CNN агентлагийн сэтгүүлч Марк Даффи Монголын баруун хязгаараар аялж, Баян-Өлгий аймгийн бүргэдчин залуу Женисбек Церикийг онцлон танилцуулсныг хөрвүүлэн хүргэж байна.
“Тийшээ хар даа. Тэр явж байгаа залууг харж байна уу?” гэж Төмөр асуув. “Сайхан харагдаж байна”. Бидэн рүү чиглэн сүрлэг монгол морьтой давхих залуу “Эр зоригийн дууль” кинонд гэртээ эргэн ирж буй Брэд Питтийн нүүдэлчин хувилбар гэлтэй харагдав.
Битүү хатгамалаар гоёсон өмдөн дээр цоохор алаг хүрэм агссан тэр залуу үнэхээр хараа булаана. Тэргүүн дээрээ дулаахан үнэгэн малгай тавьж, баруун гарны шуун дээр нь бүргэд тайван суужээ... Энэ бол үнэртэй усны сурталчилгаа биш.
“Хөмсөг, шанааг нь хар даа” гэж бидний хөтөч үргэлжлүүлэв. “Үнэхээр биерхүү, хүчтэй залуу. Манай охидыг “солиоруулдаг” даа” гэв. “Тийм шүү” гэж Төмөрийн эхнэр Батаа ялимгүй ичингүйрэн батлав. “Гаднах төрхөөр нь сонгодог байсан бол би Төмөрийг бус, түүнийг л сонгох байсан” гэв. Ойроос ажихад урилгагүй зочны хөрслөг царай эзнийхээ хээрийн амьдралыг гэрчилнэ. Алсыг ширтэн зогсох түүний зорсон мэт шанаа, онигордуу нүд залуу Клинт Иствудыг санагдуулна.
Зураг авахуулж, ярилцлага өгөхөөр цугласан бусад дөрвөн бүргэдчиний дэргэд зогсоход нь түүний өндрийг анзаарч, өөрийн эрхгүй бахдав. Бусдаасаа толгой өндөр ялгарч харагдах ба нүсэр хувцас нь өргөн ханхар цээж, булчинлаг гарыг нь улам үлэмж харагдуулна.
Түүний нэрийг Женисбек Церик гэдэг. “Ган дайчин” гэсэн утгатай нэр нь хүртэл түүнийг тодотгох мэт. Гарамгай адуучин, тулам булаацалдах тэмцээний олон удаагийн аварга. Женисбек Дубайд үзэсгэлэнгийн арга хэмжээний үеэр ур чадвар, ид хаваа гайхуулж байсан удаатай.
Монголын алс баруун захын Баян-Өлгий аймагт амьдардаг, хагас нүүдэлчин казахуудын хувьд гадаад улс руу аялах нь харь гарагт очсонтой адил гэсэн үг. Тансаг Дубай тэдний хувьд тэс өөр ертөнц.
Цэл залуухан 26 настай Женисбек бидэнд гэрлээгүй гэж хэлээд, Дубайд нэг, Казахстанд нэг, нийт таван найз охинтой гэж хошигнов. Баян-Өлгий аймгийн хүн амын 90 хувь нь Казахстанаас гаралтай. Түүний хэлсэн үг үнэн болохыг нь мэдэхгүй ч Төмөр, Батаа нарын хэлснээр бол түүний энэ хошигнол бодит байдлаас нэг их халихгүй л болов уу.
Тулам булаацалдах тэмцээний аварга тэрбээр мөн нум сумаар харвахдаа гарамгай нэгэн. Тэр дэлхийн өөр хаана ч ийм их өргөн дэлгэр түгээгүй, олон зууны түүхтэй бүргэдтэй ангийн өлгий нутаг болсон Баян-Өлгийн аймгийн бүргэдтэй анчдын олон тэмцээний ялагч.
Бүргэдтэй ан бол Оросын хаант улсын цэргүүдэд хөөгдөн, Чингис хааны үр удам нутагласан Төв Азийн Монголын алс Алтайн уулс руу шахагдаж суурьшсан, мартагдсан хаант улсын үеэс гаралтай. Хожим нь ХХ зууны эхээр ЗХУ, Хятад улс хоёр талаар нь хилээ тогтооход казахууд эх нутгаасаа таслагдан, буцаж очих боломжгүй болжээ.
Тэд баруун Монголд хагас нүүдэлчин хэв маягаар амьдарч, бүргэдтэй ан хийх өнгөрсөн цагийн уламжлалаа залгуулан, үе хойчдоо өвлүүлсээр иржээ. Зөвлөлт засгийн үед Казахстан улсад эл уламжлалыг хориглосноос хойш Баян-Өлгий энэхүү өвөрмөц спортын цөм нь болж үлджээ.
“Монгол хүний хувьд морь уях нь бахархал. Харин казахуудын хувьд тэдний бахархал бол бүргэдийг ан авд сургах явдал” гэж Төмөрийн эхнэр Батаа ярив.
Энэ нь тэдний алхаа, үйл хөдлөлөөс мэдрэгдэнэ. Эдгээр таван бүргэдчин залуус үнэхээр тэднийг харж буйг мэдэрч, камер чиглэх зуур цээжээ ханхалзуулан, нуруугаа цэхэлж, өөрсдийгөө гайхуулна. Хөмсгөө зангидаж, уруулаа жимийн нүүрний хувирал илэрхийлэх залуус бүх л насаараа камерын өмнө загвар үзүүлж байсан гэлтэй. Тэд 1999 онд Бүргэдийн баярыг анх удаа Баян-Өлгий аймгаас хальж зохион байгуулснаар аялал жуулчлал гэх зүйлтэй нүүр тулжээ. Гэхдээ одоо ч гаднынхан ийш тэр бүр хуйлраад байдаггүй бололтой.
Нутгийн хүнээс улиралд Баян-Өлгий аймагт хэдэн гаднын жуулчин аялсан тухай лавлахад тэр олон гэж хариулав. Яг хэд вэ гэж намайг лавлахад, "800 орчим" гэв.
Аравдугаар сарын эхээр болсон Бүргэдийн баярын үеэр, мөн хоёр долоо хоногийн өмнө Сагсай суманд зохион байгуулсан арай багахан хэмжээний Алтайн Казахуудын Бүргэдийн баярын үеэр гаднын жуулчид нэмэгдсэн байлаа. Эдгээр наадмын үеэр тус бүр 100 бүргэдчин ид хаваа гайхуулж, бүргэдээр үнэг бариулан, давхиж буй морин дээрээс зоос шүүрэх зэргээр өрсөлдөнө. Үүнээс гадна эмэгтэйчүүд таалагдсан эрэгтэйгээ хөөж ташуурддаг тэмцээн үнэхээр сонирхол татна. Өнгөрсөн хэдэн жилд Женисбек ямар олон удаа ташуурын амт үзсэн бол гэж би төсөөллөө.
Жуулчдын хөл татрах үед жинхэнэ бүргэдийн ангийн улирал эхэлдэг байна. Аравдугаар сараас гуравдугаар сарын хооронд бүргэдчид хоёр хоёроороо нийлж, өндөр уулсыг зорино. Нэг нь ан үргээж, нөгөө нь өндөр уулын оройгоор бүргэдээ тавина. Ихэвчлэн үнэг, туулай агнах бөгөөд гоёмсог арьсаар нь дулаан малгай хийдэг. Яг л Женисбек болон түүний нөхдийнх шиг.
Ан ав хэдэн ч хоног үргэлжилж болно. Бүргэд гаршуулж, ан авд сургах нь эзнээс маш их тэвчээр, цаг хугацаа шаарддаг ажил. Би Төмөрөөс "Нөхөр нь маш олон цагийг эхнэртээ бус шувуунд зориулах нь гэр бүлийн маргаанд хүргэдэг үү" гэж асуулаа. Тэр мөрөө хавчив. Нөхөрт гараагүй бүсгүйчүүд Женисбекийн араас хуйлардаг шиг чиний араас гүйгээд байхад эхнэр хэрэгтэй гэж үү?
Сэтгэгдэл ( 5 )
Хаана зүрхийг нь эзэмдээд байна ааа
Жинхэнэ эрх чолоот , байгалын жамаар хээр ан гороо хииж , давхиж явахад жаргал шуу. Толгойгоо янз буриин компьютер , гар утас , ресторан , сэнгээний газар , улс тороор овдуулэхгуй унэхээр сайхан шуу.
Odoo er hunii id bahiig iltgeh orgon tseej mortei uhaalag tsoon ugtei alsiig harsan uhaantai iim er hun l ohidiin setgeliig tatnadaa
Ohidiin gene uu
Сайхан орчуулга байна баярлалаа\n