"Таван голыг “тамлахаар” ирсэн “Мон Ураниум Ресурс” ХХК-ийг Эрдэнэцагааныхан эсэргүүцэж байна” нийтлэлээ өмнөх дугаарт хүргэсэн билээ. Хууль бус уурхайн үйл ажиллагааг эсэргүүцсэн Эрдэнэцагаан сумын иргэдийн төлөөлөл нутгийнхаа байгаль экологийн төлөө тууштай тэмцэхээ илэрхийлсээр байна.
Г.Өнөрцэцэг: Эрдэнэцагаанчууд ундаалах усгүй болчих вий гэхээс айж байна
Эрдэнэцагаан сумын иргэн Г.Өнөрцэцэгээс дараах асуултад тодруулга авлаа.
-Та уурхайн талаар ямар мэдээлэлтэй байна вэ?
-Миний хувьд төрөлх нутгийнхаа уул ус, газар шороог шүтэж сүсэглэж явдаг хүн. Тийм ч учраас олз ашиг хайсан гадны хүмүүсийн шунал сувдаг сэтгэл эх нутгийг маань сэвтээх учиргүй гэж боддог. Даанч Зотол хан уулын минь хажууханд, Эрдэнэцагаан сумын маань салхин талд хууль бус уул уурхайн үйл ажиллагаа эхэлж байгаад үнэхээр их санаа зовниж байна. “Мон Ураниум ресурс” ХХК-ийн одоогийн энэ явуулж байгаа үйл ажиллагааг “Эрээн толгой”-н төсөл гэдэг юм билээ. Хүрэн нүүрсний олборлолт хийнэ гэж байгаа ч иргэд бидэнд их эргэлзээтэй санагддаг.
Учир нь бичиг баримтуудыг нь судлаад үзэхээр энэ компани нүүрсний хайгуул огт хийгээгүй байдаг. Тэгсэн мөртлөө гэнэт нүүрсний уурхай гэж гараад ирж байгаа нь үнэхээр хачирхалтай. Хамгийн гол нь энэ уурхай нүүрснийх ч бай, ураных ч бай байгаль экологийн асуудал хүндэрч байгаа юм.
-Уурхайн үйл ажиллагаа явуулах талбай Эрдэнэцагааны сумын төвтэй их ойрхон байна. Суурьшлийн бүс нутагтай ойрхон байгаа нь сумын иргэдийн аюулгүй, эрүүл орчинд амьдрах эрхийг нь шууд зөрчих нь дээ?
-Тийм. Нутгийн иргэдийн 80 гаруй хувь нь амьдардаг бүс нутагт уурхайн үйл ажиллагаа эхэлж байгаа нь үнэхээр сэтгэл зовоосон асуудал болоод байна. Хөрс хуулалтаас үүдсэн шороо тоос гэж жигтэйхэн их. Олборлолтоо эхлүүлээд тээвэрлэлт хийгээд эхэлбэл ойр орчмын хөрс сүйдэж, хүнтэй малтайгаа хүнд байдалд орох нь тодорхой. Хамгийн ноцтой нь уурхайн олборлолт хийгдэх газар нь манай Эрдэнэцагаан сумын гол усны эх ундарга дээр байрлаж байгаа нь экологийн тэнцвэрт байдал алдагдах эх үндэс болох юм шүү дээ.
-Сумын усны эх ундарга таван голын дунд уурхай байрлачихсан байгаад нутгийн иргэд халаглах нь аргагүй л юм даа?
-Энэ компани манай сумын дөрвөн багийн нутгийг дамнаж газар авчихаад байгаа юм. Тэр газар нь эрдэнэцагаанчуудыг ундаалдаг томоохон голын голдиролуудыг даган байршиж байна. Ирээдүйд хүн, мал ундаалах усгүй болохвий гэсэн айдас болгоомжлол бидэнд бий. Нутгийн иргэдийн ихэнх нь зуны цагт голоо тойроод нутагладаг ийм сайхан газар нь уурхай эхэлж байгаа болохоор сумынхан бидэнд үнэхээр хүндхэн тусч байна. Одоо бол уурхайн төсөл дөнгөж эхлээд тэрүүхэн тэнд жаахан газар харагдаж байгаа. Гэвч цаашдаа улам л газраа ахиулж өргөн хэсэгт үйл ажиллагаа явуулна. Угаасаа уурхайн нөөц 30-40 жил гэж тогтоогдсон юм билээ.
-Өөр нэг асуудал нь уг уурхай хүрэн нүүрснийх бус ураных гэсэн яриа байна. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Тийм. Иргэдийн гол хардаж байгаа зүйл нь ураны хайгуул хийгээд хүрэн нүүрсний олборлолт хийнэ гэдэг их сэжигтэй санагдаад байгаа юм.
-Нутгийн иргэд та бүхний зүгээс уурхайг хууль бусаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэж байсан. Гол үндэслэл нь юу вэ?
-Газрын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, хоёр гүний худаг, таван цооног гаргачихсан. Хөрсний хуулалт 7-8 метрийн гүн ухсан. Хоёр обьектын суурийг цутгаж, далангууд ухсан байгаа. Энэ бол хууль бус. Угаасаа анхнаасаа л энэ уурхай хууль бусаар бичиг баримтуудаа бүрдүүлж эхэлсэн байдаг. Энэ бүхнийх нь гар хөл манай сумын хуучин Засаг дарга Ө.Батсайхан болон түүнийг тойрон хүрээлэгчид байсныг нутгийнхан цөм мэднэ.
-Сумын нэр бүхий дарга нар хууль бус үйлдэл хийж, уурхайн гар хөл болсон гэлээ. Тодруулахгүй юу?
-Энэ уурхай анхнаасаа хууль бус үйлдэл хийсэн. Багийн иргэдийн хурлыг хуралдуулахдаа хоёр машинаар хүмүүс авч очоод архидуулж байгаад гар өргүүлээд нууцаар саналыг хурааж авсан байдаг. Багийн дарга, Иргэдийн хурлын даргад мөнгө өгсөн баримт ч бий. Иймээс бид энэ хүмүүсийг шүүхэд өгчихсөн байгаа. 2021 онд сумын Иргэдийн нийтийн хурал хуралдаад газрын зөвшөөрөл өгөөгүй байгаа. Ийм байхад энэ нөхдүүд коронагийн үеэр автобус дүүрэн хүн авчирч, талбайгаа баруун тийш нь өргөтгөөд үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаа юм. Тус компанийг энэ хүртэл нь дэмжиж, орон нутгийн бичиг хийж өгсөн хүн бол сумын Засаг даргаар хуучин ажиллаж байсан Ө.Батсайхан, байгаль орчны дарга байсан Б.Амарсүрэн хоёр юм. Тэд 2018 оны наймдугаар сард хууль бус бичгээ хийж өгсөн байдаг. Тэр үед Иргэдийн нийтийн хурлаар ороогүй бичгийг нууцаар хийж гарын үсэг зурж өгсөн байдаг. Би тухайн үед иргэдийн хяналтын Ажлын хэсэгт байсан болохоор энэ бүхнийг сайн мэднэ. Уурхайнхан бүрдүүлэх бүх бичгээ дандаа мөнгөөр зодоод авчихсан байдаг. Яривал олон юм бий.
-Жишээ нь?
-Хуучин Засаг даргын орлогч байсан н.Алтан-Очир гэж хүн бий. Түүний дүү н.Алтантуяа энэ компанийн менежерийг нь хийдэг. Иймэрхүү ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс тус компанийн гар хөл болдог. Одоо бол Эрдэнэцагаан сумын Тамгын газрын дарга н.Мөнхцэцэг гэж хүн бий. Бас л хамаатан садны холбоотой. Компанийн эрх ашгийг хамгаалаад яваад байдаг. Түүнийг АТГ-т өгөх бодолтой байгаа. Хууль шүүхээр явахаар н.Алтан-Очирын дүү нь аймгийн Цагдаагийн газарт алба хашдаг. Түүгээрээ түрий барьж нутгийн иргэдийг “Цагдаад өгнө” гэж сүрдүүлдэг. Хуулийг гууль болгоод муу аргаар яваад сурчихсан иймэрхүү этгээдүүд байсны үр дагавраар уурхайнхан улам давраад байдаг.
Ч.Эрдэнэцэцэг: Ахмадууд бид хариуцлагагүй уул уурхайг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй
Эрдэнэцагаан сумын өндөр настан Ч.Эрдэнэцэцэгээс уурхайн талаар сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр хэлэхдээ “Манай сумын 600 гаруй ахмад бүгд эсэргүүцэж байгаа. Бид өнгөрсөн намраас хойш 20, 30-аараа хуваагдаж удаа дараа уурхай дээр очсон. Сумын төвөөс холгүйхэн байрладаг энэ уурхай таван голын огтлолцол дээр хөрс ухаж малтаад байгаа юм билээ. Бүх л зүйл нь хууль бус. Манай сумын 7000 иргэн лав хүлээн зөвшөөрөөгүй. Гэвч энэ уурхайн хувьд Эрдэнэцагааны иргэд бид хүн биш бололтой. Нутгийн иргэд нь зөвшөөрөөгүй байхад уурхай эз түрэн орж ирээд байна. Ойр орчмын малчид төдийгүй Эрдэнэцагааны иргэд уурхайн тоосонд дарагдаж дууслаа. Сумын салхин талд нь байрлачихсаныг ч хэлэх үү экологийн асуудал улам л хүндрэх шинжтэй. Уурхайнхан ядаж засмалаа тавьж, дэд бүтцээ хөгжүүлчихсэн бол яая гэхэв. Гэтэл дэд бүтцийн ямар ч зүйл хийгээгүй байж хөрс хуулж, том техник хэрэгсэл ажиллуулж болдог хэрэг үү. Ахмадууд бидний хувьд ийм хариуцлаггүй уул уурхайг хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Орон нутагт уул уурхай ажиллаа гээд хэзээ ч онож байгаагүй. Уугуул иргэд, малчин өрх айлууд хохирч л үлддэг. Хамгийн гол нь байгаль экологийн асуудал хэцүүднэ. Энэ уурхайн ойрхон бидний шүтээн хайрхан Зотол хан уул минь бий шүү дээ” гэв.
С.Амарсайхан: Уурхайнхан шат, шатны хурган дарга нарт нөлөөлөл үзүүлдэг байж болзошгүй
Төрөлх нутгийнхаа байгаль экологийн асуудалд санаа зовж, дуу хоолойгоо хүргэж явдаг яруу найрагч С.Амарсайханаас дараах асуултад тодруулга авлаа.
-Таны хувьд Эрдэнэцагаан суманд 2016 он хүртэл Засаг даргаар ажиллаж байсан хүн. Тухайн үед “Мон Ураниум ресурс” ХХК-аас уурхай явуулах хүсэлт сумын засаг захиргаанд хүрүүлж байв уу?
-Тус компани тухайн үед хайгуулын үйл ажиллагаа явж байсан байх. Харин “Уурхай ашиглая” гэсэн хүсэлт ирүүлж байгаагүй. Намайг ажил өгсний дараа л энэ бүх хэрэг болж өнгөрсөн юм билээ. Ер нь бол миний дараа ажил авсан Ө.Батсайхан гэдэг хүний үед л энэ асуудал өндрөө авсан гэж сонссон. Би нэг л зүйлийг баттай хэлж чадна. Миний үед нэг ч уурхайн ашиглалтын зөвшөөрөл зурагдаагүй. Би энэ бүхнийг хаана ч хэлнэ.
-Та энэ яригдаад буй уурхайн талаар ямар мэдээлэл өгч чадах вэ?
-Миний ойлгож байгаагаар бол Зотол хан уулаас 30 километрийн зайтай Хонгорын голын Цагаан эрэгний тал дээр “Таван булшны тал” гэдэг газар энэ уурхай үйл ажиллагаа эхлүүлж байгаа нь үнэн. Энэ компани урьд нь ураны хайгуул хийж байсан гэдэг. Одоо харин нүүрс олборлох гэж байгаа гэж яригддаг.
-Орон нутгийн удирдлагууд компанийн гар хөл болдог гэх юм. Та энэ тал дээр юу хэлэх вэ?
-Уул уурхай гэдэг бол мэдээж мөнгөтэй хүмүүсийн ажил байдаг. Тэд үйл ажиллагаагаа явуулахын тулд орон нутгийн зөвшөөрөл хуулиараа авах ёстой. Тэр зөвшөөрлөө авахын тулд шат шатны жижиг хурган дарга нарт нөлөөлөл үзүүлж, ажлаа явуулчих санаатай байгаа. Тэгэхээр чиний асуусан зүйл ор үндэсгүй биш. Ийм зүйл байхыг үгүйсгэхгүй. Мэдээж малчид иргэдийн хувьд бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг болохоор уурхай хүсүүштэй зүйл биш нь тодорхой. Угаасаа уул уурхайн хор хөнөөл асар их. Байгаль экологийн асуудлаа бодож, ирээдүйнхээ төлөө уурхайгаас татгалзах хэрэгтэй л гэж би боддог. Уг нь Мэргэжлийн хяналтын газар төрийн өмнөөс ажиллах ёстой. Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа бол дүгнэлт гаргаж, зогсоох ёстой.
Уурхайнханд “найр тавьсан” орон нутгийн удирдлагуудад хариуцлага тооцьё
Аливаа зүйлд хариуцлага гэдэг хамгийн чухал. Орон нутгийн иргэдийн эрх ашгаас өөрсдийн ашиг сонирхлыг илүүд тавьж, “Мон Ураниум ресурс” ХХК-ийг дэмжсэн бичиг хийж өгсөн сумын Засаг дарга асан Ө.Батсайханы үйлдэл үнэхээр хариуцлаггүй санагдана. Хамгийн гутамшигтай нь Эрдэнэцагаан сумын хуучин Засаг дарга Ө.Батсайхан, байгаль орчны улсын байцаагчаар ажиллаж байсан М.Амарсүрэн нарын этгээдүүд уул уурхай хайгуулын үйл ажиллагааг дэмжсэн дүгнэлт гэрээ холбогдох бичиг баримт нэгийг ч үйлдээгүй гэж уул уурхайн эсрэг тэмцэж байгаа ард иргэдэд танилцуулчихаад газар дээр нь очиход бүх л бичиг баримт дээр гарын үсэг, тамга тэмдэг дарж, зөвшөөрөл олгосон байдаг аж. Энэ бүхнийг нь аймгийн Мэргэжлийн хяналтын шалгалтаар илрүүлсэн ч удаатай гэнэ. Ганцхан жишээ дурдахад, сумын хуучин Засаг дарга Ө.Батсайхан 2017 оны нэгдүгээр сарын 13-нд Ашигт малтмал, газрын тосны газарт тодорхойлолт гаргаж “Гуравдугаар багт АДАЭ ХХК-ны Эрдэнэцагаан нэртэй ХV-013166 талбайд 200 га газарт хайгуул хийж ашиглалтын лиценз авахыг зөвшөөрсөн” гэсэн байгаа юм. Багийн Иргэдийн нийтийн хурал болон Сумын ИТХ-аар ч хэлэлцээгүй яригдаагүй байхад урьдчилаад тодорхойлолт явуулчихсан байсан хэмээн тухайн үед иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байсан хүмүүс, нутгийн иргэд хэлж буй юм. “Мон ураниум ресурс” ХХК-д ч гэсэн дээрх жишгээр дэмжсэн бичиг хийж өгсөн талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Энэ мэт мөнгөтэй уурхайнхны халаасанд орж, орон нутгийнхаа газар шороог “наймаалцдаг”хурган дарга нарт хариуцлага тооцох хэрэгтэйг хууль хяналтын байгууллагууд анхааралдаа авах цаг нь болжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Тэмцдэгггүй ард түмэн мөхдөг. Үр дүнд хүртэл нь дэмжээрй
Улаанбадрахыг бүү давтаарай
Uls oron hogjmoor baina ajiliin ni hiilge malchidaa.