Европын зарим улсад коронавирусний халдварын тархалт буурч, хөл хориог цуцлах шийдвэр гаргаж эхэлж байгаатай холбоотойгоор Европын зөвлөл хамтын эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахыг уриалжээ. Тэгвэл Азиас хамгийн их анхаарал татаж байгаа улс болох Японд үндэсний хэмжээнд онц байдал зарлажээ. Өмнө нь нийслэл Токиог оролцуулан долоон мужид онц байдал зарласан байсан юм. Японд томоохон хот суурин газруудаас хөдөө орон нутгийг чиглэсэн иргэдийн зорчих, шилжин явах хөдөлгөөн нэмэгдсэн нь коронавирусний халдварыг зөөвөрлөж байгааг тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдсэн байна. Тэрбээр орон нутгийн удирдлагуудыг иргэдийг гадагш гаргахгүй байх тал дээр арга хэмжээ авахыг уриалжээ. Цар тахлын тархалтыг хумьж авахаас нааш хөл хориог цуцлахгүй гэж Абэ мэдэгджээ.
Итали, Испани, Францад тархалтын хурд саарч байгаа ч нас баралт сүүлийн 10 өдрийн хугацаанд нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Хөл хориогоо сунгаж байгаа улс олон байгаа бөгөөд хориог цуцалбал цар тахлын хоёр дахь давлагаа болох эрсдэлтэй юм.
ДЭМБ улс орнуудад хандан хөл хорионы дэглэмийг цуцлах шаардлагатай гэж үзвэл үе шаттайгаар цуцлахгүй бол маш олон газар өвчлөл гарах эрсдэлтэй байгааг анхааруулж байна.