Хунтайж Филиппийг бямба гарагт ЭЦСИЙН ЗАМД НЬ ҮДНЭ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 12


Их Британийн хатан хаан II Элизабетийн нөхөр, Эдинбургийн гүн Филиппийг оршуулах ёслол энэ сарын 17 буюу ирэх бямба гарагт болно.

Букингемийн ордоноос мэдэгдсэнээр цар тахлын нөхцөл байдлын улмаас оршуулгын ёслол хунтайж Филиппийн өөрийнх нь хүсэж байсан шиг олныг хамарсан бус Виндзор цайз дахь Гэгээн Жоржийн сүмд болох аж.

Их Британид “COVID-19”-ийн халдварын тархалтыг хязгаарлахаар авч хэрэгжүүлж буй хязгаарлалтын дагуу хунтайжтай салах ёс гүйцэтгэх арга хэмжээнд оролцох хүний тоог 30-аар хязгаарлажээ. Хатан хаан II Элизабет тэргүүтэй хааны удмын гэр бүлийн гишүүд бүгд амны хаалт зүүх шаардлагатай гэнэ.

Букингемийн ордоны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр хааны гэр бүлийн гишүүний эрх, үүргээсээ татгалзаж, АНУ-д амьдарч байгаа хунтайж Харри оршуулгын ёслолд оролцохоор ирэх аж. Харин түүний эхнэр Меган Маркл бие давхар учир хилийн чинад руу зорчихгүй байхыг эмч нар зөвлөсөн байна.

Грек, Данийн хааны удмын угсаатай хунтайж Филипп энэ сарын 9-нд 99 насандаа таалал төгссөн юм. Тэрээр 1947 онд Элизабетийг хатан хаан болохоос таван жилийн өмнө түүнтэй гэрлэж байв. Их Британийн түүхэнд хамгийн удаан хаанчилж буй язгууртан гэр бүл дөрвөн хүүхэд, найман ач, зээ, 10 гучтай.

Их Британийн хатан хааны гэр бүлийн зүгээс олныг хамарсан арга хэмжээ болохгүй тул хунтайж Филипптэй салах ёс гүйцэтгэхээр цугларах гэсэн ард түмнээсээ уучлалт хүсжээ.
 

  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.40.239) 2021 оны 04 сарын 16

Энэ хоер эрхэм хүнтэй алдарт букингемийн ордонд уулзан ярилцах ховор завшаан тохиож билээ.Их л сэргэлэн хөгжилтэй хүн байж билээ.Тэнгэрийн оронд залрах болтугай.

3  |  0
Top