Нийслэлийн Эрүүл мэндийн газраас НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Ковид-19” халдварын үед хүүхдийн хоол тэжээлийн тусламжийн тасралтгүй байдлыг хангах, хоол тэжээлийн дутагдлаас сэргийлэх, эмчлэх” сэдэвт дадлага сургалтыг 2020 оны 07 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгууллаа.
Хүүхдийн өсөлт, хөгжлийн хэмжилтийг зөв хийх, хоол тэжээлийн цочмог дутагдалтай хүүхдийг илрүүлэн, эмчлэх, хооллолтын зөвлөгөө өгөх арга барилд сургах зорилготой энэхүү сургалтад Хүүхдийн сэргээн засах төв, нийслэлийн зургаан дүүргийн 119 Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, нийгмийн ажилтан зэрэг нийт 1200 гаруй хүнийг хамруулж, чадавхижуулсан байна.
Энэ онд нийслэлийн хэмжээнд тав хүртэлх насны 600 гаруй хүүхдийг эрүүлжүүлэлт, чийрэгжүүлэлтэд хамруулжээ. Бага насны хүүхдийг хоол тэжээлийн дутагдлаас сэргийлэх, суурь эмгэгийг эрт илрүүлж, эрүүлжүүлэх нь тав хүртэлх насны хүүхдийн урьдчилан сэргийлж болох өвчлөл, эндэгдлийг бууруулах чухал ач холбогдолтой юм.
Ялангуяа улирлын томуу, томуу төст өвчин, “КОВИД-19” халдвар болон түүний хүндрэлээс сэргийлэхэд зайлшгүй хэрэгтэй юм.
Цаашид төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдээс гадна цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдийг гэрээр очиж үзлэгт хамруулах бөгөөд өрх, тосгоны болон дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг, хүүхдийн сэргээн засах төвүүдээр дамжуулан эмчилгээнд хамруулах, шаардлагатай тоног төхөөрөмж, эмчилгээний бэлэн хоолыг олгохоор ажиллаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар
Сэтгэгдэл ( 0 )