Ливан ДЕФОЛТ зарлалаа буюу БИД юу сурах вэ...

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 05

Одоогоос таван сарын өмнө Ливан улс өөр зээл, түүнээс шалтгаалсан эдийн засгийн хүндрлээс шалтгаалан дефолт зарласан. Өчигдөр Ливан улсын нийслэл Бейрут хотод хоёр удаа дэлбэрэлт болж одоогоор 78 хүн амиа алдан, 4000 гаруй хүн бэртээд байна. Ливан улсын дефолт зарласан шалтгаан нь өнөөгийн Монголын нөхцөл байдалтай зүйрлэн бичиж байсан нийтлэлийг та бүхэнд дахин хүргэж байна. 


Ливан улс дефолт зарлалаа. Газрын тосны чамгүй нөөцтэй энэ улс гаднын хандивлагч улсуудаас 20 жил зөвлөгөө сонсож, европын хэдэн улсаас тэтгэмж авч тэжээлгэсний эцэст анх удаагаа дефолт зарлав. Европын зах зээлээс босгосон 1.2 тэрбум ам.долларын бондыг эргүүлэн төлөх чадалгүй болсон тул тэд ийм шийдвэр гаргалаа. Улс орных нь авдар хоосрох дээрээ тулаад байгаа энэ улсын гол буруутан нь хэн бэ гэж үү, мэдээж хэрэг төр. Засаглаж чадахгүй төр, улс төрийн үзэл баримтлал нь мэдэгдэхгүй хэтэрхий тэмцэлтэй улс төр, хэтэрхий шашинжсан соёл, эдийн засгийн мэдлэггүй бодлого зэрэг нөлөөлсөн. Үүнийг нь учир мэдэх, түрийвч зузаантай гаднынхан хоёр арван дамнан сануулсан ч улстөрчид нь тоохгүй байсаар дефолт зарлаж байгаа нь энэ.

Тэнд байгаа Ливан

Монгол, Ливан хоёр ялгаатай гэхэд хэтэрхий ялгаатай улс, үндэстэн. Нэг нь Азийн баруун хэсэгт, нөгөө нь төв азийн цээжинд оршино. Нэг нь шашин, соёлын маргаантай байдаг бол нөгөө нь энэ тал дээрээ хэтэрхий тайван. Нэг нь 6.8 сая хүн амтай, нөгөө нь 3.2 сая хүн амтай. Нэг нь газар нутгаараа Монгол Улсын талтай нь ч тэнцэхгүй. Энэ мэт ялгаатай зүйлс олон. Гэхдээ юу гээч хэт ялгаатай энэ хоёр улс даацаас хэтэрсэн өр, засаглаж чадахгүй төртэй гэдгээрээ дэндүү адилхан. Дэндүү адилхан дутагдалтай энэ хоёр улсаас Ливан нь түрүүлээд дефолт зарлачихлаа.

Гадаадаас тусламж авсаар байгаад сүүлийн 10-аадхан жилийн дотор энэ улсын өр 90 тэрбум ам.доллар болчихсон. Дээр нь энэ онд евро бондын 1.2 тэрбум ам.долларын өр төлбөр төлөх байсан тул ийнхүү аргагүйн эрхэнд дефолт зарлахад хүрсэн юм. Арга ч үгүй юм даа. Гаднын элдэв бонд босгож өр цуглуулсан энэ ард түмэн хэтэрхий ойлгомжгүй газрын тосны салбараа ч, өдрөөс өдөрт төсөвт өртөг нь нэмэгдэж буй эрчим хүчний салбараа ч өндийлгөж чадаагүй. Энэ хооронд хэтэрхий зөрчилтэй Ливан улсад улс төрийн нам хүчний тоо тэнгэрт тултал нэмэгсээр 116-д хүрчээ. Хэтэрхий олон биш гэж үү. Энэ олон нам нь шашин, соёл, улс төрийн үзэл баримтлалын хувьд ондоо тул улс төрийн тэмцэл тасардаггүй. Эдийн засгийн чадамж доройн дээр, улс төрийн байдал хурцадмал тул тэнцвэрийг нь хадгалахын тулд эрх баригчид нь хандивлагчдаас босгосон хэдээ улс төрийн намууддаа тэгш хуваарилах бодлого баримталдаг аж. Арга ч үгүй юм даа. Иргэний дайны утаа Ливаны тэнгэрээс сарниад төдийлөн удаагүй байгаа тул ингэхээс ч өөр арга байхгүй.  Биднийг ардчиллын гал тулгандаа ноцоох гэж байсан 90-ээд оны үед Ливанчууд иргэний дайнаа дуусгах гэж хичээж байсан үе. Тиймээс ч улс төрийн хувьд тогтворгүй байсаар өдийг хүрчээ. Одоо төлж чадахгүй дээрээ тулаад байгаа 90 тэрбум ам.долларын өрийн 68-ыг нь иргэний дайн эцэслэсний дараа тавьсан гэж бодохоор энэ улсад чадамжтай төр байсан, байгаа эсэх нь эргэлзээтэй.

Эдийн засгийн чадамж доройн дээр, улс төрийн байдал хурцадмал тул тэнцвэрийг нь хадгалахын тулд эрх баригчид нь хандивлагчдаас босгосон хэдээ улс төрийн намууддаа тэгш хуваарилах бодлого баримталдаг аж.

Ливаны Ерөнхий сайд Хассан Диаб дефолт зарласан шалтгаанаа улс орныхоо тулганы галыг унтраачихгүй, ард түмнээ хоослохоос урьдчилан сэргийлсэн үйлдэл гэж тайлбарласан. Хэдийгээр Ливаны банк санхүү, худалдаа, тээвэр, харилцаа холбооны томоохон компаниуд дефолт зарлахаа азнаад хувийн компани, санхүүгийн нэгдлүүдтэй хамтран зээлдэгч орнуудтай хэлэлцээрийн ширээний ард суух ёстой гэж үзэж байсан ч Засгийн газар нь эцсийн мөчид дээрх шийдвэрийг гаргалаа. Улс орныхоо эдийн засагтай адилаар Ливаны хувийн компаниуд ч мөн адил гаднын хөрөнгө оруулагчдын халаасан дахь хэдээр л хэтэрхий зөрчилтэй улсдаа оршин тогтнож байгаа. Тус улсын арилжааны банкнууд  нэгж хадгаламж эзэмшигчийн авах ёстой дээд дүнг тогтоон, валютын шилжүүлэг хийхийг түр хугацаанд зогсоожээ. Ийм албан бус капиталыг хязгаарлах оролдлого нь эдийн засгийн хүнд байдалд орсон улс гүрнүүдэд л хэрэгждэг гэдгийг санахад илүүдэхгүй. Одоогоор Ливаны Засгийн газар зээлдэгчидтэй хэлэлцээрийн ширээний ард суух ажлын хэсэг байгуулж энэ сарын сүүлээр уулзахаар болжээ.

Уг нь Ливанд мөнгөтэй зээлдэгч улсууд дефолт зарлах эрсдэлтэй гэдгийг олон жил сануулсаар ирсэн. Улсын татаасыг бууруулж, албан татварыг нэмэгдүүлэн, албан тушаалтнуудын үргүй зардлыг бууруулж, данхгар төрийн тогтолцоог багасгаж, авлига, албан тушаалын хэргийг бууруулах зөвлөгөө өгсөн хэдий ч биелүүлэхгүй байсаар өдийг хүрчээ. Олон улсын валютын сан санхүүгийн хэд, хэдэн хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа зарласан ч “эх оронч” намууд нь эсэргүүцсээр өдийг хүрээд байна.

Энд байгаа Монгол

Энд байгаа монголчууд сонгуулийн үнэр ханхийсэн хэрүүлтэй жалгандаа чулуу сандайлчхаад шилээ маажаад сууж байна. Дэндүү гэмээр ижилхэн албан тушаалтнуудын тансаглал буурч, төсвийн сахилга батгүй байдал засагдаж, өрийн менежмент сайжирсангүй. Яг л дүлий дүмбэ царайлсаар дефолт зарласан Ливаныхаа араас шороо манаргасаар явна.

Ирэх жил бид 10.8 хувийн хүүтэй 500 сая ам.долларын “Мазаалай бонд”, 2022 онд 5.1 хувийн хүүтэй нэг тэрбум ам.долларын  “Чингис бонд”, 2023 онд 5.6 хувийн хүүтэй 800 сая ам.долларын “Гэрэгэ бонд”, 2024 онд 8.7 хувийн хүүтэй 600 сая ам.долларын “Хуралдай бонд”-ыг төлнө. Өөр бусад өр төлбөр, гадаадын хөнгөлөлттэй зээл нийлээд 11. Тэрбум ам.долларын өр төлбөр бий. Ядаж байтал эхний өрийн өмнө сонгууль болох гэж байгаа нь Олон улсын валютын сангаа дахиад бараадах уу, ширэн нүүрлээд дефолт зарлах уу гэсэн хоёр зөрлөгийн өмнө Монгол Улсыг аваачлаа. Энэ нөхцөл байдалд МАНАН гэж нэгнээ шорддог шинэ, хуучин улстөрчид нөлөөлсөн гэдгийг мартах учиргүй.

Ливан 90-ээд онд иргэний дайнаа дуусгаж байхтай зэрэгцсэн ардчилсан өөрчлөн байгуулалтаас хойш Монгол Улс ДНБ-нийхээ 80 гаруй хувьтай тэнцэх хэмжээний өрийг тавьж орхижээ. Тиймдээ ч мөнгөгүй болоод ирэхийн цагт Олон улсын валютын санг бараадсаар ирсэн. Бүр дөрвөн ч удаа шүү. Сүүлийн удаа бид 2017 он өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдан 2020 оны сүүлээр дуусах гэж байна. Энэ хооронд ОУВС-аас зөвлөсөн төсвийн сахилга батыг чандлан сахих гэдэг томоохон зөвлөмжийг дагалгүй өдийг хүрлээ. Яав ч сайны дохио биш. Ядаж байтал бид FATF-аас тогтоосон саарал жагсаалтад багтчихаад байдаг. Гэхдээ бас анх удаагаа биш ээ. Байгалийн баялгаараа олны анхааралд өртөн, эдийн засаг нь цойлоод байсан 2013 онд саарал жагсаалтад багтаж байлаа. Тухайн цаг үед Эрүүгийн байцаан шийтгэх хуульд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаар тусгаагүй, бодлогоор анхаараагүй гэх шалтгаанаар саарал жагсаалтад орж байв. Гэвч бид төд удалгүй 2014 оны нэгдүгээр сард саарал өнгөө сольж чадсан юм. Хэдийгээр эдийн засгийн өсөлтөөрөө олны анхааралд өртөж байсан ч эдийн засгийн чадамж нь өнөөгийнхтэй харьцуулахад бага байсан учир доргио, савлагаа үүсгэлгүй бүтэн өнгөрсөн түүхтэй.

Саарал жагсаалтад багтсанаас хойш улс төрчид буруугаа хүний, өөрийн намд чихсээр, ордон дотроо хэрэлдсээр сууна.

Энэ удаад бид бодлогын томоохон өөрчлөлт хийж чадаагүй, авлига, албан тушаалын хэргийг шүүхээр шийдвэрлэсэн тоо бага, авлигатай хүч, нөлөөтэй тэмцэж чадахгүй байгаа, ойлгомжгүй хэд, хэдэн гүйлгээг Хойд Солонгосын удирдлагуудтай хийсэн, банк бус санхүүгийн байгууллагыг хянах тогтолцоо сул, улстөрчид байгууллагуудаар дамжин мөнгө угааж байх магадлалтай гэж үзэн саарал жагсаалтад багтаалаа. Монгол Улсын тухайд мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж, шүүхээс ял авсан тохиолдол бараг бүртгэгддэггүй нь олон улсаас нэлээд шүүмжлэл дагуулдаг. 2011 оноос хойш долоон жилийн хугацаанд нийт 4345 хүнийг мөнгө угаасан байж болзошгүй гэж үзэн шалгаж, 46 хэрэг мөрдөн шалгах шатанд шилжсэн байна. Гэсэн ч дөнгөж хоёр хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгожээ. Үүнийг манай улсад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо сонгодог утгаараа ажиллахгүй, хэрэгжилт хангалтгүй байгаа гэж олон улсын байгууллагууд дүгнэх болсон байна. Саарал жагсаалтад багтсанаас хойш улс төрчид буруугаа хүний, өөрийн намд чихсээр, ордон дотроо хэрэлдсээр сууна.

Төгсгөлийн оронд

Мөхөс миний бичиглэл ингээд эцэслэж байгаа ч хөндсөн сэдэв маань дуусах яагаа ч үгүй байна. Эцэст нь сонгууль болдгоороо болно. Монгол Улсын амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Ливан тэнд дефолт зарлачихлаа. Одоо бид 2024 он хүртэл бондуудын өр, төлбөрөөр дараалж төлнө. Олон улсын шинжээчид төлбөрийн чадамжгүй Монгол Улс байдгийнхаа баруун хаяаг /ОУВС/ бараадна гэж таамаглаж буй. Гэвч эрх барьж буй, сонгуульд өрсөлдөх гэж буй улс төрийн хүчнүүд өөрсдийнхөө хүчээр барагдуулна гэж попорч байгааг сануулах нь илүүц биз.

Дефолт зарлаж бараалгахгүй байх үүрэг нь улстөрчдийнх. Тиймдээ ч тэд монголоо бодож сэрсээр долоо дахь сонгуультайгаа золгож байна. Өрийн даацаа багасгаж, санхүүгийн цоорхойгоо битүүлж, саарал жагсаалтаас гарч, төсвийн сахилга баттай байхгүй бол дефолт зарлахад ойртоод ирлээ. Нэгэнт дефолт зарлах дээрээ тулбал улстөрчдийн “эх оронч” үг гонжоомтой цэцэрхэгчдийн цээжинд үлдэж, лайг нь ард түмэн бид үүрнэ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.88.206) 2020 оны 03 сарын 15

ливан юу гэж дуудах нь гол биш дефолтод хэн хүргэв цаашид яах вэ гэдэг байна.

0  |  0
Зочин(202.55.188.43) 2020 оны 03 сарын 14

Бид ѳѳрсдийн толгойгүй явж ирсэн учраас оросыг дуурайж мѳѳрж ирсэн хэрэг. Одооноос ѳѳрсдийн толгойгоо ашигладаг болцгооё гэсэн санаа. Нэг хэсэг оросыг л дуурайж дуугарахгүй бол бид хэнийг ч байсан хуцлаа л гэж дүгнэдэг байжээ. Тэр улс ѳѳрийн орны нэрийг юу гэж дуудаж байгаа үндсэн хэллэгээр нь бичиж тэмдэглэхийг хичээх нь ѳѳрѳѳ бас нэг соёл юм.

0  |  0
oogii(202.9.46.76) 2020 оны 08 сарын 05

Ливан Lebanon ялгаагүй ш дээ ккк нэг нь илүүтэй англиар уншдаг биз бид Орос маягаар Ливан гэдэг биз монгол улсыг зүүн азийн улс гэдэг гадаадууд. Харин дэфолтын сөрөг талуудыг илүү бичих байх гэж бодсон дурьдаад орхичихсон байна. Сүүлийн үед тэнгэрийн зам төслөөр баахан зээл авах гээд байх юм яана даа ард түмэн л төлнө ш дээ.\n

1  |  0
2 тэнэг бацаан(182.160.1.110) 2020 оны 08 сарын 05

2 т1 бацаан Либанон гэж улс гэнэ үү. Элий балайнууд минь тэрийг чинь бид Ливан гэж нэршээд ирсэн юм.

3  |  0
хахах(43.228.129.86) 2020 оны 08 сарын 05

Либанон гэдгийг Ливан гэдэг мангараа ном унш, юм үзэж, нүд тайл, лалар шиг юмны ардаас хуцдагаа боль

1  |  0
Зочин(202.55.188.43) 2020 оны 08 сарын 05

1-рт Либанон гэж улс. 2-рт манай улс тѳв азийн цээжинд оршдоггүй. Бид л ѳѳрсдѳѳ тэгэж боддог болохоос дэлхий дахин биднийг зүүн Азийн орон гэж тодорхойлдог юм. Монголчуудад ойлгуулах хамгийн чухал зүйл бол аливаа улс дефолт зарлахаараа яадаг вэ. Улмаар дампуурвал яадаг вэ гэдгийг суурь үндсээр нь ойлгуулж таниулах чухал. Манай нүүдэлчин үндэстэн дампуурна гэдгийг нэг их ач холбогдол ѳгѳхгүй байгаа газраасаа гэрээ ачаад нүүхэд л болчих асуудал гэж ойлгодог. Дуртай газраа очоод амьдрахад л асуудал шийдэгдэнэ гэж үнэнээсээ итгэдэг.

0  |  2
Top