БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны саяхны гэрэл зураг дээр жин хаясан харагдаж байгаа нь эрүүл мэндийнх нь талаар янз бүрийн таамаг дэвшүүлэхэд хүргээд байна.
Арван жилийн өмнө төрийн удирдлагыг гартаа авснаас хойш дэлхийн анхаарлын төвд орсон лагс биетэй Ким өнгөрсөн бямба гарагт төрийн хэвлэл дээр гарсан гэрэл зураг дээр мэдэгдэхүйц жин хаясан харагдаж байна гэж Ёнхап агентлаг мэдээлжээ. Тэрбээр Солонгосын Хөдөлмөрийн намын улс төрийн товчооны хурал дээр үг хэлсэн нь сүүлийн нэг сард олны өмнө анх удаа гарсан явдал юм.
Ким 12 мянган ам.долларын үнэтэй гэх цагныхаа оосрыг чангалсан нь гэрэл зураг дээрээс харагдаж байна гэж Сөүлийн “NK News” хэвлэл бичжээ. Түүний зүүн гарын бугуй 2020 оны арваннэгдүгээр сар болон энэ оны гуравдугаар сард авсан гэрэл зурагтай харьцуулахад илүү нарийхан болсныг тус хэвлэл мөн анзаарчээ.
Тамхи их татдаг Кимийн эрүүл мэндийн асуудлыг ажиглагчид түүний жин, амьдралын хэв маягтай нь холбон тайлбарладаг. Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын тагнуулын албанаас тус улсын парламентын гишүүдэд хүргүүлсэн тайланд Ким Жон Ун 2011 онд төрийн эрх мэдэлд хүрснээс хойш жилд дунджаар 6-7 кг жин нэмсэн бөгөөд 140 кг жинтэй гэнэ.
Ким жин хаясан нь эрүүл мэндийн асуудалтай нь холбоотой юу эсвэл ухамсартайгаар жингээ хассан уу гэдэг нь асуулт хэвээр байна.
Кимийн эрүүл мэндийн асуудал дэлхийн нийтийн анхаарлыг татсаар ирсэн. 2014 онд тэрбээр зургаан долоон хоногийн дараа олны өмнө гарч ирэхдээ таягтай үзэгдсэн. Хожим нь Өмнөд Солонгосын тагнуулын алба түүнийг шагайн мэс засалд орсон гэж мэдээлж байсан юм.
Өнгөрсөн хавар гурван долоо хоног олны өмнө үзэгдээгүй нь мөн л янз бүрийн цуу яриа, таамаг дэвшүүлэхэд хүргэсэн. Зарим хэвлэлүүд түүнийг нас барсан гэж таамаглахад хүрсэн. Харин хамгийн үнэмшилтэй таамаг нь цар тахлын үед тэрбээр гэр бүлийн хамт өөрсдийгөө тусгаарласан ба олны өмнө дахин гарч ирсэн Кимийн биеийн байдал сайн байгаа нь илт байна гэж Guardian хэвлэл мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )