АНУ Техас мужийн Хьюстон хот дахь БНХАУ-ын Ерөнхий консулын газрыг 72 цагийн дотор хаахыг Бээжингээс шаарджээ. Энэ нь Америкийн оюуны өмч болон америкчуудын хувийн мэдээллийг хамгаалах зорилготой гэж Төрийн департаментын төлөөлөгч Морган Ортагусын мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хятадын дипломат төлөөлөгчийн бусад газруудыг хаахыг дахин шаардахыг үгүйсгээгүй байна. “Хьюстон дахь Хятадын Ерөнхий консулын газрын байранд гал гарсан. Тэд баримт бичгээ шатаасан байж болзошгүй” гэж хэвлэлийн бага хурлын үеэр Доналд Трамп тодруулав.
АНУ-ын эрх баригчид Хятадын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд ямар нэгэн зөрчил гаргасныг илтгэх нотлох баримт гаргаж өгөөгүй гэж Хьюстон дахь Хятадын Ерөнхий консул Цай Вэй мэдэгдээд АНУ-ын ийм алхам хоёр улсын харилцаанд хохирол учруулж байна гэж онцолжээ. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь АНУ-ын нэг талыг баримталсан улс төрийн энэхүү өдөөн хатгалга олон улсын эрх зүйн хэм хэмжээ, олон улсын харилцааны гол зарчмуудыг зөрчиж байна гэж мэдэгдсэн байна. Хятадын эрх баригчид АНУ энэ шийдвэрээсээ татгалзахгүй бол хариу арга хэмжээ авах болно гэж Ван Вэньбинь мөн онцолжээ. Ерөнхий консулын газрын байрны ажилтнууд нууц баримт бичгүүдээ шатаасан эсэх тухай асуултад тэрбээр тус газар хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа гэж хариулсан байна.
Хятадын Ерөнхий консулын газрын байрнаас утаа гарч буй дуудлага энэ сарын 21-ний өдөр орон нутгийн цагаар 20.00 цагт /УБ цаг: 07.22-ны 09.00 цаг/ ирж, цагдаа, гал сөнөөгчид газар дээр очсон тухай KPRC суваг мэдээлжээ. Зэргэлдээх байрнаас хийсэн дүрс бичлэгээс үзвэл хэдэн хүн төмөр торхонд гал асааж, хэсэг хугацааны дараа унтраасан байна. Гал сөнөөгчид дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудтай холбогдсон бөгөөд тэд бүх зүйл гэсэн хариу өгсөн аж.
Сэтгэгдэл ( 0 )