Газын зурваст Израилийн агаарын цохилтын үеэр амиа алдсан хүний тоо 109 болж нэмэгджээ. 600 гаруй хүн гэмтэж шархадсан талаар Газын зурвасын Эрүүл мэндийн газраас мэдэгдсэн байна.
Палестины газар нутгийн хэсэгт амиа алдагсдын тоо гурван өдрийн хугацаанд нэмэгдсээр 109 болсон бол 621 хүн шархаджээ. Амиа алдсан хүмүүсийн дунд 28 хүүхэд, 15 эмэгтэй байсан аж.
Израилийн арми агаарын болон газрын дайралтаа үргэлжлүүлсээр байгаа гэнэ.
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Израилийн армийн Газын зурвас дахь ажиллагаа шаардлагатай хугацаагаар үргэлжлэх болно гэж мэдэгджээ. Тэрбээр “Энэ бол сүүлчийнх биш. Энэ үйл явц Израилийн амар тайван, аюулгүй байдлыг сэргээн тогтооход хэчнээн хэрэгтэй байна төдий хэмжээгээр үргэлжлэх болно” гэж ярьсан талаар “Donia Al-Watan” сонин мэдээлжээ. Тэрбээр арми нь Палестины мэдлийн газар нутаг руу агаарын болон газрын дайралт хийснээ мэдэгдсэний дараа дээрх мэдэгдлээ хийжээ.
Биньямин Нетаньяху мөн “ХАМАС бүлэглэл маш өндөр үнэ төлөх болно” гэж мэдэгдсэн байна.
Палестины ХАМАС бүлэглэлийн Израил руу харвасан пуужин Ашкелон хотод барилга оножээ. Тус бүлэглэл өнгөрсөн шөнө Израилийн Ашдод болон Ашкелон хотын зүгт пуужингаар довтолсон байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш хурцадмал байдлыг яаралтай дарж, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг уриалжээ. Тэрбээр “Курбан-байрам баярыг хүндэтгэн хурцадмал байдлыг нэн даруй арилгаж, Газын зурвас болон Израил дахь цэргийн ажиллагаагаа зогсоохыг уриалж байна” гэж “Twitter” аккаунтаараа дамжуулан мэдэгдсэн байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мөн юунд ч буруугүй дэндүү олон энгийн иргэн амиа алдсаныг тодотгожээ. Тэрбээр энэ сөргөлдөөн нь бүх бүс нутагт террорист ажиллагааг хүчирхэгжүүлнэ гэж үзэж байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ сарын 16-нд Израил, Палестиныг тойрсон нөхцөл байдлыг хэлэлцэх аж.
Сэтгэгдэл ( 0 )