КОВИД-19 | Коронавирусний вакцин үйлдвэрлэсэн гэж залилахыг завджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 26

АНУ-ын Хууль зүйн яам коронавирусний эсрэг үйлчилгээтэй вакцин үйлдвэрлэсэн гэж хуурамч баримт материал бүрдүүлэн хөрөнгө оруулалт татах гэж байсан этгээдийг илрүүлэн саатуулжээ.

АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын харьяат Кейт Лоуренс Миддлбрук гэгч 53 настай эр Лос Анжелес хотод нэгэн хөрөнгө оруулагчтай уулзаж байх үеэр нь түүнийг баривчилсан байна.

Түүнтэй уулзаж байсан хүн Лос Анжелес хотын мөрдөн шалгах газрын нууц ажилтан байсан бөгөөд ийнхүү үйлдэл дээр нь саатуулжээ.

Лос Анжелес хотын прокурорын газраас түүнд залилан хийхийг оролдсон гэх хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа аж.

Залилан үйлдэхийг завдсан этгээд нэрт сагсанбөмбөгч Өрвин Мейжик Жонсонтой хүртэл уулзаж, вакцин үйлдвэрлэхэд хөрөнгө оруулах санал тавьжээ.

Миддлбрук гэгч этгээд инстаграм болон YouTube хуудастаа компанийнхаа талаар танилцуулга дүрс бичлэг оруулсан нь хэдэн сая хүний хандалтыг авсан байна.

Одоогоор тус этгээдэд хөрөнгө оруулсан хүн байхгүй бөгөөд хөрөнгө оруулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн хэд, хэдэн хүн байгаа гэнэ.

Эх сурвалж: Reuters

Top