НҮБ: 2020 онд шууд хөрөнгө оруулалт 30-40 хувиар буурна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 27

Энэ онд дэлхий хэмжээнд шууд хөрөнгө оруулалт 30-40 хувиар буурна гэж НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал урьдчилан тооцоолжээ. Хөгжингүй орнууд коронавирусний цар тахлын хоёр дахь давлагаанд хүчтэй өртөж буйн улмаас гаднын шууд хөрөнгө оруулалт 50 орчим хувиар буурах магадлал өндөр байна.

2020 оны эхний гурван улирлын санхүүгийн үзүүлэлт урьдчилсан таамагтай нийцэж байгаа ч 2020 он тодорхойгүй байдлаар дүүрэн гэж шинжээчид дүгнэж байна.

Гаднын шууд хөрөнгө оруулалтын салбарын нөхцөл байдал эрүүл мэндийн салбарын хямрал хэр удаан үргэлжлэх, цар тахлын эдийн засгийн үр дагавартай тэмцэх талаар авах улс төрийн алхмаас шалтгаална гэж шинжээчид үзэж байна. Үүнээс гадна геополитикийн эрсдэлүүд урьдчилсан төлөвт тодорхойгүй байдал үүсгэсэн хэвээр байна.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын мэдээллээр, дэлхийн улс орнуудад хэрэгжүүлсэн хорио цээрийн дэглэм хөрөнгө оруулалтын төслүүдийн удаашруулснаас үүдэн гаднын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн оныхтой харьцуулахад 49 хувиар буурчээ. Аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудад гаднын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ эхний зургаан сард 75 хувиар буурч, 98 тэрбум ам.доллар болсон бол Хойд Америкт энэ үзүүлэлт 56 хувиар буурч, 68 тэрбум ам.доллар болжээ. Хөгжиж буй орнуудад шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 16 хувиар буурсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top