Найруулагч Квентин Тарантино бол дэлхийн кино урлагийн нэгэн суутан билээ. Тэр ямар ч төрлөөр кино хийсэн бүгд “Тарантино” гэсэн өвөрмөц тамгатай байдаг. Тийм ээ, Тарантино бол кино урлагийн нэгэн үзэгдэл.
Өнөөдөр 2023 оны гуравдугаар сарын 27-нд тэр 60 нас хүрч байна. Тарантиногийн хувьд 60 нас хүрээд кино урлагаас зодог тайлна гэж ярьдаг байсан. Хайртай найруулагч маань арай...?
Ингээд Квентино Тарантиногийн амьдралын дүрмийг танилцуулъя.
“Хэрэв би найруулагч болоогүй бол ямар ч гэсэн өдрийн 8 цаг ажилладаг хүн болохгүй байсан. Залилан мэхлэгч болж, бүх амьдралынхаа турш цагдаа нараас зугтаж байх байсан болов уу”
“Би өнгөт арьстнууд дунд өссөн. Манай нэг найз “Жеки Браун” киноны зэвсгийн наймаачин Орделла шиг л этгээд байлаа. Мэдээж тэр хүн алж талдаггүй байсан. Гэхдээ л янз бүрийн хэрэг тарьдаг байсан”
“Би бильярд, покер тоглодоггүй. Спортын тэмцээнд очдоггүй. Телевизээр спорт үзэх нь яргалуулж байна гэсэн үг. Америкчууд 4 цаг спортын тэмцээн үздэг мөртөө гуравхан цаг кино үзээд сууж чаддаггүй нь хачирхалтай”
“Хэн нэгний тархийг бяц буудлаа гэхэд надад ямар ч сэтгэгдэл төрүүлдэггүй. Надад хүний жирийн түүх таалагддаг”
“Надад буу байхгүй. Хүн буутай байхыг би эсэргүүцдэггүй. Европт очихоор амар амгалан газар очсон мэт санагддаг. Европт ч хэрэг гардаг. Гэхдээ Америктай харьцуулахад хүүхдийн цэцэрлэг гэсэн үг. Америкийг буутай хүмүүс байгуулсан”
“Миний алдар нэрийн 30 хувийг авна гэвэл би зөвшөөрнө. Урьд нь би гудамжаар юм бодоод зүгээр алхаж чаддаг байсан бол одоо чадахгүй болсон”
“Би кино сургуульд явж байгаагүй, би кино үздэг л байсан”
“Дунд боловсрол ч эзэмшээгүй байж хүссэн бүхэндээ хүрсэндээ би бахархдаг. Хэрэв одоо амьдралаа давтаж чаддаг сан бол би сургуулиа төгсөөд коллежид элсэх байлаа”
“Би аавтайгаа уулзаж байгаагүй, уулзахыг ч хүсдэггүй. Түүнд надтай уулзах 30 жил байсан ч тэр намайг алдартай болсон хойно л уулзахыг хүсэж билээ”
“Намайг айлгах юм кинонд алга болжээ. Миний хамгийн айдаг юм бол хулгана”
“Би машин сонирхдоггүй. Машин бол жирийн тээврийн хэрэгсэл”
“Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд үргэлж ямар нэг сөргөлдөөн байдаг. Нэг эмэгтэй гудамжаар явж байна. Би ард нь алхаж байлаа. Зүгээр л зам нийлсэн хэрэг. Гэтэл тэр намайг хүчирхийлэгч гэж бодно. Харин би муу юм хийгээгүй байж, буруутай юм шиг байдалд ордог”
“Оны сүүлээр би “Жинхэнэ сайн 10 кино үзэж чадсан” гэж бодох юм бол тэр жил сайн жил байжээ гэсэн үг”
“Том том санаа киног муу болгодог. Гэтэл кинонд хамгийн гол зүйл бол сайн кино хийх шүү дээ. Ажлын дундуур толгойд чинь шинэ санаа орж ирж байвал сайн хэрэг. Гэхдээ энэ нь том биш жижигхэн санаа байх ёстой. Хэрэв чи дайн бол муухай гэсэн кино хийж байгаа бол кино хийх хэрэг ер алга. Зүгээр л дайн бол муухай гээд л хэлчих. Гуравхан үг. Эсвэл дайн муухай гэхэд хоёрхон үг болно”
“American Beauty” Оскарын шагнал авснаар шинэ үе эхэлсэн. “Лаг” кино арай гэж нэг юм Оскар авсан юм. Өмнө нь Холливудын кино л үргэлж шагнал аваад байдаг байлаа”
“Миний мөрөөдлийн эмэгтэй үзэсгэлэнтэй сайхан байх албагүй, харин миний кинонд дуртай байх ёстой. Үгүй юм гэхэд миний ажлыг хүндэлдэг байх хэрэгтэй”
“Би хэзээ ч хуучин эд зүйлсээ гаргаж хаядаггүй”
“Хөгжим кино хоёр салшгүй холбоотой. Киногоо бичиж байхдаа л би хөгжмийг нь хайж байдаг”
“Би мэддэг юмаа л бичдэг болохоор хэнээс ч ичдэггүй. Миний баатрууд яг жинхэнэ амьдрал дээрх хүмүүс шиг л ярьдаг. Хэрэв би хэн нэгэнд өртэй бол баатрууддаа л өртэй”
“Ихэнх киноны үйл явдлыг хүмүүс таамагладаг. Харин огт өөр өрнөлттэй кино бас бий. Миний кино бол яг л тийм, заримдаа хатуу харгис ч хүний нүдийг баясгасан бүтээлүүд”
Квентин Тарантиногийн төрсөн өдөрт зориулан, түүний шилдэг кинонуудыг танилцуулж байна.
“Reservoir Dogs”
Энэ киноноос Тарантиногийн үе эхэлсэн гэж үздэг. Төгс зохион байгуулсан, төгс төлөвлөгөөтэй гэмт хэрэгт нэг юм болж өгсөнгүй. Энэ кинонд дээрэмчдийн дүр бүтээсэн жүжигчид бүгд их, бага хэмжээгээр шоронд орж байсан хүмүүс юм. Харин "fuck" хэмээх хараал энэ кинонд 252 удаа хэлэгдсэн.
“Django Unchained”
Аюултай гэмт хэрэгтнийг алж, шагнал авдаг алуурчны тухай өгүүлнэ. Цаг хугацаа явсаар түүнд туслагч хэрэгтэй болжээ. Энэ киног үзэгчид төдийгүй мэргэжилтнүүд ч өндөр үнэлж, “Оскар”-ын шагнал хүртсэн. Түүхэн дэх шилдэг 250 киноны жагсаалтад 56 дугаар байр эзэлсэн бүтээл.
“Kill Bill”
Энэ киноны эхний хэсэг маш их амжилт олсон тул жилийн дараа үргэлжлэл нь гарсан. Ума Турман кино үзэгчдийн сэтгэлийг булааж, нэг хэсэг Тарантиногийн нэрийн хуудас болж байлаа.
“The Hateful Eight”
Үзэгч, шинжээчдийн санал зөрдөг ч ямар ч чансаанд дээгүүр байр эзлэдэг нь киноны чанарыг харуулна. Иргэний дайны дараахь Америкт цасан шуурганы үеэр үйл явдал өрнөх тул зураг авалтын талбайг Тарантино маш хүйтэн байлгасан.
“Inglourious Basterds”
Тарантино энэ киноны зохиол дээр бүтэн 10 жил ажиллажээ. Яагаад гэвэл тэр киногоо яаж дуусгахаа сайтар бодож байлаа. Үнэхээр ч төгсгөл нь сайн болсон. Квентин Тарантиногийн шилдэг бүтээлийн нэгд зүй ёсоор багтана. Францад еврей партизанууд герман цэргүүдийг харгисаар хөнөөж байгаа тухай гарна.
“Pulp Fiction”
Энэ бол Тарантиногийн домог болсон кино. Хүн төрөлхтний түүхэн дэх шилдэг киноны нэгд тооцогддог. Тарантиногийн өвөрмөц стиль бүрэн гарсан. Энэ киног, Тарантиног дууриах гэсэн олон найруулагч гарсан ч хэн нь ч чадаагүй.
Сэтгэгдэл ( 0 )