Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож байсан Британийн ахмад дайчин Том Мур интернет ашиглан Үндэсний эрүүл мэндийн албанд цар тахалтай тэмцэхэд нь зориулж 15 сая ам.долларын хандив цуглуулжээ.
99 настай Мур 100 насны ойгоороо 25 метр хашаагаа 100 удаа тойрно гэж амласан байна. Ингэж тэрбээр коронавирусний халдвартай тэмцэж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлэхээс гадна тэдэнд зориулж хандив цуглуулж байгаа юм. Ахмад дайчны энэ санаачилга 619 мянга гаруй хүний дэмжлэгийг аваад байна.
Telegraph сонинд мэдээлснээр, Бедфордшир хотын оршин суугч Том Мур өнгөрсөн долоо хоногоос эхлэн 1250 ам.долларын хандив цуглуулахыг төлөвлөж байсан ч өнгөрсөн лхагва гараг гэхэд 6.24 сая ам.доллар цугларсан аж. “Энэ бол эрүүл мэндийн салбарынханд хүмүүсийн үзүүлж буй хүндэтгэл бөгөөд ийм их хэмжээний мөнгийг хандивласан нь гайхалтай” гэж тэрбээр ярьжээ. Тэрбээр JustGiving хандивын сайтыг ашиглан энэхүү санаачилгаа хэрэгжүүлж байгаа бөгөөд зорилгодоо хүрэхээр хашаагаа тойрч буй бичлэгийг нь YouTube цахим сувгаар үзэх боломжтой. Тус хандивын сайтыг ажиллуулж буй буяны байгууллага 2000 оноос хойш 164 орны хүмүүст нийт 4.5 тэрбум ам.долларын хандивыг буяны үйлст зориулан цуглуулахад нь тусалжээ.
Их Британид шинэ төрлийн коронавирусээр нийт 98476 хүн халдварласнаас 12868 хүн нас баржээ.
Сэтгэгдэл ( 1 )
хөөрхөн юм бичлэгий нь өчигдөр үзсэн зөндөө хандив цуглуулсан