Бейрутын ДЭЛБЭРЭЛТИЙН ДАРАА юу болов

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 07

Ливаны нийслэл Бейрут хотын боомтын агуулахад дэлбэрэлт болж, ихээхэн гарз хохирол амсаад байгаа билээ. Нас барсан хүний тоо 130 давж, боомтын удирдлагыг нь баривчилжээ. 15 тэрбум ам.долларын хохирол учирсан байна. Бейрутад болсон дэлбэрэлтийн бусад үр дагаврын талаар өгүүлье.


Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар дэлбэрэлтийн хохирогчдын тоо 137 болтлоо өсжээ. 5000 гаруй хүн шархадсан байна. Урьдчилсан мэдээллээр Ливаны нийслэл хотын боомтын удирдлагуудыг болсон явдлыг хариуцах хүмүүсийн нэрсийг тодруулах хүртэл баривчилжээ. Боомтод тэсрэх бодисыг шүүхийн шийдвэрийн дагуу хадгалдаг гэж мэдэгдсэн байна. Ливан улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Эрүүл мэндийн яамнаас нь гаргасан мэдээллийг иш татан мэдээлэхдээ “Урьдчилсан мэдээгээр энэ хэргийн шалтгаан нь зөрчил гаргагчдаас хураасан 2.7 мянга гаруй тонн аммонийн нитрат дэлбэрсэн явдал юм. Иорданы Газар хөдлөлт судлалын газраас дэлбэрэлт нь 4.5 баллын хүчтэй газар хөдлөлттэй дүйцэхүйц болохыг тогтоосон. Энэ үйл явдлаас хойш удалгүй Ливаны Ерөнхий сайд Хасан Диаб дэлбэрэлтийн шалтгааныг шалгаж, 48 цагийн дотор хариуцлага хүлээх хүмүүсийг шүүхэд өгчээ” гэжээ. Ливаны Ерөнхий сайд “Бид Бейрут дахь дэлбэрэлтийг шалгах комисс байгуулж, шалгалтын дүнг 48 цагийн дотор нийтэд мэдээлнэ” гэж “Аль Жазира” сувагт мэдээлсэн байна. Хасан Диаб Бейрут боомтын агуулахад зургаан жилийн хугацаанд 2750 тонн аммонийн нитратыг зохисгүй хадгалсан гэж хүлээн зөвшөөрсөн гэж “Ливан 24” мэдээлжээ. Ливаны Батлан хамгаалах дээд зөвлөл Бейрутыг гамшгийн бүс гэж зарласан. Наймдугаар сарын 5-ныг дэлбэрэлтэд өртсөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон зарлажээ. Ливаны Дотоод хэргийн сайд Мухаммед Фахми буруутнуудыг олж тогтоож, боомтод дэлбэрэлт болсон асуудлаар таван өдрийн дотор ил тод мөрдөн байцаалт явуулна” гэж амлав. “Роскосмос” Твиттер хуудсандаа Оросын хиймэл дагуулаас авсан, Бейрутад болсон дэлбэрэлтийн фото зургийг нийтэлсэн байна.

Тусламж

Үүний зэрэгцээ Оросын Онцгой байдлын яамны таван онгоцны хоёр нь өчигдөр Бейрутад газардсан бөгөөд Ливанд дэлбэрэлтийн үр дагаврыг арилгахаар Оросоос илгээжээ. “Sukhoi Superjet 100” онгоцоор 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Бейрутад очсон байна. Мөн 19 мэргэжилтэн, ОХУ-ын Онцгой байдлын яамны хоёр сэтгэл судлаач боомт дахь дэлбэрэлтэд өртсөн хүмүүст тусламж үзүүлэхээр ажиллаж эхэлжээ. Оросоос гадна Франц, Ирак улс эмч мэргэжилтнүүд, эмнэлгийн тоног төхөөрөмжийг Бейрут руу илгээж, дэлхийн улс орнууд Ливанд эмгэнэл илэрхийлж буй.

Дэлбэрэлтэд НҮБ-ын 48 ажилтан болон тэдний гэр бүлийн 27 хүн өртөж шархадсан байна. Ливанд очиж байгаа бүх мэргэжилтнүүд коронавирусний халдварын нөхцөл байдлыг харгалзан тусгай хамгаалалтын хувцас хэрэгслээр тоноглогджээ.

Хохирлын үнэлгээ

Дэлбэрэлтийн улмаас учирсан хохирол 15 тэрбум ам.долларт хүрч болзошгүй гэж Бейрутын эрх баригчид үзэж байгаа бөгөөд мужийн захирагчийн хэлснээр Бейрутын тал хувь нь хэсэгчлэн болон бүрэн устсан байна. Дэлбэрэлт болсон боомтын захиргаа уг хэрэгт тодорхой албан тушаалтнууд хариуцлага үүрнэ гэжээ. Үүний зэрэгцээ боомтын дарга дэлбэрсэн газрын ойролцоо пиротехник хэрэгсэл байхгүй гэж мэдэгдсэн байна. Пиротехникийн бараа дэлбэрсэн нь Бейрутад болсон гамшгийн эхлэлийн анхны хувилбаруудын нэг байсан юм. Шүүхийн шийдвэрийн дагуу боомтод аммонийн нитратыг хадгалсан гэж мэдэгдсэн боловч боомтын удирдлагууд уг бодис нь маш аюултай болохыг мэдээгүй байна. Бейрутын боомтод аюулгүй байдал ноцтой зөрчигдсөнтэй холбоотойгоор дэлбэрэлт болжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр засварын ажлын үеэр гал гарч, улмаар дэлбэрэлт болсон гэв. Хөлөг онгоцноос хураасан аммонийн нитрат 2014 оноос хойш хадгалагдаж байсан тул аюулгүй байдлын хэм хэмжээг маш ноцтой зөрчсөн гэх үндэслэл байгаа аж. Уг хэрэг хяналтын байгууллагуудын хайхрамжгүй байдлаас болсон гэх мэдээлэл ч байна. Тэсэрч дэлбэрэх нитратыг зайлуулах тухай асуудлыг байнга хэлэлцэж байжээ.

Ливан, Сири дэх “Россия сегодня” агентлагийн сэтгүүлч дэлбэрэлт болсон газраас нэг км орчим зайд завин дээр сууж байсан бөгөөд “Эхлээд цагаан утаа гарч байсан. Энэ нь жагсаал, зам хаах, дугуй шатаах зэрэгтэй адил харагдсан. Харин минутын дараа дэлбэрэлт болсон. Хүчтэй дэлбэрэлт сонсогдлоо. Дэлбэрэлтийн хүч манай завийг багахан шидсэн тул завинд байсан бүх хүн цочирдсон. Бурханы авралаар бид завиндаа үлдсэн. Бүгдээрээ айдас хүйдэст автаж, дэлбэрэлтийн давлагаа тэнгис рүү биш хот руу “ниссэн”” гэж ярьжээ.

Хоёр километрт байсан хүмүүс ч өртсөн

Бейрутын дэлбэрэлтээр амиа алдсан хүмүүсийн тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Дэлбэрэлт 4.5 магнитудын чичирхийлэл үүсгэж, улмаар барилгын хэсгүүд хотын хоёр км-ийн радиуст цацагдсан нь шархдагсдын тоог нэмэгдүүлжээ. Хуримаа хийж буй залуу хос ч Бейрутын дэлбэрэлтэд өртсөн байна. Ливаны нийслэл Бейрут хотын төв эмнэлэгт эмчээр ажилладаг Исраа Себлани дэлбэрэлт болдог өдөр хуримлаж таарчээ. Зурагчин Махмуд Накиб залуу хосын хуримын зураг авч, бичлэг хийж байсан аж. Яг дэлбэрэлт болох үеэр Исраа Себланигийн зургийг авч байхад хүчтэй дэлбэрэлт болж, зураг авч байсан газарт дэлбэрэлтийн хэсгүүд шидэгдсэн байна. Азаар зураг авалтын баг болон залуу хос бэртэж гэмтээгүй аж. Исраа Себланигийн гэр бүл хуримаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
narka(66.181.161.47) 2020 оны 08 сарын 08

mash aimshigtai zuil boljee

0  |  0
Top