Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрх баригч МАН-ыг тараах тухай захирамж гаргасан” талаараа энэ сарын 19-нд олон нийтэд мэдэгдсэн. Тэрбээр энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр Улсын Дээд шүүхэд хүсэлт хүргүүлээд буй. Улс төрийн намыг татан буулгах, тараах хуулийн ямар үндэслэл буй талаар хуульч Б.Мэргэнээс тодрууллаа.
Тэрбээр “Улс төрийн намын тухай хуульд намыг тараах, татан буулгах хоёр л үндэслэл бий. Нэг нь тухайн намын Их хурал буюу Удирдах дээд байгууллага нь өөрсдийн шийдвэрээр тарах хүсэлтээ гаргавал Улсын Дээд шүүх ажлын тав хоногийн дотор хүсэлтийг нь шийднэ. Хоёр дахь үндэслэл нь Ерөнхийлөгчийн дурдаад байгаа Улс төрийн намын тухай хуулийн 23.2 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хүсэлт хүргүүлсэн бол шүүхээс мөн ажлын тав хоногийн дотор намыг тараах шийдвэрийг гаргах ёстой. Гэхдээ энэ асуудлыг сөхөхтэй зэрэгцээд манай улсын “Улс төрийн намын тухай” энэ хуулийн шинэчлэлийг ярих ёстой. Урьд нь ярьж л байсан. Гэхдээ өдийг хүртэл шинэчилж сайжруулсан зүйл алга. Яагаад энэ хуулийн шинэчлэлийн талаар яриад байна вэ гэвэл, одоо үүсээд байгаа энэ асуудлыг хуулийн хүрээнд хэрхэн тодорхойлж, ямар асуудал үүсээд байгаа зэргийг Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд тайлбарлахад хангалтгүй байгаа юм.
Жишээ нь, намыг тараах хоёр дахь үндэслэл гээд байгаа 23.2 дахь заалтыг аваад үзье. Ямар ч процесс байхгүй. Хэнд санал гаргах юм, хэн яаж батлах юм гэх зэрэг ямар ч процесс нь тодорхойгүй. Хэдий ийм тодорхойгүй ч хуульдаа нийцүүлээд нэг арга хэмжээ авна гэж үзвэл, үнэхээр тийм үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөлөөд, нийгмийг хагалан бутаргаад, эсвэл гадаадын байгууллагатай хамтран ажиллаад байгаа нөхцлүүд байгаа бол тэрийг нь мэдээлэл өгч байгаа хүн нь өөрөө баримтуудаа шүүхэд гаргаж өгөх байх. Улсын Дээд шүүх тухайн баримтуудыг шүүхийн ажиллагааныхаа хүрээнд судалж ажиллаад тэр нь нотлогдож байвал татан буулгах шийдвэрээ гаргаж таарахаас өөр аргагүй. Гэтэл энэ мэдээллийг нь Ерөнхийлөгч гаргах эрхтэй юмуу. Ийм асуудлаар Ерөнхийлөгч захирамж гаргах ёстой юмуу, хуульд тийм заалт байгаа юмуу гэж үзэхээр Ерөнхийлөгчид тийм эрх мэдэл байхгүй.
Яахав Монгол Улсын иргэн гэдэг утгаараа өгсөн бол нэг ойлгож болох. Гэтэл энэ удаагийн асуудал бол Ерөнхийлөгчийн институтыг төлөөлөөд захирамж гаргаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар бол Ерөнхийлөгч зарлиг л гаргана. Гэхдээ Ерөнхийлөгчийн тухай хуульд зарлиг, захирамж гаргана гэдэг боловч захирамж гэдэг бол хуульд яг тодорхойлогдоогүй ч нийтлэг утгаараа дотоод зохион байгуулалтын асуудлаа шийдвэрлэхэд л захирамж гаргадаг шүү дээ. Магадгүй Ерөнхийлөгчийн зөвлөхүүдээ томилох ч гэдэг юмуу байгууллагын дотогшоо хандсан шийдвэрүүдэд захирамж гаргана. Нийт ард түмэнд хандаж гаргасан асуудалд зарлиг л гаргана. Тэгэхээр энэ удаагийн гаргасан захирамж нь ч гэсэн үндсэн агуулгатайгаа зөрчилдөөд байгаа биз. Ингэхээр хууль зүйн хүрээнд Ерөнхийлөгч ийм захирамж гаргах эрхгүй. Ер нь бол Үндсэн хууль гэдэг нэг талаараа иргэний эрхийг хамгаалж байгаа боловч нөгөө талаараа Төрийн эрх мэдлийг хязгаарлахад л зориулсан хууль шүү дээ.
Нийтийн эрхзүйд “Төрд зөвшөөрснөөс бусдыг хориглоно, иргэнд хориглосноос бусдыг зөвшөөрнө” гэсэн зарчим үйлчилнэ гэж заадаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч хуульд зөвшөөрөгдсөн эрх хэмжээний хүрээнд л үйл ажиллагаагаа явуулах ёстой. Санаж байгаа бол 2007 онд УИХ-ын дарга байсан Ц.Нямдоржийг хуулиар зөвшөөрөөгүй буюу УИХ-ын даргад хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж хууль зассан гэж үзэж байсан. Тэр утгаар нь Үндсэн хуулийн цэцэд өгөөд УИХ-ын даргаас нь огцруулж байлаа. Тэгэхээр магадгүй Ерөнхийлөгчийн энэхүү үйлдэл нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудал руу ороод Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарчихвал хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх, огцрох нөхцөл байдал үүсч болохоор байгаа юм. Ерөнхийлөгчийн гаргасан тэр мэдэгдэл дотор маш олон хуулийн зүйл заалтыг дурдсан байгаа юм. Гэвч тэднийг нь уншихаар үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаална гэсэн ерөнхий утгатай баахан заалт бий. Ер нь захирамж гаргасан үндэслэлээ маш сайн гаргаж өгөх ёстой. Жишээ нь Ерөнхийлөгчийн тухай хууль, Үндсэн хуульд заасан тийм заалтыг үндэслэн ийм захирамж гаргах ёстой гээд маш тодорхой үндэслэлтэй байх ёстой. Гэвч ямар хуулийн заалтыг үндэслэж ийм захирамж гаргасан гэдэг нь тодорхойгүй” гэсэн юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 8 )
Ямарч мэдлэггүй эргүй ерөнхийлөгчтэй 4 жил байлаа шүү бурхан минь гэж ингэж нэг салж авдым байжээ
Тэртээ тэргүй хугацаа нь дуусч байгаа ш дээ 1сар л үдлээ
мунхаг ерөнхийлөгч юм даа чаавас одоо огцорч далд орвол таарнаа
Уже уусчихсэн байгаа
Мэргэн гэж мунхаг байна аа
Zipdaa site neg iimerhii humuuseer l duuren yumaa
Энэ юугаа. Мэддэг юм Хүрэлсүхийн цүнх баригч
ene1 ih medeh bnaa