Ла Пальма арлын галт уулын лав далайд 50 м өндөр “ПИРАМИД” үүсгэжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 30

Испанийн Канарын арлуудын Ла Пальма арлын галт уулын халуун хайлмаг 6.5 км зам туулан, Атлантын далайд хүрч, хадан  эргээс доош урсахдаа усанд 50 метр өндөр нэг төрлийн “пирамид” үүсгэсэн тухай Испанийн Далай судлалын хүрээлэн мэдээлжээ.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Канарын эрх баригчид аюулгүй байдлын зарим дүүргийн оршин суугчдад гадагш гарахгүй байх, хөлөг онгоцнуудад дөрвөн км радиус дотор орохыг хориглоод байна.

Нэг мянгаас дээш хэмийн халуун хайлмаг 20 хэмтэй далайн давстай устай нийлэхэд химийн урвал явагдаж, давсны хүчил агуулсан их хэмжээний уур гарахад хүргэдэг гэж Испанийн галт уул судлаачид тайлбарлажээ. Усны ууранд галт уулын шилний бичил хэсгүүд мөн агуулагддаг байна. Хүчиллэг хийгээр амьсгалах эсвэл хүрсэн тохиолдолд арьс, нүд болон амьсгалын замын үрэвсэл үүсгэдэг тул энэ үзэгдэл хүний эрүүл мэндэд хортой гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.

Энэ сарын 19-нд Ла Пальма арлын галт уул дэлбэрч эхэлсэн билээ. Галт уулын халуун хайлмагт 656 барилга, байшин өртөөд байна. Түүнчлэн орон нутгийн эрх баригчид зургаан мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top