"Эрдэнэт үйлдвэр"-ийн Ил уурхайн анхны монгол өрмийн машинч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Данзангийн Жаргалсайхантай ярилцлаа. Тэрээр 18 насандаа ажилчин ангийн эгнээнд элсэж, тухайн үеийн ЗХУ-д мэргэжил эзэмшин эрдэнэс уудлах их үйлст “ханцуй шамласан”-аар 30 гаруйхан насандаа Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм алдрыг хүртсэн юм.
-Та Булган аймгийн Орхон сумын хүн байхаа. Эрдэнэт үйлдвэрийн ажилтан болсон түүхээ дурсахгүй юу?
-Тиймээ, би уулынхаа өвөрт төрж өссөн, энэ нутгийн хүн. 1974 оны зун Халиунаас Эрдэнэт үйлдвэрт ажиллахаар зорин ирж байлаа. Эрдэнэтийн барилгын удирдах газрын хоёрдугаар хэсэгт мужаанаар ажилд орж ажилчин хэмээх алдрын эзэн болсон. Тэнд нэг жил ажиллаад 1975 оноос Эрдэнэт үйлдвэртэйгээ хувь заяагаа холбосон доо. Тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн суурь тавигдаж, уурхайн болон баяжуулалтын, цахилгааны гээд төрөл бүрийн мэргэжлээр ажилчдыг бэлтгэх компанит ажил өрнөсөн юм. Хуучнаар ЗХУ-д мэргэжилтэй ажилтан бэлтгэхээр залуусыг явуулахад тэдэн дунд өрмийн анхны есөн хүн сурахаар явж байлаа.
-Шалгаруулалт явагдсан уу?
-Социализмын үед ЗХУ-д курст, сургуульд явахын тулд нарийн шалгуур давдаг байсан шүү дээ. Нэгдүгээрт, гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй байх, мэдээж эрүүл мэндийн байдал, уурхайд ажиллах бие бялдрын хөгжлийг харна. Аймгийн намын хорооны товчоо хуралдаж, хүн бүрийг нэг бүрчлэн авч хэлэлцэн шийддэг байсан. Өрмийн анхны машинчид Оренбург мужийн Кай хотод сурч бэлтгэгдсэн. Монголын төр уул уурхайн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх үйл явцыг маш нарийн зохион байгуулсан. Бид “хойно” нэг жилийн курс төгсөөд ирэхэд Баяжуулах үйлдвэрийн суурь тавигдчихсан, барилгын ажил ид дундаа явж байсан.
-Ил уурхайд ямар ажил өрнөж байв?
-Зөвлөлтийн уурхайн барилгын удирдах газар гэж шинэ байгууллага анхны тэсэлгээ хийгээд уулын оройгоос хөрсөө хуулаад эхэлж байсан. Хэдийгээр сурч төгсөөд ирсэн ч бие даан ажиллахгүй. Орос багшийг дагалдан туслах машинчаар ажилласан. Тэгээд долоо хоногийн гурван өдөр нь онолын хичээл заалгана. Онол, дадлага хослохоор бүр сайн сурна. Хөдөөгийн залуус бид чинь машин, мотоцикл харж байснаас унаж яваагүй, уурхайн хүчтэй, нүсэр техникийн барааг бүр хараа ч үгүй нөхөд байгаа шүү дээ. Түргэвчилсэн сургалтыг маш өвөрмөц аргаар, биеэр нь мэдрүүлж заасан нь онцлогтой. Ер нь манай үйлдвэр хүний нөөцөө эхнээсээ оновчтой бодлогоор их сайн бэлтгэсэн. Тэр бодлого одоо ч алдагдаагүй.
-Дагалдан хүүхэд Хөдөлмөрийн баатар болтлоо өсөхөд үйлдвэрийн зүгээс дэмжлэг хэр байв?
-Би багаас нь ажилласан. Курс төгсөж ирээд нэг жил дагалдангаар ажиллаад жинхэлсэн. Тусгай шалгалт өгч байж бие даах эрх авна. Тухайн үед өрмийн машинчийн 5, 6-р зэргийн шалгуурыг хоёр хүн давсан юм. 1978 онд Хүдрийн ил уурхай анх байгуулагдахад өрмийн анхны монгол машинчаар ирж байлаа. Ер нь тухайн үеийн төр засаг, ГОК-ын удирдлагууд үнэхээр ажиллаж чадаж байгаа залуусыг их дэмждэг байсан. Би 1979 онд 22 насандаа ЗХУ-ын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж явлаа. 24 насандаа Их хурлын депутатаар Эрдэнэт хотоос сонгогдон таван жил ажилласан. 31 насандаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо хүртсэн дээ. Энэ хүртэл төрийн дээд шагнал, одон медалиудыг шат дараалуулан авсан. Хүний хөдөлмөрийг нас харгалзахгүй үнэлдэг, хөхиүлэн дэмждэг сайхан үе байлаа. Надаас хойш 30 жилийн дараа миний шавь Б.Батбаяр Хөдөлмөрийн баатар болсон.
-Та олон шавьтай юу?
-Тоолбол их олон. Харин Төрийн дээд шагнал Алтан гадас одонтой шавь нарынхаа тоог хэл гэвэл ес байна. Шавь нар маань багшийнхаа үзүүлэлтийг давсан амжилт үзүүлсэн. Техникийн хүчин чадал сайжирсан нь тодорхой нөлөө үзүүлсэн ч хувь хүний хүчин зүтгэл, мэдлэг, чадвар хамгийн чухал юм.
-Та ажиллах хугацаандаа хэдий хэмжээний өрөмдлөг хийсэн бол. Тооцож үзсэн үү?
-Сүүлд бол үзээгүй ээ. Харин Хөдөлмөрийн баатар болоход нэг сэтгүүлч 64 км буюу Эрдэнэтээс тойруу замаар Булган аймаг орохын дайтай өрөмджээ гэж зүйрлэж хэлсэн нь надад их таалагдаж билээ. 31 настай үеийн харьцуулалт шүү дээ. Түүнээс хойш гавьяаны амралтдаа гартал ажилласан гэхээр овоо хол яваа байлгүй. /инээв/ Тухайн үед миний амжилтыг дэлхийн ижил төстэй таван уурхайтай жишиж дүгнэсэн гэдэг. Одоо Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаа Х.Бадамсүрэн тухайн үед яамны мэргэжилтнээр дөнгөж томилогдоод байхдаа “Эрдэнэтийн Д.Жаргалсайханы тодорхойлолтын үзүүлэлтийг гарга” гэсэн үүрэг аваад ажиллаж байсан тухайгаа надад саяхан ярьсан. Бас сонин тохиол учрал юм даа.
-Эрдэнэтийн уурхайчдын онцлог, давуу чанар юу байв?
-Залгамж халаа. Маш сайн бэлтгэгдсэн ажилтан чадварлаг шавь төрүүлдэг. Мэдлэг, чадвараа өвлүүлэх дадлага давамгайлсан сургалт байнга хийгддэг онцлогтой. Дээр нь хөдөлмөрлөх соёл гойд төлөвшсөн үйлдвэр. Цагийн менежмент, сахилга бат, хөдөлмөр хамгаалал, дэг журмыг дээд зэргээр сахидаг. Үүнийг дараагийн үедээ өвлүүлдэг уламжлалтай. Тиймээс манай уурхайчид өндөр бүтээмжтэй, нэр хүндтэй, сайн ажиллаж байна. Ер нь хөдөлмөрт хандах ухамсарт чанар хэдий өндөр байна, амжилт төдий чиний ойрхон байдаг. Өнөөдрийг хүртэл Эрдэнэт үйлдвэрийнхний үгсийн санд “төлөвлөгөө тасарлаа” гэх үг байдаггүй. 40 гаруй жилийн хугацаанд төлөвлөгөөгөө байнга давуулан биелүүлж ирсэн агуу чанартай хамт олон. Туйлын үнэн бөгөөд миний хувьд юутай ч зүйрлэшгүй бахархал.
-Та гавьяаны амралтдаа суугаад нэлээд удлаа. Эрдэнэт үйлдвэрээ гаднаас нь ажихад анхаармаар асуудал байдаг уу?
-Эрдэнэт үйлдвэр маань суурь сайтай болохоор бүх талын бодлого зөв явдаг. Ямар ч үйлдвэрийн газартай жишиж зүйрлэмгүй. Одоо байгаа туршлага, хөдөлмөр зохион байгуулалт, дэг журам, соёлоо улам хөгжүүлээд яваасай гэж хүсдэг. Тэр тусмаа хүний нөөцийн бодлого чиглэл, авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, арга барил нь сайн байна л гэж хөндлөнгөөс дүгнэдэг дээ. Надад санаа зовох зүйл байдаггүй. Эрдэнэт гэхээр бүх зүйл дээр сэтгэл тайван байдаг. Хүний нөөцийн хувьд ч, хүдрийн нөөцийн хувьд ч сэтгэл дүүрэн байдаг. Эрдэнэт бол мөнхөд орших хот юм.
-Залуустаа хандан захих үг бий юу?
-Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын гурав дахь үе гарчихсан явна. Шавийн маань хүүхдүүд ажиллаад явж байна шүү дээ. Хорвоо дээр хоёр л мөнх юм байдаг. Эх орон, ард түмэн. Тиймээс улс орныхоо хөгжил, ард түмнийхээ сайн сайхны төлөө эрдэм боловсрол, энэ биеэ бүтэн зориулж алдар амжилтын эзэн яваарай гэж залуустаа захья.
-Баярлалаа.
М.ОДГЭРЭЛ
ФОТО: Б.БАТТӨГС
Сэтгэгдэл ( 3 )
Түүхэнд хэрвээ гэж байдаггүй
Анхны яум аргагүй
элбэг хулгайчид алдчихалгүй эргүүлж авсан нь их юм. цаад худалч хулгайч юу гэж донгосдог байлаа. эрдэнэт одоо хэрэггүй гэж яаж бурж чадаж байнаа. өөрт л хэрэгтэй гэнэ