БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тус улс АНУ-ын шинэ засаг захиргаатай яриа хэлэлцээ ч тэр, сөргөлдөөн ч тэр аль алинд нь бэлэн байх ёстой гэж мэдэгджээ.
Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ мэдээлснээр, Ким Жон Ун Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны бүгд хурал дээр тавьсан илтгэлдээ Жозеф Байдены засаг захиргаанаас Пёньяны талаар баримталж буй бодлогыг шинжлэн дүгнэсэн байна.
Солонгосын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жон Ун АНУ-тай яриа хэлэлцээ хийхэд ч тэр сөргөлдөхөд ч тэр бэлэн байх ёстой, ялангуяа улсынхаа нэр хүндийг хамгаалахын тулд сөргөлдөхөд бүх талаар бэлэн байх ёстой гэж онцолжээ.
Өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хэрэв Ким Жон Ун Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад санал нэгдвэл Умард Солонгосын удирдагчтай уулзахад бэлэн гэж мэдэгдэж байсан билээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки АНУ нь БНАСАУ-ын талаар баримтлах бодлогоо тодорхойлсон гэж мэдэгдсэн юм. Түүний хэлснээр, тус улсын талаар баримтлах шинэ бодлого томоохон хэлэлцээр дээр тулгуурлаж эсвэл стратегийн тэвчээр дээр суурьлаагүйгээрээ өмнөх Ерөнхийлөгчдийн бодлогоос ялгаатай. Энэ бол шилдэг практикийн дэвшил байх болно гэж Цагаан ордон мэдэгдээд АНУ БНСУ, Япон болон бүс нутгийн холбоотнуудтайгаа үргэлжлүүлэн зөвлөлдөх болно гэсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )