О.Бадарч: Цогтцэций сумын багахан бэлчээрийн талбайг малчид ашиглаж чадахгүйд хүрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 24

ТВ8 телевизийн “Экологийн цаг” нэвтрүүлэг хариуцлагагүй уул уурхайтай холбоотойгоор телевизийн цуврал хэлэлцүүлэг өрнүүлж байгаа билээ. Өмнөх дугааруудад уран олборлолтын үйл ажиллагаанаас үүдэн гарч буй хор хөнөөл болон “Страто” компанийн нүүрс тээврийн асуудлыг хөндсөн хэлэлцүүлэг, газар дээрээс нь хийсэн сурвалжлагуудыг хүргэж байсан. Тэгвэл өчигдрийн дугаартаа “Экологийн цаг” нэвтрүүлгийн сэтгүүлч Х.Мандахбаярын Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарчтай хийсэн ярилцлагыг нэвтрүүлсэн юм. Ингээд тус ярилцлагыг тоймлон хүргэе.

-“Страто” компани УОК-ын шийдвэрийг зөрчин нүүрс тээвэрлэсэн тухай мэдээлэл гарсан. Энэ яг ямар учиртай юм болсон бэ?

-Улсын онцгой комиссоос үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан орон нутгийн тээвэр, зорчигч хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасныг би энэ сарын 10-ны өглөө мэдээллийн хэрэгсэлээс аваад дээрээс бичиг цаас хүлээлгүй сумын Онцгой комиссыг хуралдуулсан. Яаралтай арга хэмжээ авах асуудал шүү дээ. Аймгийн Онцгой комиссоос Дорноговь аймагт алт ухаж байгаа нинжа нар Өмнөговь руу орж ирж байгааг илрүүлэх хүртэл ажил ярьж байсан үе шүү дээ. Тийм учраас Тавантолгойн ордоос нүүрс тээвэрлэж манай сумын нутаг дэвсгэр хийгээд Дорноговь аймгаар дамжиж Говьсүмбэр аймгийн чиглэлд явдаг “Страто” компанид “Та нар ачилт битгий хий, энэ хорио цээрийн үед ямар ч байсан үүнийг хязгаарлая” гэдэг чиглэл амаар өгөөд дараа нь албан бичиг өгсөн. Тухайн үед Францын иргэнээс коронавирус илрээд явсан газрынх нь маршрутыг гаргасан байсан шүү дээ. Гэтэл “Страто” компанийн тээврийн жолоочид тэр маршруттай давхардсан чиглэлээр явдаг. Тэдэнд Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа зөвлөмжүүд хэрэгжиж байгаа юу гэдэг дээр ямарч тодорхой юм байхгүй. Говьсүмбэрт очсон жолооч тэнд ачаагаа буулгаад тодорхой хугацаанд орон нутагт байж байгаад буцаж байгаа. Хаагуур явсан талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй. Нөгөө 500-гаад гэж яригдаж байгаа хавьтагч нарын тоонд орохыг үгүйсгэхгүй аргагүй. Нөгөө талаар Говьсүмбэрийн тээвэр чинь яг Цогтцэций сумын нутгаар 70-аад км газрыг туулна. Туулахдаа дандаа шороон замаар явж асар их тоосжилт босгож агаарт бохирдол үүсгэж байгаа. Цогтцэций сумын нутаг дэвсгэр Дундговь аймгийн отрын таваас, зургаан сумын нутгаар дамждаг. Манай суманд явж байгаа зам дагуу нь л гэхэд 30 гаруй өрхийн хүн ам, 60-70-аад мянган толгой мал бий. Энэ нөхцөл байдал нь мөн тээврийг зогсоох үндэслэл байна гэж үзэж би албан бичиг өгсөн юм.

-Гэхдээ компанийн зүгээс УОК-т гомдол гаргасан гэж ойлгосон?

-Ш.Батдэлгэр гэж гүйцэтгэх захиралтай “Маш богд групп” гэж компани байна л даа. Энэ хүн УОК-т гомдол гаргасан. Ш.Батдэлгэр бол өнгөрсөн жил “Страто” гэдэг компани орон нутагт хууль бус үйл ажиллагаа явуулж эхлэхээс бүх үйл ажиллагаанд нь оролцож явсан хүн.

-Та хуулийн дагуу үнэн зөв л бол юу ч ярьж болно шүү дээ.

-Энэ “Страто” гэдэг компанийн нүүрс тээврийн асуудлыг гэрээтэй гүйцэтгэдэг “Их дэлдмэл энгүүн” гэж компани бий. “Их дэлдмэл энгүүн”-ий захирал Ш.Батдэлгэр гэсэн гарын үсэгтэй бичиг надад ирдэг байсан. Одоо болохоор “Маш богд групп”-ын захирал гээд бичиг ирж байгаа юм л даа. Тэр УОК-т гаргасан бичгийн гол санаа нь намайг УОК-ын аравдугаар хуралдааны 4.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчжээ гэж буруутгасан байсан. “Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарч нь УОК-ын шийдвэрийг буруу тайлбарлаж, үндэслэлгүйгээр нүүрс тээврийн үйл ажиллагааг зогсоож аж ахуйн нэгжүүдийн ажилд маш их хүндрэл, хохирол учруулж байна. О.Бадарчийн албан бичгээр зогсоосон чиглэлд дөрвөн компани тээвэрлэлт хийдэг бөгөөд нүүрс тээвэрлэх тээврийн хэрэгсэлд ачилт хийгдэхгүй, ачаатай болон ачаагүй машинуудыг зам дагуу хорьж явуулахгүй саатуулсан байна” гэсэн байна лээ. “Тийм учраас энэ О.Бадарчийн хууль бус үйлдлийг таслан зогсоох, нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн явах арга хэмжээг авч өгнө үү” гэж УОК-т гомдол гаргасан байгаа.

-Гомдол гаргаж болно шүү дээ?

-Энэ гомдлын дагуу аймгийн Засаг дарга Н.Наранбаатарт УОК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Г.Ариунбуян гэдэг хүнээс бичиг иржээ. Тэр бичигт “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарч нь тус сумаас Дорноговь, Говьсүмбэр чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн ажиллагааг гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоох мэдэгдэл гаргажээ. Тус Засаг даргын шийдвэр нь УОК-ын аравдугаар хурлын шийдвэрийг зөрчсөн тул тус шийдвэрийг хянаж буруутай этгээдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож УОК-т мэдэгдэнэ үү” гэсэн байсан. Би аймгийн Засаг даргад тайлбарласан. Шийдвэр гаргах үед УОК-ын шийдвэр гарт ирээгүй байсан, хоёрдугаарт энэ тээвэр байгаль орчинд ямар хохирол үзүүлж байгааг хэлсэн.

-Ер нь “Страто” компани энэ нүүрс тээврийн зөвшөөрлөө яаж авсан юм бол?

-Анх А.Баттүшиг гэж захиралтай энэ компани тээврийн маршрут батлуулах тухай гээд Зам, тээврийн хөгжлийн тухайн үеийн сайд Я.Содбаатарт хандсан байдаг. Нүүрс тээвэрлэхийн тулд хуулиараа орон нутгийн чанартай биш улсын чанартай зам болох ёстой. Тэр хүсэлтэд нь “Манай компани Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо сумын нутаг дэвсгэрт жилд 1.5 сая тонн нүүрс угаах баяжуулах хүчин чадал бүхий үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Баяжуулах нүүрсийг Өмнөговь аймгийн Тавантолгойн ордоос нүүрс тээвэрлэнэ. Говьсүмбэр аймгийг дамжин Замын-Үүдээр Эрээн хот дамжин экспорт хийгдэхээр төлөвлөж байна. Ийм учраас тээвэрлэлт хийх маршрутыг баталж өгнө үү” гэсэн байдаг. Замын зэрэглэлийг өөрчлөх эрх нь яаманд байгаа. Түүнийг шийдэхэд орон нутгийн санал авах ёстой юм. Тэр дагуу Я.Содбаатар сайд “Страто” компанийн хүсэлтийг судалж, саналаа ирүүлнэ үү гэсэн бичиг аймаг руу явуулсан байдаг. Аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяраас 2019 оны хоёрдугаар 13-наар огноолсон бичиг ирсэн. Би “Та бүгдийн хүсэлтэд дурдсан Цогтцэций сумын нутагт 80-90 км үргэлжлэх зам дагуу 40 гаруй малчин айлын өвөлжөө, худаг ус, малын бэлчээр өртөх бөгөөд өвс нь соргог, ургамлын төрөл зүйлийн бүтэц сайн, хавар, зун, намарт оторчдын олонх нь нутаглаж малаа тарга хүч авхуулдаг тус сумын гол бэлчээр нутаг болох тул дээрх саналыг хүлээж авах боломжгүй” гэдэг хариу өгсөн. Мөн аймгийн Засаг дарга тайлбар явуулсан байна лээ. Түүнд нь маш тодорхой байгаа. Аймгийн Засаг даргын бичигт “Цогтцэций сумын Өгөөмөр, Сийрст багийн нутаг дэвсгэр нь уул уурхайн олборлолт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа 2008 оноос хойш тасралтгүй явагдсаны улмаас сумын нийт нутаг дэвсгэрт олон салаа зам бий болж, газар хөрсний эвдрэл, тоосжилт ихээр нэмэгдэж, малын бэлчээр сүйдэж, ан амьтан дайжиж, нэн ховор ургамлыг устгах зэрэг байгаль орчны унаган төрх байдал алдагдах сөрөг нөлөө үүссэн. Орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай авто зам болгох замыг Цогтцэций сумын Билгэх багийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхөөр төлөвлөсөн байна. Тус баг нь сумын хэмжээнд уул уурхайд өртөөгүй үлдсэн газар юм. Нүүрс тээвэрт тусгай зам ашиглах үүрэгтэй бөгөөд Засгийн газрын 2018 оны 79 дүгээр тогтоолоор тээврийн зам хатуу хучилттай байхыг заасан байдаг” гэх мэтээр учирласан байсан. Гэхдээ “Страто” компани санасандаа хүрч уг замыг улсын чанартай болгуулж авсан.

-Та бол олон хууль дүрэм зөрчсөн гэж үзэж байгаа юм байна?

-Тийм. Авто замын тухай хуулийг зөрчиж байна. Зам тээврийн сайд тавдугаар сарын 3-нд тэднийхээр маршрут тогтоогоод улсын чанартай зам болгочихсон. Улсын чанартай болж байгаа юм бол энэ хуулиараа тусгай зориулалтын зам байх ёстой. Энэ замыг хатуу хучилттай болгох ёстой биз дээ. “Страто” гэдэг компани нүүрс угаах үйлдвэр байгуулаад нүүрс тээвэрлэх бизнес хийх надад хамаагүй. Харин би нутаг дэвсгэртээ хуулийн дагуу шаардлага тавих үүрэгтэй шүү дээ. Ашигт малтмал ашиглах, Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах хууль дүрмүүдийг ч энэ компани зөрчиж байгаа. Өнгөрсөн хугацаанд энэ компанийнхан намайг удаа дараа элдвийн шалтагаар шүүхэд өгч, АТГ-т шалгуулж байсан. Энэ хүмүүсийн арга барил нь тэр. Би аймгийн Засаг даргад санал тавьж 10 сая төгрөг гаргуулж аваад тус компанийн явсан 20 км шороон зам дээр мэргэжлийн байгууллагаар экологийн хохирол тогтоолгосон. 750-иад сая төгрөгийн хохирол төлүүлэх дүгнэлт гаргуулж шүүхэд өгсөн. Зөвхөн 20 км зам дээр шүү дээ. Зөвхөн манай сумын нутгаар явж байгаа тэр 70, 80-аад км газрыг бүгдийг нь оруулбал энэ хэд дахин нэмэгдэнэ. Гол нь Цогтцэций сумын багахан бэлчээрийн талбайг малчид ашиглаж чадахгүйд хүрлээ. Би ямар дүгнэлт хийж байна гэхээр эд нар аймар бяртай хүмүүс юм. Надад, нутгийн ард түмэнд бол аварга л байна. Манай Цогтцэцийн ард түмэнд нэг сайхан юм бий. Хэзээ ч төр засгийн явуулсан ажлыг эсэргүүцдэггүй. Гэхдээ хууль дүрмийн дагуу явмаар байна. Нутгийн ард иргэдийг бодох ёстой биз дээ.

Ярилцлагын төгсгөлд Сэтгүүлч Х.Мандахбаяр “Таны ярилцлага, газар дээр нь очоод сурвалжлага хийгээд явж байхад мэдэгдсэн зүйл бол сум орон нутгийн удирдлагуудын үг ямар ч хүчгүй болчихсон байна. Хууль дүрэм гэдэг юм Өмнөговь аймгийн хэмжээнд яаж зөрчигдөж байгаагийн хамгийн гол жишээ бол “Страто” компани болсон байна. Энд Засгийн газар, ЗТХЯ, УУХҮЯ иргэдийн эрх ашгийг зөрчиж байгаа асуудалд анхаарлаа хандуулаач. Алхам тутамдаа хууль зөрчсөн байна шүү дээ. Жирийн иргэн хүн өвөлжөөний газраа сонгохдоо багийн Иргэдийн нийтийн хурлаар орж зөвшөөрөл авч байгаа. Тэгэхэд 430 км шороон замаар нүүрс тээж мөнгө олох гэж байгаа, ингэж ард түмэн улс орны эрх ашгийн эсрэг явж байгаль орчныг сүйтгэж байгаа хүмүүстэй яагаад нүүр тулж шийдэхгүй байгаа юм бэ. Энд ямар шийдэл байна вэ. Хамгийн гол нь нэг сум, цөөн иргэдийг эрх ашиг гэхээс илүүтэй ерөөсөө Монгол Улсын үндсэн эрх ашиг зөрчигдөж байгаа жишээ бол, энэ. Бид Үндсэн хуулиараа бүгд хуулийн дор адил тэгш эрхтэй амьдрах зарчимтай. Энэ хууль гэтэл хэнд нь үйлчлээд, хэнд нь үйлчлэхгүй байна вэ. Сумын Засаг дарга “Страто” гэдэг компани ямар их бяртай байна вэ гээд арга ядаад яриад сууж байна. Үүний ард авлига хээл хахууль байгаа юм биш биз. Албан тушаалтны лобби байгаа юм биш биз дээ. Яагаад үүнийг эцэслэн шалгаж шийдвэрлэхгүй байна вэ гэдэг асуулт гарч ирж байна. Бид “Страто” компанитай холбоотой хууль зөрчсөн асуудлыг орхихгүй. Хуулийн дагуу шийдүүлэх боломжийн араас явах болно. Ярилцлага өгсөн танд баярлалаа” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top