Улаанчулуутын иргэдэд 300 мянган төгрөг олгох ажлыг зохион байгуулав

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 19

"Өглөөний сонин"-ы дөрөвдүгээр сарын 15-ны дугаарт “Улаанчулуутын хүмүүст улсын дэмжлэг очоогүй байна” сурвалжилга нийтлэгдсэн билээ.

Манай сурвалжлах баг төр засгийн дэмжлэг болох 300 мянган төгрөг эзнээ олж байна уу гэдэг асуудлыг хөндөн сурвалжилга бэлтгэсэн юм.

Улаанчулуутын хогийн цэг дээр ажиллаж, амьдардаг иргэдтэй уулзахад ихэнх нь “Надад тийм мөнгө ороогүй, ямар хүнд нь ороод байдаг юм” гээд мэдээлэл муутай, гомдонгуй, цөхрөнгүй байсан юм. Тэдний ихэнх нь бичиг баримтын зөрчилтэй, банкны картгүй, дансгүйн улмаас 300 мянган төгрөг нь ороогүй байлаа. Хогийн цэг дээр ажиллаж, амьдардаг иргэн У-ийн гэрт очиход гэр нь хүйтэн, хоол хүнсгүй байсан нь ядуу тарчиг амьдарч буй зуу зуун айл өрхийн нэгээхэн дүр зураг, төлөөлөл юм.

Тэгвэл манай сурвалжилгын мөрөөр энэ сарын 16-ны өдөр буюу өнгөрсөн баасан гарагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд А.Ариунзаяа биечлэн Улаанчулуутын хогийн цэг дээр очиж тэнд амьдарч, ажиллаж буй иргэдтэй уулзжээ. 

Улмаар “Төр засгийн дэмжлэг болох 300 мянган төгрөгийг хүн бүрд хүргэх учиртай”-г онцолж, нийгмээс тусгаарлагдаж, аливаа халамж тэтгэмжээс хоцордог дээрх иргэдэд тулгамдсан асуудлыг шийдэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газар, ИБаримт, Төрийн банкны ажилтнуудын хамт газар дээр нь ажилласан байна. Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгээс 50 айл өрхөд хүнс тэжээлийн багцын тусламж үзүүлжээ. Хүнсний багцад 10 кг гурил, таван кг будаа, гурван кг гоймон, хоёр кг элсэн чихэр, цай, давс орсон аж. Ширхэг ч хоолгүй  эдгээр айлуудад энэ нь тун нүдээ олсон хэрэг байв. Дээрх хогийн цэгт 200-300 иргэн гарч ажилладаг бол цар тахлын улмаас 100 гаруй хүн ажиллаж байлаа.

Улаанчулуутын хогийн цэгт ажиллаж, амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэхээр ажиллах үеэрээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд А.Ариунзаяа “Улаанчулуутын хогийн цэг дээр амьдардаг хүмүүст төрийн дэмжлэг хүргэхээр ажиллаж байна. Энэхүү дэмжлэгийг жилийн туршид олгож дуусгана. Тиймээс хоцорсон, бичиг баримтын зөрчилтэй, дансгүй иргэдийн өргөдөл хүсэлтийг хүлээж авна. Энд манай баг гурван хоног ажиллана” гэсэн юм. 

Улаанчулуутын иргэд энэхүү ажилд тун баяртай байсан бөгөөд ажил хийх гэхээр ажил олгогчид авдаггүй учраас гэртээ өлмөн зэлмэн бүлтийтэл хүлээж байгаа үр хүүхдээ тэжээхийн тулд улаан гараа зулгартал хог малтаж амьдардгаа учирлаж байлаа. Мөн тэдний зарим нь регистрийн дугаараа ч мэдэхгүй байсан нь хүндрэл учруулж байв.

Төрийн банкны зүгээс бичиг баримттай болон регистрийн дугаараа мэдэж байгаа хүмүүст данс нээж үйлчилсэн бол Улсын бүртгэлийн ерөнхий газраас бичиг баримтын зөрчилтэй иргэдийн асуудлыг шийдвэрлэж ажиллажээ.

Энэ мэтчилэн траншейнд амьдардаг орон гэргүйчүүд, архины хамааралтай хүмүүс, асрамжийн газар амьдардаг хүүхдүүд, харж хандах хүнгүй хөгшдийн нийгмийн халамж, төр засгийн дэмжлэг  цаг тухайд нь бүрэн бүтэн орж байгаа эсэх дээр салбарын сайд анхаарч ажиллана байх гэдгийг хэлэхэд илүүдэхгүй биз ээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
со(103.212.116.32) 2021 оны 04 сарын 19

соц нийгмийн үед ийм иргэд байгаагүй юм шүү.уб иргэд гэдэг уч иргэд гэчихжээ.яана даа.

0  |  0
(192.82.74.224) 2021 оны 04 сарын 19

ULAAN CHULUUTIIN IRGED GENEE ARAICHDEE IIM GAZAR YAMAR YUMNIH NI IRGEN BAIHVDE

0  |  0
Top