэлтэй болно. Иймээс төлөвлөсөн төсвийн зардлуудыг гаргахад саад болно. Үйл ажиллагааны зээл авсан бол хугацаандаа төлж чадахгүйд хүрнэ. Зээл хугацаандаа төлөгдөхгүй бол чанаргүй зээлдэгч болж, дараагийн удаад зээл авах боломжгүй болно. Мөн хамгийн орлого өндөртэй байдаг үе болох цагаан сарын өмнө хөл хорио тогтоосноор үйлчилгээний байгууллагууд, жижиглэн худалдааны агентууд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн орлогод сөргөөр нөлөөлж байна. Банкны салбар өөрөө ил тод биш, “саарал жагсаалт” гэдэг асуудалтай байгаа энэ үед нь нэрмээс болж байна. Хамгийн гол нь банкны зүгээс зээлдэгч байгууллагууддаа зориулсан зохистой бодлого гаргахгүй бол хугацаа хэтэрсэн зээл нэмэгдэх байдал үүсэж байна. Дээр нь Миат, аялал жуулчлалын салбар хүнд цохилтод орохоор байна. Цагаан сарын  үеэр гэр бүлээрээ Хятад болон Хятадаар дамжин манайхан аялдаг. Хөвсгөлийн “Цасны баяр”-ыг үзэх гэж олон жуулчин ирдэг. Миний мэдэхээр “BBC”-ээс 28 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж, нэвтрүүлэг хийхээр төлөвлөж байсан гээд олон жишээг хэлж болно.

-Эдийн засгийн өсөлт төлөвлөсөндөө хүрэхгүй нь тийм үү?

-Эдийн засгийн 6 хувийн төлөвлөсөн өсөлт маань буурна. Бид БНХАУ-аар дамжуулж бүхий л байгалаас олборлосон баялгаа зардаг. Хятадын эдийн засаг сайнгүй байх тул манай түүхий эдийн эрэлт буурна. Бас зэсийн үнэ буурч байгаа нь гадаад валютын нөөцийн өсөлтөд таагүй нөлөөлөл үзүүлнэ. Урд хилээр гарах экспортын үйл ажиллагааг хязгаарласан нь тэр хэмжээгээр төсвийн орлого тасрахад хүрнэ.

-Төсөвт тодотгол хийгдэх үү?

-Яг одоогийн байдлаар Сангийн яамнаас нөөц сангуудаас зарцуулах зардлын хэмжээг мэдэгдээгүй байна. Цаашид хэрхэх нь тодорхой бус байгаа болохоор иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчид “шок”-ийн байдалтай байгаа. Хэрэв бид байгалийн баялгийн орлогоороо “Баялгийн сан” байгуулаад хуримтлал үүсгэдэг байсан бол тэр сангийн өгөөжийг хүндрэлийг даван туулахад ашиглах боломжтой байх байсан. Иймээс Үндсэн хуульд тусгасан “Баялгийн сан”-гийн хуулийг яаралтай баталж хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй байгаа.

- Хүндрэлийг даван туулахын тулд юуг хийх ёстой вэ?

-Нэгэнт эрсдэл гарсан тохиолдолд түүнийг хянаж, зогсоодог, нөхцөл байдлыг сайжруулдаг тогтолцоо улс болгонд байх ёстой. Жишээлбэл, дэлхийн санхүүгийн хямралын үед  Монголбанкны дэд ерөнхийлөгч байхдаа Монгол Улсын төлбөр, тооцооны системийг ямар ч үед тасралтгүй, сааталгүй ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй ажиллаж байсан. Иймээс онцгой хүнд нөхцөл байдал үүссэн үед “Нөөц төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх журам боловсруулж мөрдүүлсэн. Энгийнээр хэлэхэд, эдийн засгийн гэнэтийн хүндрэл гарлаа гэхэд энэхүү төлөвлөгөөг “дугтуй”-наас задлан холбогдох бүх арга хэмжээг хэн нэгнээс шалтгаалсан хүлээлт үүсгэхгүйгээр зохицуулах ёстой. Тухайлбал, хариуцсан ажилтнууд даргын зөвшөөрөл, гарын үсэг авах гэж цаг алдах шаардлагагүйгээр, ажлын бус цаг, амралтын өдөр гээд аль ч үед асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх эрх хангагдсан төлөвлөгөөт үйл ажиллагааг авч хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл ийм тохиолдолд  мөрдөх хэм хэмжээг тусгасан төлөвлөгөөнд гарын үсгүүдээ урьдчилан зурж бэлтгээд, лацдаад тавьчихсан гэсэн л үг юм даа.

-Монгол Улс өмнө нь ийм төрлийн гэнэтийн хүндрэлтэй тулгарч байв уу? Онцгой төлөвлөгөөг ашиглаж байсан туршлага бий юу?

-Гэнэтийн нөхцөл байдлын төлөвлөгөөг анх Монголбанканд нэвтрүүлж байх үед Монгол Улсын хэмжээнд банк хоорондын бага дүнтэй төлбөр тооцооны системд  алдаа гарч, саатсан юм. Тухайн үеийн газрын захирал туршлагагүйн улмаас  лацтай дугтуйгаа онгойлгоод  өөрт нь олгогдсон эрх үүргийн хүрээнд ажилтнуудаа ажиллуулаагүйгээс цаг алдсан зөрчил гарч олон хүнийг дайчлан шөнөжингөө ажиллаж, өглөө гэхэд асуудлыг шийдвэрлэж байсан. Тэгэхээр аливаа эрсдэлд бид бэлэн байхад онцгой анхаарууштай. Эдийн засгийн гэнэтийн эрсдэл нь аль салбарт нөлөөлж болох вэ гэдгийг урьдчилан харах нь чухал. Заавал Засгийн газар хуралдаад байхгүйгээр салбар хариуцсан сайд нар онцгой нөхцөлд тусгайлан олгогдсон онц бүрэн эрхтэйгээр ажиллах нөөц төлөвлөгөө бүхий тогтолцоо хэрэгтэй. Яам, эмнэлэг, аж ахуйн нэгж гээд бүхий л байгууллага гэнэтийн давагдашгүй хүчин зүйл, хүндрэлийн үед хэрэглэх төлөвлөгөөг нэвтрүүлэх нь чухал.

-Онцгой байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гэж бий шүү дээ.

-Тиймээ. Манайд онцгой байдлын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө гэж бий. Гэхдээ эдийн засгийн “ХАР ХУН” гэдэг нь байгалийн гамшгийн, тухайлбал газар хөдлөлт зэргээс өөр л дөө. Хор нөлөөний цар хүрээ, хугацааг тодорхойлж тогтоох боломж хязгаарлагдмал байх тийм онцгой төсөөлөх боломжгүй нөхцөл байдал. Монголд корона гэх титэмвирусийн тархалт хэр зэрэг өргөн хүрээтэй тархаж болох вэ, тархсан тохиолдолд юу хийх ёстой вэ гэдэг нөөц төлөвлөгөө бэлэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн эрсдэлийг тодорхойлж, 10 хувиар нөлөөлбөл авах арга хэмжээ нь 20 хувиар нөлөөлбөл авах арга хэмжээнээс өөр байх учиртай юм.

-БНХАУ банк санхүүгийн чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ? Бид юуг суралцах учиртай вэ?

-БНХАУ-ын хувьд туршлага байгаа учраас хүндрэлтэй нөхцөл байдалд бэлэн ажиллаж байна гэж би харж байгаа. Хятад улс 17 жилийн өмнө “SARS”-тай учирч байсан. Тухайн үед дэлхийн эдийн засагт 40 тэрбум ам.долларын хохирол учирч, дэлхийн ДНБ нэг хувиар саарч байсан. Хятад улс “SARS”-ийн үед эдийн засгаа сэргээх хугацаа нь жил хагасаас жил есөн сар байсан. Энэ бол бага хугацаа биш. Хятадын Төв банк хөрөнгийн захын тогтвортой байдлыг хангах зорилгоор банкуудад 1,2 их наяд юан ( 173 тэрбум доллар)-ийг богино хугацаатай бондын төлбөр түргэн төлөгдөх чадавхийг сайжруулахад зориулан зээлдүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн гүйлгээн дэх мөнгөн тэмдэгтүүдээ ариутгах ажлыг зохион байгуулаад байгаа. Хятадын томоохон банкууд жижиг бизнес эрхлэгчдийг дэмжихээ илэрхийлж, зээлийн үндсэн төлбөрийн төлөлтийг түр хойшлуулан, зөвхөн зээлийн хүүг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Зээлийн картны хураамжаас нь бас чөлөөлсөн гэсэн.

-Ийм үед бид ямар арга хэмжээ авах учиртай вэ?

-Хэрэв манай даатгалын салбар сайн ажилладаг байсан бол дээрх эрсдэлүүдийг хаах боломж байсан. Коронавирусийн халдвар нь манай улсад ханиад, томуугийн дэгдэлт нэмэгддэг үетэй давхацсан. Нөхцөл байдал ямар ч байсан эрүүл мэндийн даатгалын зэрэгцээ гэнэтийн ажил зогссоны зэрэг даатгалын систем хөгжсөн бол асуудал гарахгүй. Гэхдээ коронавирусийн аюул бидэнд сургамж боллоо. Цаашид даатгалын байгууллагатай хамтарч даатгалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх ажлыг сайтар хийх шаардлагатайг харуулж байна.

-Энэ цаг үед аж ахуйн нэгж, иргэдэд ямар зөвлөмж өгөх вэ?

-Санхүүгийн өндөр сахилга бат хэрэгтэй. Хэмнэлтийн горимд шилжин, тэвчих боломжтой зардлуудаа зогсоож, алдсан боломжуудаа нөхөх ажил хийх шаардлагатай. Олон компаниуд ажилчдадаа ээлжийн амралт өгч байгаа нь сайшаалтай. Ер нь цалинтай чөлөө олгож, цахим сургалтаар ажилчдаа хөгжүүлэх нь зүйтэй. Тэгэхээр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тухайн ажилтнаа эрүүл мэнддээ анхаарах, компанийн ирээдүйн зорилгод бэлэн байхад анхаарах хэрэгтэй. Хүн төрөлхтөн өвчнийг даван туулна. Үүнд өөрийн оролцоог хангах, тус нэмэр болох, сэтгэлзүйгээ бэлэн байлгах гээд олон дэмжлэг иргэдэд хэрэгтэй байгаа. Өөрөөр хэлбэл, компаниуд алдагдсан боломжоо эергээр харахыг зөвлөх байна. Хорио цээрийн дэглэм зогслоо гэхэд ажилтнууд илүү урам зоригтойгоор ажилдаа ирэх бололцоог бий болгох нь чухал. Нөгөө талаар эдийн засгийн орлого тасалдах хүндрэлтэй энэ үед хувь хүмүүс санхүүгээ зөв удирдах ухаанд суралцах хэрэгтэй.

-Зарим улстөрч хорио цээрийн дэглэмийн үед зээлийн үндсэн төлбөр, хүүгээс чөлөөлөх ёстой гэж байгаа. Тийм боломж бий юу?

-Зүй нь даатгалын зөв тогтолцоо л энэ асуудлыг шийдэх байсан. Түр хугацаагаар ажиллах боломжгүй болсонтой холбоотой даатгалаас зээлээ төлүүлэх байсан. Уг нь  ипотекийн зээлүүд даатгалтай шүү дээ. Иймээс даатгалын гэрээг байгуулахдаа түр саатал зогсолтын нөхцөлийг гэрээндээ тусгасан эсэхийг шалгах хэрэгтэй. Иргэд зээл авахдаа өөрт учирч болох бүхий л эрсдэлүүдээ ойлгосон, тооцсон байх ёстой. Ер нь банкны байгууллага зээл олгохоосоо өмнө иргэдэд эрсдэлийн талаар сайтар  зөвлөдөг байхыг үүрэгжүүлж хэвшүүлмээр байна. Зээлдэгч зээлээ төлж чадахгүй бол банк хүндэрч,  хадгаламж олгож чадахгүйд хүрнэ шүү дээ. Банкны зээл нь программчлагдсан байдаг болохоор зээлээ төлөөгүй тохиолдолд автоматаар хугацаа хэтэрсэн зээлд шилждэг. Иймд банкууд эрсдэлийг мэдэрч, иргэдтэй хамтарч ажиллах байдлаар асуудлыг даван туулж болно. Зарим орны туршлагаас хэлье. Өмнөд Солонгосын хувьд жижиг бизнес эрхлэгчдэд нэг жилийн хугацаатай  500 сая вонын зээлийг хүүгүй, гарааны бизнес эрхлэгчдэд 20 сая вонын зээлийг 5 жилийн хугацаатай, хүнсний болон жижиглэнгийн хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 5 хүртэл жилийн 10 хүртэл сая  вонын зээлийг 4,5 хувийн хүүтэй олгох шийдвэрийг хэрэгжүүлж эхэлсэн байна лээ шүү.

-Хэрэв коронавирус орж ирлээ гэхэд манай эдийн засаг даван туулах чадамжтай юу?

-Засгийн газар сүүлийн хэдэн жил эдийн засгийн дархлаагаа сэргээж чадсан нь давуу талтай. Гадаад өрийн дарамтаас улсаа гарган, хямралыг арилгаж, макро түвшинд тогтворжилтыг бий болгосон нь үнэхээр сайшаастай. Бид өвчний голомтын дэргэд байрладаг хэдий ч өвчилсөн тохиолдол алга. Эрүүл мэндийн салбарынхан маань Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран бэлтгэл хангаж байгаа тухай байнга мэдээлж байгаа. Тиймээс иргэд сандарч хүнсний бүтээгдэхүүн нөөцлөн хуримтлуулах зэргээр зах зээлд тогтворгүй байдал бий болгохгүй байх нь чухал байна.

- Иргэдийн үүрэг эдийн засгийн сөрөг нөлөөллийг арилгахад маш чухал байх нь ?

-Тиймээ, хувь хүний иргэний үүрэг хариуцлага маш чухал. Иргэд маань хуурамч ташаа мэдээлэлд автахгүй байх, анхаарал сонор сэрэмжтэй, цэвэрч байх,  өөрсдөө маскаа оёж олон нийтийн газар  байнга зүүх, эрүүл хооллох, дасгал хөдөлгөөн хийх, эерэг зөв хандлагатай байх, байгаль цэвэр агаарт гарах зэргээр өөрийгөө гэр бүлээ хамгаалах энгийн аргуудыг хэрэглээсэй гэж хүсэх байна. Цагаан сараар үндэсний брэнд бүтээгдхүүнээ дэмжин бэлгэнд авах нь улс орныхоо хөгжилд оруулж байгаа хувь нэмэр. Бас мөнгөн тэмдэгт төгрөгөө бэлэглээрэй. Цахим золголт, цахим төлбөр тооцоог дээдлээрэй!

Хэрвээ энэ өвчин орж ирвэл дөнгөж сэргэж байгаа эдийн засаг маань уруудна. Иймээс эдийн засаг санхүүгийн эрсдэлүүдийг тодорхойлон тогтоож, эрсдэлийг хянаж удирдах, онцгой байдалд ажиллах эдийн засгийн нөөц төлөвлөгөөнд шилжих хэрэгтэй. Эдийн засгийн “ХАР ХУН”-тай тэмцэхийн тулд иргэдээс эхлээд Засгийн газрын бүх түвшинд санхүүгийн өндөр сахилга баттай байж, тэвчих боломжтой бүх зардлуудыг хэмнэж чадвал коронавирусын хямралыг хохирол багатай даван туулж чадна.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зГ(43.242.243.87) 2020 оны 03 сарын 30

Вирусын эсрэг ЗГ сайхан шийдвэрүүд үе шаттай авч байна. хэлж ярьж байхад илүүдэхгүй гэдгийг харууллаа

0  |  0
b(66.181.179.249) 2020 оны 02 сарын 21

za ene hugshin avgai ediin zasag medne gej yu baidgiin,\nsonguuil muruuduj baigaa tsarai ni ene\nodoo bid iimerhuu balai yumnuudaas salah tsag bolson

0  |  0
Цагаан хун (66.181.178.127) 2020 оны 02 сарын 20

Эдийн засгийн ийм ойлголтыг ойлгуулсан схн ярилцлага бн

1  |  0
Хятад(66.181.178.127) 2020 оны 02 сарын 20

Хятадын томоохон банкууд жижиг бизнес эрхлэгчдийг дэмжихээ илэрхийлж, зээлийн үндсэн төлбөрийн төлөлтийг түр хойшлуулан, зөвхөн зээлийн хүүг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Зээлийн картны хураамжаас нь бас чөлөөлсөн гэсэн.

0  |  0
Өмнөд солонгос (66.181.178.127) 2020 оны 02 сарын 20

Өмнөд Солонгосын хувьд жижиг бизнес эрхлэгчдэд нэг жилийн хугацаатай 500 сая вонын зээлийг хүүгүй, гарааны бизнес эрхлэгчдэд 20 сая вонын зээлийг 5 жилийн хугацаатай, хүнсний болон жижиглэнгийн хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 5 хүртэл жилийн 10 хүртэл сая вонын зээлийг 4,5 хувийн хүүтэй олгох шийдвэрийг хэрэгжүүлж эхэлсэн байна лээ шүү.

0  |  0
Хар хун(66.181.178.127) 2020 оны 02 сарын 20

ХАР ХУН”-тай тэмцэхийн тулд иргэдээс эхлээд Засгийн газрын бүх түвшинд санхүүгийн өндөр сахилга баттай байж, тэвчих боломжтой бүх зардлуудыг хэмнэж чадвал коронавирусын хямралыг хохирол багатай даван туулж чадна.

0  |  0
Dondog(64.119.23.209) 2020 оны 02 сарын 20

Helbert avtsan zuntson emee. Odoo boliochee, bankny deeremchin

0  |  0
ZOCHIN(180.150.82.77) 2020 оны 02 сарын 20

HUNII AMDARSAN TUUH N HEN N HEN BE GEDGIIG HELJ UGDUG. LUIVAR HIISEN SANAGDAJ BNA.ENE HUN ODOO UURTUU IH OLON SAIHAN GUNSHINTAI.GADNII HUNIIG L ZALILSAN BILUUDEE...HUURHIIHUU...LUIVARCHID URGELJ MUNHUD ZUSEE HUVIRGAAD L.

0  |  0
Zochin(64.119.21.57) 2020 оны 02 сарын 20

Ene avgai songyyld oroh yum bh daa uuriiguu reklamdaad baidag bolj

0  |  0
suh(202.9.46.21) 2020 оны 02 сарын 20

Yun aimar nertei ym be

0  |  0
Top