Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг гайгүй түвшинд шийдэж чадаж байна. Энэ нь аливаа зүйлийг хийвэл чаддагийг харуулсан л хэрэг. Үүнээс урьд өмнө /20-25 жил/ агаарын бохирдлыг бууруулах тухай үлгэр ярьж жилийн жилд маш их мөнгө зарцуулж байсны цаана ажил ч байсан, луйвар ч байсан. Гэхдээ луйвар нь их байсан. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар сайн бодлого гаргаж, хөрөнгө зарж, зөв ажилласны үр дүнд Улаанбаатарын утааг буурууллаа. Гагцхүү утааг намрын сэрүү унаж, эхний цас хаялахад ярих бус эртнээс ярьж байх ёстой. Тэгэхээр иргэн миний хувьд яг одоо утаагаа ахин бууруулах тал дээр ажиллах хэрэг байна. Түлшний үйлдвэрийнхээ хүчин чадлыг сайжруулъя. Борлуулах цэгийнхээ тоог нэмж, түлшнийхээ чанарт анхааръя. Илүү зардал багатай түлшний эрэл хайгуул хийе. Бид ойрын хэдэн жилдээ нийслэлээ тэр чигт нь орон сууцанд оруулчихгүй учраас олж байгуулсан зүйлээ чанаржуулж цааш явъя гэдэг санааг дэвшүүлж байна.
“Тавантолгой түлш” компаниас өгч байгаа мэдээллээс харахад энэ өвлийн байдлаар нийслэлд 339 цэг ажиллаж, тэнд түлш худалдаалжээ. Дээрээс нь хангамжийн дундын бүс 44 байдаг бөгөөд 300-аад мянган тоннын агуулахтай, түлш дүүргэлт хангалттай байсан гэнэ. Мөн долоон хангамжийн баазтай, энэ нь дүүргээ түлшээр хангадаг аж. Нийтдээ нийслэлд 504 борлуулалтын цэг байгуулна гэсэн Байгаль орчны яам, нийслэл, “Тавантолгой түлш” компани гурвалсан тохироо хийсэн дагуу өдгөө ч цэг байрлуулах, борлуулагч авах ажил явж л байгаа гэх мэдээ бий. Мэргэжилтнүүдийн хэлснээр бол шахмал түлш нь илчлэгийн хувьд түүхий нүүрснээс хоёр дахин илүү, удаан шатдаг тул нүүрсний хэрэглээ 200 мянган тонноор багасна гэж үзсэн. Энэ бүгдээс харвал ажил урагшаа явж л байна. Гэхдээ алдаа оноо байсан. Хүний аминд хүрсэн гээд дурдвал дурдах зүйл бий.
Анх эрх баригчид, мэргэжлийн багийнхан нийслэлийн утааг 50 хувь бууруулах зорилго тавин шахмал түлшний үйлдвэр байгуулж, түүхий нүүрс хорьсон. Энэ бол үнэн хэрэгтээ хэтийдсэн дүгнэлт байсныг энэ өвөл харуулсан.
Хамгийн гол нь нийслэлийн хэмжээнд 200 гаруй мянган яндан байдаг. Энэ яндан байгаад тэнд хүн амьдарч байгаа цагт ямар нэгэн байдлаар утаа гарч таарна. Утааг 50 хувь бууруулна гэсэн болохоос биш арилгана гэж хэлээгүй л дээ. Бодит байдлаас тасарсан зүйл л ярьсан. Хэдийгээр сайжруулсан шахмал түлш түлж байгаа ч, түүнийг илүү сайжруулсан ч нийслэлд байгаа 200 гаруй мянган өрхийн утаа нийслэлийг бүрхэнэ. Энэ нь утаагаар бизнес хийгчид, утаагаар улс төр хийгчдийн олз болох зайлшгүй хандлага бий. Нөгөө талаар одоо яригдаж байгаа шахмал түлшний нөөц, нийлүүлэлт гээд бэрхшээл нь ч энэ өвлийн нэгэн дуулиан байх нь зайлшгүй харагдана.
Тэгвэл утаа нэрээр бизнес хийсэн байдлаас дурдъя. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 2007-2016 онд улс болон нийслэлийн төсвөөс 119.7 тэрбум төгрөг төсөвлөн зарцуулсан бол олон улсын зээл тусламжийн хүрээнд 87.1 тэрбум төгрөг зарцуулжээ. Тэгвэл зөвхөн Японы “Жайка”-тай хамтарч хоёр шатны төсөл хэрэгжүүлэхэд нийт 2.7 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Мөн зөвхөн “Цэвэр агаар сан”-гаар дамжуулан 92.2 тэрбум төгрөг гаргаснаас гадна “Төслийн зуух” болон зарим олон улсын байгууллагаар дамжуулан авсан мөнгө асар их. Түүнчлэн Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулан, сүүлдээ Ерөнхийлөгч дэргэдээ авч 2014 оны байдлаар гэхэд даруй 250 тэрбум гаруй төгрөг зарцуулсан гээд олон зүйл бий.
Тэгвэл ганцхан жишээ татъя. Утааг бууруулах бус зарим улстөрчдийн хэтэвчийг зузаалах зорилготой гэж хардаж болох “Цэвэр агаар сан”-г 2010 онд Засгийн газрын “Тусгай сангийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулснаар байгуулжээ. Энэ үед хамтарсан Засгийн газрын тэргүүнээр С.Батболд, Шадар сайдаар Н.Алтанхуяг ажиллаж байв. Улмаар 2012 онд АН засгийн эрх авч, “Цэвэр агаар сан”-гийн үйл ажиллагаа ч идэвхжиж эхэлсэн бөгөөд энэ сангаар дамжих мөнгөний тоо жилээс жилд нэмэгдсээр ирсэн баримт байдаг. Тухайлбал 2013 онд хамгийн том төсвийг 60 тэрбумаар суулгаж өгсөн байдаг. Тодотговол, “Цэвэр агаар” сангийн захирал Н.Хүрэлсүх нь зөвхөн 2012 онд 116 сая төгрөгийг сургалт зохион байгуулах, ажлын хөлс нэрээр 21.440.000, түлш нийлүүлэх гэрээний хүрээнд нэрээр 1.454.079.500, зар сурталчилгаа нэрээр 100.000.000, мөн түлш нийлүүлэх нэрээр 240.000.000 төгрөгийг тус тус танил талынхаа компаниудын дансаар 1.931.519.500 төгрөг хувьдаа завшсаныг шүүх тогтоосон гэхээр энэ сангаар дамжуулан асар их мөнгө завшиж байсныг харж болно. Ийм их мөнгө завшиж ахуй цагт Ерөнхий сайдаар ажиллаж асан Н.Алтанхуяг “Бохирдол, утаа буураагүй ч утааны чанар сайжирсан” хэмээн шүүмжлэлд өртөж байсныг санаж байгаа байх.
Үүнийг яагаад дурдах болсон гэвэл агаарын бохирдол, утаагаар дамжуулан олон жил бизнес хийсэн нөхдийн наймаа “Тавантолгой түлш” компани байгуулж, түүхий нүүрс хориглосноор зогсчихов уу гэж харлаа. Олон жилийн найдвартай бизнесээ алдсан нөхдийн бухимдал ч ийнхүү шахмал түлшийг муулах замаар улс төр хийж байгаа хандлага энэ өвөл цухалзсан. Мэдээжийн хэрэг, сөрөг хүчнээс үүнийг өлгөн авч улс төржүүлж байгаа. Утаа, агаарын бохирдлоор бизнес хийж байсан нөхөд хоёр намд аль алинд нь бий.
Баянзүрх дүүргийн иргэн Х.Доржсүрэн
Сэтгэгдэл ( 0 )