Зуун настай ч залуухан байгууллагын зүрхэнд Монгол оршино

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 02

ОРШИЛ

Юуны өмнө шинэ цагийн Монгол Улс үе үеийн залуусын халуун цус, хөлс хүч, оюун билгээр цогцлон боссон гэдгийг дурдах хэрэгтэй. Аливаа орны залуучууд бол тухайн улсын үнэт зүйл, юугаар ч сольшгүй баялаг бөгөөд залуусыг нэгтгэж, тодорхой зорилго бодлогод чиглүүлдэг, урам зоригийг асаадаг зүйл нь залуучуудын байгууллага байсаар ирсэн билээ. Төв Азийн цээжинд мандан бадарч, унаж босож явсан Монгол Улсын хөгжил дэвшлийн нэгэн бодит гэрч болсон Монголын залуучуудын байгууллага өнөөдөр 100 жилийнхээ ойтой золгожээ. Энэ том айл 100 жилийн тэртээгээс эхлэн хүн амыг бичиг үсэгт тайлах, ажил хөдөлмөрт сургах, бүтээн байгуулалтад хөтлөх гээд Монгол Улсын хөгжил дэвшлийн нэгэн цогц түүх болж ирсэн гэдэгтэй маргах хэрэггүй. Ийнхүү улс орны оюун санааны хөтөч болж, Монгол Улсын 100 жилийн түүхийг бүтээсэн залуучуудын байгууллагын өчигдрийг дурсаж, өнөөдрийг өгүүлж, маргаашийг чимээлэн суух нь нэр төрийн хэрэг буй заа. 

ӨЧИГДӨР

Эрх чөлөөний уухай нэгэнт цуурайлж асан 1921 онд хойд хөршид эрдэм номын мөр хөөсөн залуус манлайлан хуралдаж “Бошгыг халах залуучуудын эвлэл”-ийг үүсгэн байгуулсан түүхтэй. Ийнхүү Азийн улс орнуудаас хамгийн түрүүнд Монгол Улсад залуучуудын байгууллага тооноо өргөж, тулгынхаа чулууг тулжээ. Түүхэн сурвалжид дурдахдаа “Нийслэл хүрээнээ 1921 оны дундуур Ц.Гүрсэд хэмээх айлд Д.Сүхбаатар, Х.Чойбалсан тэргүүтэй арав гаруй залуус нийлэн Бошгыг Халах Залуучуудын Эвлэл гэж нэрлэхээр тогтон, тамга тэмдгээ сийрүүлэхээр болж, эвлэлийн Ерөнхий хороог байгуулахдаа тэргүүлэгчээр нь Х.Чойбалсанг сонгов” хэмээсэн нь бий. Эндээс харвал цэл залуухан хувьсгалчдын галыг энд л өрдөж, өдөөж өгсөн нь тодорхой харагддаг.

Шинэ цагийн түүхийг эхлүүлэх их үйлсэд тухайн үеийн сэхээтэнлэг залуучуудаар магнайлуулан гарч ирэхдээ улс төрийн бодлогод оролцохоос эхлээд эгэл ардын дунд ажиллах үүргийг хүлээж байв. “Бошгыг халах залуучуудын эвлэл”-ийн үйл ажиллагаа нь сууриасаа нам, засгийн бодлого, шийдвэрийг олон түмэнд ухуулан сурталчлахад чиглэсэн төдийгүй хоцрогдсон түмнээ соёлжуулан гэгээрүүлэхэд чиглэж байжээ. Улмаар гадаад ертөнцөд нэвтрэх, тэрхүү соёлыг түүчээлэх зорилго дор 1922 онд Москва хотноо болсон Дорно зүгийн хувьсгалт залуучуудын их хуралд төлөөлөгчөө оролцуулсан байдаг. Ийнхүү Монголын залуучуудын байгууллага гадаад улс орнуудын үйл хэрэг нь адил байгууллагуудтай харилцаж эхэлсэн аж.

Тулгын чулуугаа тулж, гадаад ертөнцөд анх удаа хөл тавьсаны дараа буюу 1922 оны долоодугаар сард нийслэл хүрээнд анхдугаар их хурлаа зохион байгуулахад халхын дөрвөн аймаг, Ховд, Улиастайн 30 шахам үүрийн 600 гаруй төлөөлөгч оролцсон байдаг. Хурлаас Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн үндсэн зорилт, дүрмийг баталж, Төв хороог байгуулан, тэргүүлэгчдээр С.Буяннэмэх, Осор нарыг сонгосон түүхтэй. Мөн МАН-ын Төв хороо, МХЗЭ-ийн Төв хорооноос хамтарсан комисс гаргаж, нам ба залуучуудын эвлэлийн хоорондын харилцааг тодорхойлсон аж. Ингэхдээ “Улс орны гадаад, дотоод улс төрийн бодлогыг МАН удирдан явуулах ба МХЗЭ нь энэ бодлогыг хэрэгжүүлэн биелүүлэхэд намдаа туслах үүрэгтэй" гэж заасан байна. Тэр цагаас хойш 1991 он хүртэл Монголын залуучуудын байгууллага 70 шахам жил энэхүү үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж, улс орноо хөгжүүлэх, МАХН-ын зорилт шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэсэн билээ.

Монгол Улсад өрнөсөн нэгдэлжих хөдөлгөөн, бүх нийтээр бичиг үсэгтэн болох аян, соёлын довтолгоо, атар газар эзэмших аян, их бүтээн байгуулалт гээд МХЗЭ-ийн гишүүн залуусын гар хүрээгүй зүйл, дуу хоолой нь сонсогдоогүй салбар гэж нэгээхэн ч үгүй. Монголчуудын туулж өнгөрүүлсэн социалист нийгэмд олон сайн зүйл байсны нэг нь залуучуудын хүчийг зорилготой, зохион байгуулалттай, бодлоготойгоор нэгтгэн, чиглүүлж, нийгмийн хамгийн идэвхтэй, бүтээмжтэй, ёс зүйтэй хэсгийг бүрдүүлсэн явдал юм. Ийнхүү залуусын гар бие, оюун санаа оролцож байсан бүхий л салбараас цэл залуухан баатрууд төрж, төр улсын хэмжээнд дуу хоолойгоо хүргэсэн бөгөөд Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, ахин шинэчлэн баталж, НҮБ-д элсэж, олон улсын тавцанд бүрэн улс хэмээн тусгаар тогтнолоо тунхагласан бахархам түүхийн эзэд болсон юм шүү. Энэ бол залуучуудын байгууллагын өчигдрийн гэрэлт түүх.  

ӨНӨӨДӨР

Монгол Улсыг харийн дарлалаас чөлөөлж, орчин цагийн улс болгон хөгжүүлэхэд залуучуудын байгууллага тэргүүлэх үүрэг гүйцэтгэн, 70 жилийн турш манлайлж ирсэн түүх нь халуунаараа байна. Харин 1989 онд болсон “Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөн” дээрээс хөллөсөн үзэл санааны салхи аажимдаа Монгол Улсад ардчилсан хувьсгалын буурийг нэгэнт зассан. Улс орон даяар олон ургальч үзэл санаа бий болж, олон намын систем ч тогтсон цагийн салхи залуучуудын байгууллагыг хэрхэн тойрч гарах билээ. Нийгмийн том өөрчлөлт, цагийн ширүүн салхи аливаа байгууллагыг хаашаа ч эргүүлэх, өөртөө уусгах шинж чанарыг агуулж байдаг нь үнэн.

Энэ л учраар залуучуудын байгууллагад ч олон ургальч үзлийн зам хэдэн тийш салаалсан нь улс төрийн намуудын нөлөө байв. Арга ч үгүй, 70 жилийн аугаа их туршлага бүхий залуучуудын байгууллагаар хүчээ зузаалах, улмаар бамбай хийх замаар халдаж байсан нь энэ байгууллагын мөн чанарт өөрчлөлт ороход нөлөөлөв. Тэр ч бүү хэл бодит түүхийг гуйвуулах, өөрийн зорилгод ашиглах гэсэн тэмцэл илэрхий харагдах болсон. Монголын хувьсгалт залуучуудын эвлэл маань ч нийгмийн өнгийг даган, Монголын залуучуудын холбоо нэртэй болов. Гэсэн хэдий ч залуучуудын байгууллага аугаа мөн чанарын үлдэгдэл байсан учраас ардчиллын жилүүдэд өөрийн туган дороос нэр зүстэй улстөрчид, эрдэмтэн мэргэд, нийгмийн зүтгэлтнүүдийг төрүүлэн гаргасан гэдгийг мартаж болохгүй. Нийгмийг түүчээлэгч байгууллага маань олон ургальч үзэл санааны ширүүн давалгаат 30 жилийг туулж өнөөдөрт ирэхэд өөрийнхөө уугуул чанарыг шавхагдашгүй гэдгийг харуулж чадлаа.

Ямартай ч 100 жилийнхээ ойтой эсэн мэнд золгон, стартеги төлөвлөгөөгөө шинээр зурж, нэн шинэ цагийн нийгэмд танилцуулж байгаагаас харж болно.

Ер нь бол хатуухан цагийн шалгуур, сорилтыг даван гарч ирсэн байгууллага нь дахин сэргэлтийнхээ зам мөр дээр нэгэнт гарч иржээ. Ардын хувьсгалыг мандуулсан жанжин Д.Сүхбаатар, маршал Х.Чойбалсан тэргүүтэй хувьсгалчид энэ айлын голомтыг тойрон сууж байсан бол 70 жилийн дараа ардчилсан хувьсгалыг мандуулсан С.Зориг тэргүүтэй залуус ч энэ айлын тулгыг тойрон сууж байсан.

Тэгвэл энэ 70 жилд залуучуудын байгууллага Ардын хувьсгалын үйл хэргээс эхлээд ардчилсан хувьсгалын үйл хэрэг хүртэл соёлын хувьсгал ч хийсэн, бүтээн байгуулалтын хувьсгал ч хийсэн, оюун санааны хувьсгал ч хийсэн юм. Одоо тэд нэн шинэ үеийн ардчилсан Монгол Улсыг мөн чанараар нь цогцлоон байгуулах хувьсгалыг эхлүүлэх их ажлаа эхлүүлжээ гэдэг нь тодорхой харагдана. Яагаад гэхээр нэн шинэ үеийн залуусын үзэл санаа, оюун бодол гээд бүхий л зүйлд цоо шинэ эргэлт бий болж, бүх зүйлийг өөрөөр харах болжээ. Гагцхүү залуучуудын  байгууллага тэр л цоо шинэ үзэл санааг нэгтгэн хэрэгжүүлэх түүхэн үүрэг хүлээж байна. Энэ бол залуучуудын байгууллагын өнөөдрийн түүх юм.

МАРГААШ

Хүн төрөлхтний хөгжил дэвшил асар хурдтай довтолгож, бараг цаг минутаар хэмжигдэх болсон үед залуучуудын байгууллагад илүү хурд хэрэгтэй болж байгааг хэн нэгнээр хэлүүлэх хэрэггүй биз ээ. Залуус нь өчигдөр ч нийгмийг түүчээлэгч байсан, өнөөдөр ч байв, маргааш ч байх болно. Тэгэхээр энэ айлын ирээдүйд маш өндөр хариуцлага ногдож байна.

НҮБ-аас залуучуудын насыг 45 хэмээн босго тогтоож өгөв. Монгол Улс залуучуудын хөгжлийн хөтөлбөрийг батлав. Тэр ч бүү хэл олон улсын залуучуудын өдрийг “Дэлхий нийтийн үйл хэрэгт залуучуудыг өргөнөөр  оролцуулья” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ утгаараа залуусын оролцоо ямар үнэ цэнтэй байгааг зөвхөн Монгол Улс бус дэлхий нийтээр улам бүр хүлээн зөвшөөрч, дэмжих болжээ. Ийм цаг дор залуус маань дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах шаардлагатай.

Гэхдээ үе үеийн хувьсгалчид, хөдөлмөрчид, оюун санааны түүчээлэгчдын явсан зам харгуй, боловсруулсан бодлогыг мартаж үл болно. Учир нь довтолгож ирсэн 100 жил бол бидний хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, алдаа онооны дэнс юм. Тиймээс энэ нь түүхээрээ бахархаж, алдаа оноондоо дүгнэлт хийхэд 100 жилийн туршлага яах аргагүй түшиц болно. Тэгээд ч өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байж болохгүй.

Залуучуудын байгууллагын өчигдөр, өнөөдөрт улс төрийн намууд, улстөрчдийн санаархал, нөлөөлөл байсныг үгүйсгэхгүй. Маргааш ч байсаар байх болно. Гагцхүү залуучуудын байгууллага өөрийн тулхтай шийдвэр, тогтвортой ажиллагаагаар үүнийг давж гарах учиртай. Шинэ цагийн бодлого, стратеги ч энэ зүгт явж байгаа нь сайшаалтай. Гарцаагүй дайрч гардаг зүйл учраас дэргэдээ улс төрийн том институци байгуулж, нийгмийн оролцоог хангаж өгдөг байвал нөлөөнд автахгүй байх боломжтой. Энэ инстутиц нь өөрөөрөө дамжуулан улс төрийн намууд, улстөрчдөд шударга үнэлэлт өгдөг. Төр засгийн эрхийг ямар нам барьж байгаагаас үл шалтгаалан тэдний гаргасан хөтөлбөр, бодлогод өөрсдийнхөө санаа бодлыг тодорхой тусгах, түүнийг эргээд хянадаг. Дэмжиж байгаа зүйлээ болон эсэргүүцэж байгаа зүйлээ нам эвсэл харгалзахгүй хэлж ярьдаг. Үндэсний эрх ашиг хаана зөрчигдөж байна, тэнд дуу хоолой болдог байх, үндэсний эв санаанд нийцсэн бүтээн байгуулалтаас эхлээд ямар үйл хэрэг байна, тэнд манлайлж байх үүрэг зүй ёсоор оногдож байна.

Мэдээж зөвхөн улс төр бус нийгмийн бүхий л салбарт зориулсан академик түвшний бүтэц бий болгох шаардлага бий. Соёл урлаг, утга зохиол, спорт, шинжлэх ухаан, эрүүл мэнд, эдийн засаг гээд мэргэжлийн хэмжээнд, судалгааны өндөр түвшинд ажилладаг, гаргасан бодлого шийдвэрээ салбаруудын үйл ажиллагаанд тусгадаг байх шаардлага тулгарчээ. Залуучуудын байгууллагын дэргэдэх энэ бүтэц бүр байнгын ажиллагаатай байвал маш сайн. Өөрөөр хэлбэл нийгмийн амьдралд өдөр тутам оролцдог байх шаардлага юм.

Өнөөдөр Монгол Улсын хүн амын гуравны нэг илүү хувийг залуусын орон зай эзэлж байна. Ажиллах хүчний дийлэнх нь залуус боллоо. Энэ утгаараа тус байгууллагад улам өндөр хариуцлага оногдож байгаа юм. Монголын залуучуудын холбоо түүхийнхээ явцад маш эгзэгтэй, хүнд гэж болох 30 жилийг даван туулж гараад маргааш руу явж байна гэхэд болно. Гэхдээ зуун настай ч цэл залуухан өнөр айлын маргаашид томоос том гэрэл гэгээ харагдаж байна.

Өнөөдөр гэхэд миний өмнө олон жил сураг тасарсан “Залуу үе” сэтгүүл, “Залуучуудын үнэн” сонин байгааг харахад маргаашийн гэрэл гэгээний нэгэн хэлтэрхий гэж болохоор. Энэхүү сонин, сэтгүүл бол 70 жилийн турш залуучуудын байгууллагыг илүү хүчирхэг байлгахад өөрийн томоохон үүрэг гүйцэтгэсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм. Өдгөө тус хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь дахин төрж байгаа нь энэ байгууллага өчигдөртэй өнөөдрийг, өнөөдөртэй маргаашийг бүтээн босгох үйл хэргээ гүнээ ухамсарлаж байгаа хэрэг гэж ойлгогдож байна. Цэл залуу насны эрч хүч дүүрэн буцалж байгаа энэ айлын гарт, халуухан зүрхэнд нь Монгол Улсын ирээдүй, маргаашийн хувь заяа оршин байгааг хором ч мартаж болохгүй. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top