ДЭМБ: Цахим халдлагын тоо тав дахин нэмэгдлээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 24

Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эсрэг үйлдэж буй цахим халдлагын тоо өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал тав дахин нэмэгдсэн гэж тус байгууллагаас мэдээлжээ. Энэ долоо хоногт гэхэд тус байгууллагын 450 орчим идэвхтэй цахим шуудангийн хаяг, нууц уг алдагдсанаас гадна шинэ төрлийн коронавирусний эсрэг тэмцэл хийж буй олон мянган судлаач, мэргэжилтнүүдийн цахим шуудангийн хаяг халдлагад өртсөн гэж ДЭМБ-ын мэдэгдэлд онцолжээ.

Гэхдээ энэ нь ДЭМБ-ын системийг эрсдэл учруулаагүй аж. Учир нь тэдгээрт хуучин мэдээллүүд хадгалагдаж байсан аж. Гэсэн хэдий ч ДЭМБ-д ажиллаж буй, тэтгэвэрт гарсан ажилтнууд болон түншүүдийнх нь хэрэглэж буй хуучин экстранет системд саатал гарсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Түүнчлэн, хуурамч цахим шуудангаас олон нийтэд хандан олон улсын хандив, тусламжийг хуурамч сан, данс руу шилжүүлэхийг завдсан хэрэг ихээр гарч буйг ДЭМБ анхааруулжээ. Тиймээс олон нийтийг сонор сэрэмжтэй байж, КОВИД-19 болон эрүүл мэндтэй холбоотой бодит мэдээллийг зөвхөн найдвартай эх сурвалжаас авч байхыг зөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top