UFC: Коронаг ЯЛСАН анхны тэмцээн

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 11

Өчигдөр /2020.05.10/ АНУ-ын Жексонвилла хотын “VyStar Veterans Memorial Arena-д холимог тулааны UFC 249 тэмцээн боллоо.

Хэдий үзэгчгүй зохион байгуулагдсан ч энэ тэмцээн спортын бусад төрөл, холбоодод цар тахлын үед хэрхэн тэмцээн, уралдаан зохион байгуулж болохыг яруу тодоор харуулсан явдал боллоо. 
 


UFC 249 тэмцээн юм юмтай, үзүүштэй харууштай тэмцээн байлаа. Коронавирустэй бол вирустэй, аваргын бүстэй бол бүстэй, гоо бүсгүйтэй, хүнд цохилтууд, цус нөж, хүнд гэмтэл, урьдчилан таахын аргагүй өрнөл, төгсгөл гээд бүх юм байсан.

Юуны өмнө сануулахад UFC 249 дөрөвдүгээр сарын 19-нд явагдаж, Хабиб Нурмагомедов, Тони Фергюсон нар гол тулаанд нь гар зөрүүлэх ёстой байлаа. Гэвч коронавирусний халдварын улмаас улс орнууд хилээ хааж, олон хүн цугласан арга хэмжээг хориглосны улмаас хойшлогдсон. Харин эх орондоо хариад байсан Хабиб ОХУ-аас гарч чадахгүй болсон билээ. Гэвч тэмцээн Хабибгүй ч тун сонирхолтой боллоо. АНУ-ын хууль үйлчилдэггүй нутгийн уугуул иргэдийн нутагт явагдана, хөлөг онгоц, эзгүй арал гээд тэмцээн хаана зохион байгуулагдах нь эцсээ хүртэл шахуу тодорхой бус байсан энэ тэмцээн Флоридад явагдсан нь холбооны ерөнхийлөгч Дана Уайтын ач гавьяа юм. Бусад холбоод хөл хорио тайлагдахыг хүлээн зогсож байхад тэр үнэхээр тэмцээнээ хийх гэж зүтгэсэн, ялсан гэж хэлэхэд болох юм.
 


Мэдээж халдвараас хамгаалах бүх арга хэмжээг авсан. Сэтгүүлчид, албаныхан, дасгалжуулагч нар бүгд масктай. Бүх хүнээс коронавирусний шинжилгээ авсан. Хариу нь жин үзсэний дараа гарсан ч гэсэн нэг тамирчнаас коронавирус илрүүлсэн. Бразилын Жакаре Соуза болон түүний хоёр дасгалжуулагч халдвартай нь илэрсэн. Ингээд түүний Ямайкийн Юрайя Холлтой хийх тоглолт цуцлагдсан юм. Коронавирустэй тамирчин гарлаа гээд хүмүүс шүүмжилж болох ч харин ч халдвар илрүүлээгүй бол хачирхалтай байх байсан биз ээ. Жакаре, Холл хоёр жин үзэлт, халз ширтэлт дээр хоёулаа масктай, бээлийтэй байсныг хэлэх хэрэгтэй.
 


Нийт 11 тулаан болсноос эхний долоон тулаан бүгд цаг дуустал явагдаж байлаа. Харин сүүлийн дөрөв нь бүгд дутуу гаргасан сайхан тулаанууд боллоо.

Камеруны Нганну Жаирзиньог ердөө 20 секундэд нам цохисон. Түүний энэ хүнд цохилт хүнд жингийнхнийг айлгасан гэхэд болно.
 


Хамгийн хөнгөн жингийн аварга Генри Сехудо өнгөрсөн жил жин ахиж, бас аваргын бүсний эзэн болсон. Өчигдөр тэр аваргын бүсээ хамгаалж, Доминик Крустэй тулалдлаа.  Холбооны аваргаар хоёр удаа тодорч байсан ч гэсэн сүүлийн дөрвөн жил тулалдаагүй ахмад тамирчин. Холбооноос “өгсөн” ахмад тамирчныг Сехудо ялж, аваргын бүсээ хамгаалсан. Хоёрдугаар үе дуусахад нэг секунд дутуу байхад шүүгч тулааныг зогсоолоо. 10 секунд дутуу байгааг зарласан хонх дуугарахад Сехудо түүнийг унагаан, нүдэж эхэлсэн ч хашир тамирчин цаг дуусаж байгааг мэдэж байсан тул хамгаалж байлаа. Гэвч шүүгч ганц секунд дутуу байхад зогсоож, Крус шүүгчийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ шүүгч зогсоогоогүй байсан ч Сехудо ялах байсан нь тодорхой. Харин энэ тулааны дараа Генри Сехудо зодог тайлж байгаагаа зарлаж, фэнүүддээ гэнэтийн бэлэг барилаа. 2008 оны Бээжингийн олимпын чөлөөт бөхийн аварга тэрбээр мэргэжлийн холимог тулаанаар хоёр жингийн аварга болсон. Нэг үгээр хэлэхэд сонирхогч, мэргэжлийн тавцанд аль алинд нь оргилд хүрсэн гэсэн үг. Гэхдээ түүнийг үнэхээр зодог тайлсан гэдэгт шинжээчид итгэхгүй байгаа. Дараагийн тулаанаа холбооноос гуйлгаж, илүү мөнгөөр хийлгэх тактик гэж зарим нь үзэж байна. Харин Дана Уайт аваргын бүсийн төлөөх дараагийн нэр дэвшигчийн нэрийг тэр дор нь зарласан нь Сехудог нэг их тоохгүй байгаагийн илрэл болов уу гэлтэй. Эсвэл хоёулаа нийлж, шоу хийх арга байх. Сехудо сүүлийн хоёр жил хэртэй гэнэтийн мэдэгдлээрээ өөртөө анхаарал татдаг болоод байгаа. Эмэгтэйчүүдийн аварга Шевченкотой зодолдоно, Жозе Альдотой “гэрлэнэ” гээд олон зүйл ярьж байсан. Конор МакГрегорын замаар замнах хүсэлтэй байж магадгүй юм.  
 


Ингээд хамгийн их сонирхол татсан тулаан эхэллээ. Хабибийг орлосон Жастин Гейжи, тулааны өмнө Хабибаас эхлээд Конорыг “унтрааж” байсан Тони Фергюсон. Бооцоо тавигчид ихэнх нь Тониг ялна гэж мөнгө тавьжээ. Нэгдүгээрт, Тони илүү туршлагатай. Хоёрдугаарт, Жастин маш богино хугацаанд тулаанд орохоор шийдэж, бэлтгэл бага хийсэн. Гуравдугаарт, Жастин тактик, төлөвлөгөө ёсоор тоглодог тамирчин биш. Тэр зөнгөөрөө зодолддог, ялж байх үедээ ч бүр мөсөн дуусгах гэж очоод сөрөг мэхэнд ороод ялагдаж байсан.
 


Харин өчигдөр бид цоо шинэ Гэтжиг харсан. Магадгүй тэр амьдралдаа анх удаагаа дасгалжуулагч багш нарын төлөвлөгөө ёсоор тулалдсан байх. Тэр шууд зодолдоод эхэлсэнгүй, ухрах үедээ ухарч, нэмээд дуусгах боломжтой байхад ч шууд дайрахгүй байв. Фергюсон хуурч, тактикаар илүүрхэх гэсэн боловч Жастин хөдөлсөнгүй. Бүх юмыг найдвартай хийж, цохилт болгон нь тун жинтэй. Тонигийн нүүр авах юмгүй болж, энэ бүх цохилтыг яаж тэсэж байна гэлтэй харагдаж байлаа. Хоёрдугаар үеийн төгсгөлд Тонигийн өлгөсөн цохилт Жастиний эрүүнд тусаж, унагаасан ч азаар цаг дууссан. Үүнээс өөр Тони ялах ямар ч боломж байгаагүй юм. Гэтжи сүүлийн хоёр үед Тониг хэд хэдэн удаа хүнд цохилтод оруулсан. Хөл нь гуйван салгалсан Тониг тэр гүйцээх гэж оролдоогүй. Харин тав дахь үед Тонигийн толгой салганан, ухаан нь хийсэн одох тэр үед шүүгч тулааныг зогсоосон билээ. Тони Фергюсон замналынхаа турш ингэж нүдүүлж байсан удаагүй. Маш олон удаа цохиулсан ч унаагүй нь харин гайхамшиг гэлтэй.
 


Ялагдсан шалтгаанаа Тони “Би Хабиб гэдэг бөхтэй тулалдах гэж удаан хугацаанд тактик, бэлтгэлээ базаасан ч Гэтжи бол огт өөр стильтэй тамирчин” гэж тайлбарласан. Энэ нь ч үнэн. Хэдий Тони хамаагүй тулалддаг стильтэй ч энэ удаагийнх шиг хэзээ ч байгаагүй. Хоёрдугаарт түүний хувь хүний зан чанар ч ялагдалд нь нөлөөллөө. Тони хэнээтэй, бараг маньяк гэж хэлэхэд болох хүн. Тэмцээн анх явагдах байсан дөрөвдүгээр сарын 19-нд тэр жиндээ орчихсон байв. Бараг сарын өмнө шүү дээ. Энэ жингээ хадгалах гэж маш их хүч зарсан нь харагдаж байлаа. Ийнхүү Гэтжид илт дутуу ялагдсанаар Тони-Хабиб гэсэн тулаан үнэхээр хараал туссан нь харагдлаа. Өмнө нь дөрвөн удаа цуцлагдаж байсан энэ тулаан хэзээ ч болохгүй нь ойлгомжтой боллоо.
 


Шинэ аварга Жастин Гэтжи түр зуурын аваргын бүсээ хаяад жинхэнэ бүс л хэрэгтэй гэж мэдэгдсэн. Холбооноос Гэтжи, Хабиб хоёрын тулааныг зохион байгуулах ажлаа эхлүүлээд байна. Ирэх намар Абу-Дабид болох байх гэж шинжээчид таамаглаж байгаа юм.

UFC холбооны түр зуурын аваргын бүсийн тулаан

Жастин Гейжи - Тони Фергюсон: Хүнд цохилтоор Жастин ялсан.

UFC холбооны аваргын бүсийн тулаан

Генри Сехудо - Доминик Крус: Хүнд цохилтоор Сехудо ялсан.

Франсис Нганну - Жаирзиньо Розенстрайк: Хүнд цохилтоор Нганну ялсан.

Кэлвин Каттар - Жереми Стивенс: Хүнд цохилтоор Каттар ялсан.

Грег Харди - Йорган де Кастро

Энтони Петтис - Дональд Серроне

Алексей Олейник - Фабрисио Вердум

Карла Эспраза - Мишель Уотерсон

Висенте Люке -  Нико Прайс

Брюс Митчел - Чарльз Роса

Раян Спэнн - Сэм Элви

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
4(66.181.161.69) 2020 оны 05 сарын 11

saihn hutsahiimaa oorsdiihooroo khabibtai 4 sar dtulaan hiine gd 2020 on garsnaas hoish jingee bariad beltgeld garsn 4sard tulaan boloogui ch jindee orsn 5sard tulaan blno ghd ene jingee barisaar bgd orson het ih amraltgui beltgeliin baaz dr bsnaas bolj hunii biyiin byr chadal humigdaj tenhelgui boldog yr.n bl ooroo het udaan beltgel hiisen mn l iim baidld hurlee gj helsn ldee shaaj oghima tanaih

0  |  0
Top