Ч.Уртнасан: Байгууллагын захиалгаар Томуугийн вакцинд хамруулна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 04

ХӨСҮТ-ийн томуугийн үндэсний нэгжийн эмч Ч.Уртнасан томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх болон улсын хэмжээнд өвчлөл ямар байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Томуу төст өвчин нь эмнэлэгт хэвтэх, бага насны хүүхэд энэ өвчнөөр хүндрэх гол шалтгаан болж байна. Өвчлөл сүүлийн гурван жилийн дунджаас 0.2 хувиар нэмэгдсэн. Нийт өвчлөлийн 90 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд, 70 орчим хувийг дөрөв хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.

Наймдугаар сарын сүүлээс хойш риновирус эргэлтэд байсан бол одоо энтеровирус, аденовирус орж ирсэн. Томуугийн вирус орж ирээгүй. Эдгээр вирусний халдварын үед хамрын ханиад шуухинаа, хоолой өвдөх, нусгайрах, нүд улайх зэрэг шинж тэмдэг илэрч байна” гэлээ.

Томуугийн эсрэг вакциныг одоо байгууллага, хамт олны захиалгаар хийхээр төлөвлөж байгаа аж. 80 мянга орчим хүний захиалгыг авсан байна.

Томуугийн вакцинаас гадна маск зүүх, гараа угаах, өвдсөн бол өөрийгөө тусгаарлах арга хэмжээг авснаар өнгөрсөн жил өвчлөлийг богино хугацаанд тав дахин бууруулж чаджээ. Эдгээр арга хэмжээг авснаар томуугийн өвчлөлөөс сэргийлэх бүрэн боломжтой юм.

Иргэд та бүхэн дулаан хувцаслаж, шим тэжээлтэй хоол унд хэрэглэн, гараа савандаж угаах, амны хаалтаа тогтмол зүүх зэрэг эрүүл ахуйн арга хэмжээг аваарай. Мөн өвчний ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн бол эмчид хандаж, өөрийгөө тусгаарлах зэргээр бусдад тараахаас сэргийлэх хэрэгтэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top