Академич Л.Болд БНТУ-ын ШУА-ийн хүндэт гишүүний батламжаа гардлаа

2021 оны 09 сарын 07

Академич Л.Болд БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешаас БНТУ-ын ШУА-ийн хүндэт гишүүний батламжаа гардлаа.

БНТУ-ын Шинжлэх Ухааны Академи 2019 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн академич Л.Болдын Монгол–Түрэг хэлний олон жилийн тууштай судалгааг өндрөөр үнэлж “Хүндэт гишүүн”-ээр сонгосон.

Хүндэт гишүүний батламжийг БНТУ-д албан ёсоор гардуулдаг хэдий ч дэлхий нийтээр тархсан цар тахлын улмаас уг ажлыг зохион байгуулах боломжгүй болсон юм.

Уулзалтын үеэр академич Л.Болд хоёр орны хэл, соёлын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэх талаар нааштай санал дэвшүүллээ. Үүний дараа ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн захирал доктор (Sc.D), профессор Ж.Бат-Ирээдүй, Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D), дэд профессор О.Шинэбаяр нар хүлээн авч баяр хүргэв.

Академич Л.Болд 1971 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажилд орсноос хойш өдийг хүртэл тасралтгүй 50 жил ажиллаж байна.

Тэрбээр энэ хугацаанд эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээл олныг бичиж судалгаа хийсний дотроос Орхон бичгийн дурсгал (I, II, III, IV, V, VI), БНМАУ-ын нутаг дахь хадны бичиг (1990), Монгол хэл шинжлэлийн түүхэн найруулал (2000), Монгол, Түрэг хэлний тооны нэр (2005), Хэлний засаглалын учир (2017), Үсэг бичиг үг хэллэгийн судалгаа (2017), Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь (2018), Монгол бичгийн хосгүй хоёр дурсгал (2021) зэрэг бүтээлийг дурдаж болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баяр(192.82.73.58) 2021 оны 09 сарын 07

Тюрк хэлтэй хүн юм уу гэсэн А ч үгүй юм. Яаж судалдаг юм бол.

0  |  0
Top