ОЛОН ӨНГӨ: Эл хуль гудамж

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 17

Үргэлж  хүмүүс хөлхөж байдаг автобусны буудал хов хоосон.  Хаа нэг жижиг тэрэг хажуугаар өнгөрнө. “Нисэх-Ард кино театр” гэсэн хаягтай автобус хоосон буудал дээр алгуурхан зогсов. Хаалга онгойтол жолооч залуу “Эгч ээ, Дэнжийн мянга явна шүү” гэж байна. Суулаа. Монгол хүн байна даа, сар шинийн мэнд мэдэлцлээ. Хэн хэнээ хараад жигтэйхэн баярлалаа.

Жолооч залуу ярьж байна. “Эгч ээ, би автобусанд минь нэг ч гэсэн хүн суугаасай гэж хүсээд л байлаа. Ашгүй та ороод ирлээ. Ийм эзгүй гудамж, хоосон замаар явах ямар эвгүй юм бэ. Яг дайн болчихсон юм шиг. Урьд нь дүүрэн машинтай замд түгжрээд, дүүрэн хүмүүстэй автобусанд шуугилдаад явахад сайхан байж дээ” гээд санаа алдаж байна.

“Нийтийн тээвэр ямар хуваариар яаж яваад байна аа” гэж асуувал залуу “Харин ээ, бид ч өөрсдөө учраа олохгүй байна аа” гэж учирлав.

Буугаад хэд алхтал цагдаа зогсоолоо. Бичиг баримтаа үзүүлээд цаашаа хөдөллөө.

Зорчигчоо санасан жолооч, хөл хөдөлгөөнөө үгүйлсэн замууд, нэг нэгнээсээ дайжингуй, цэрвэнгүй, болгоомжлонгуй харцууд. Энх цагт өдийд автобус дүүрэн хүмүүс амгалан мишээл тодрууланхан, бэлгээ тоолсон хүүхдүүд баяртайгаар дуу хадаахан, халамцуухан эрчүүд хэн нэгэнд үг шидэнхэн... явдаг сан.

Ийм Энх цаг... ирэх өдөр... удахгүй л байгаасай.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(59.153.114.171) 2021 оны 02 сарын 17

Сайхаан сайхан, урд өмнөх онуудын тэмцээн уралдаан баяр наадам, дэлгүүр хоршоо, хурим найр, гудамжны хөдөлгөөн, үймээн самууны бичлэгүүдийг үзээд баярлах бахдах, санах сэтгэгдэл төрөх юм даа. Ирээдүйд бага ч гэсэн дөхөх байх гэж л найдахаас

0  |  0
123(202.9.46.84) 2021 оны 02 сарын 17

Цаашид иймэрхүү л бна!

0  |  0
Top