АНУ газрын тосны зах зээлийг тогтворжуулах асуудлыг ОПЕК-той хэлэлцэж, газрын тосны үнийг бууруулах бүхий л боломжийг судалж байна гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жен Псаки мэдэгджээ.
Түүний хэлснээр, АНУ-ын тал олон улсын түншүүд, тэр дундаа ОПЕК-той зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх шаардлага буй талаар яриа, хэлэлцээ хийж байна. Үүнээс гадна, шатахууны үнийг бууруулах зорилгоор бүхий л арга хэрэгслийг ашиглаж байна гэж Псаки тодруулжээ.
Лондонгийн бирж дээр газрын тос, байгалийн хийн үнэ 2018 оны аравдугаар сараас хойш анх удаа нэг баррель нь 80 ам.долларыг даваад байна. Байгалийн хийн үнэ түүхэнд анх удаа нэг мянган куб м нь 1000 ам.долларыг давжээ.
Арваннэгдүгээр сард нийлүүлэгдэх “Brent” маркийн газрын тосны фьючерс үнэ нэг баррель нь 80.58 ам.доллар байна.
Газрын тосны үнийн өсөлт дэлхий дахинд түүхий эдийн эрэлтийн төлөв сайжирч байгаа энэ үед нийлүүлэлт харьцангуй удаан нэмэгдэж буйтай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Газрын тосны эрэлт өдөрт 500 мянган баррелиар нэмэгдэх магадлалтай байна. Учир нь Байгалийн хийн үнэ ихээхэн өссөн нь хэрэглэгчдийг өөр төрлийн түүхий эдийн хэрэглээ рүү шилжихэд хүргэж байна “Commonwealth Bank of Australia” түүхийн эдийн шинжээч Вивек Дхар ярьж байна. Үүний сацуу ОПЕК+ олборлолтын хэмжээг багаар нэмэгдүүлж байгаа тул дээрх нөхцөл зах зээл дээр нийлүүлэлтийн хомсдлыг нэмэгдүүлнэ гэж шинжээч тодруулжээ.
ОПЕК-ын мягмар гарагт нийтэлсэн хэтийн төлөвөөс үзвэл газрын тос нь урт хугацаанд хамгийн их хэрэглэгддэг түлш хэвээр байна. 2020 онд газрын тос дэлхийн эрчим хүчний эх үүсвэрийн хэрэглээний 30 хувийг эзэлж байсан бол 2025 онд 31 хувь болж өсөх төлөвтэй гарчээ. Харин цаашид газрын тосны эрэлт эрчим хүчний бусад эх үүсвэрийн өрсөлдөөнтэй нүүр тулах ба ингэснээр газрын тосны хувь хэмжээ 28 хувьд хүрч, буурна гэж ОПЕК тооцоолж байна.
Урт хугацаандаа цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээ өсөхтэй зэрэгцэн газрын тосны эрэлт хязгаарлагдана гэж ОПЕК-ын шинжээчид таамаглаж байна. 2045 он гэхэд дэлхий дахинд автомашины тоо 2.6 тэрбумд хүрэхээс цахилгаан тээврийн хэрэгслийн тоо 500 саяд хүрэх тооцоолол гарчээ. Тиймээс тээврийн сегмент дэх газрын тосны эрэлт 2045 он хүртэлх хугацаанд хоногт 46-46.5 сая баррельд хэлбэлзэх төлөвтэй байна. Ингэхдээ дотоод шаталттай хөдөлгүүр бүхий автомашины эзлэх хувь 76 хувь буюу өндөр хэвээр байх гэнэ. Энэ нь хөгжиж буй орнуудын эрэлттэй холбоотой байх болно гэж ОПЕК тооцоолжээ.
Сэтгэгдэл ( 0 )