"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
I БОТЬ-ДОЛООДУГААР БҮЛЭГ
ЮАНЬШАО ПАНЬХӨ ГОЛД ГҮН СҮНИЙГ БАЙЛДСАН
СҮНЬЗЯНЬ МӨРНИЙГ ГЭТЭЛЖ ЛЮБЯОГ ЦОХИСОН
Өгүүлэх нь: Сүньзянь Любяогийн цэрэгт хаагдаж байтал Чэнпү, Хуангай, Ханьдан гурван жанжин үхэн байлдаж арайхийн олж гараад цэргийн их хагасыг хохирогдож, зам эрэн цэргээ удирдсаар Зяндунд эгэв. Үүнээс Сүньзянь, Любяо лугаа өшөө зангидав.
Тэндээс Юаньшао Хөнэй газар цэргээ буулгаж, амуу өвс тасрахуйд Зижоу хотын Ханьфү хүнээр амуу хүргэж цэргийн хүнсийг туслав. Хувийн түшмэл Фэнзи Юаньшаод өгүүлрүүн: “Ихэс эрс дэлхий дахинаар хөндлөн гулд явдаг бөгөөд юунд хүмүүний амуу хүргэж ирэхийг хүлээж хүнс болгомуй. Зижоу хэмээгч амуу цалингаар үлэмж гарах газар тул жанжин юунд аж?”. Юаньшао өгүүлрүүн: “Сайн арга олдохгүй буй” хэмээсэнд Фэнзи өгүүлрүүн: “Далдуур хүн зарж, Гүн Сүньзаньд бичиг хүргээд цэрэг авч Зижоу мужийг хавчин байлд хэмээвээс Гүн Сүньзань эрхгүй цэрэг хөдөлгөх болно. Ханьфү нэгэн бодлогогүй хүмүүн тул эрхбиш жанжин таныг залж, мужийн хэргийг тушаах болой. Тэр үес дотуур хэрэг үйлдвээс даруй олж болмуй уу?” хэмээсэнд Юаньшао ихэд баярлаж даруй бичиг бичээд Гүн Сүньзаньд хүргүүлэв. Гүн Сүньзань бичгийг нээж үзвээс “Хамтаар Зижоу мужийг байлдаад олсон хойно хоёр тийш хуваасугай!” хэмээн бичжээ. Гүн Сүньзань баярлаж тэр өдөр даруй цэрэг мордуулав.
Юаньшао хулгаж, хүмүүн зараад Ханьфүд энэ чимээг хэлэхээр илгээсэнд Ханьфү аюуж Сюньшэнь, Синьпин нэрт хоёр хувийн түшмэлийг дуудаж зөвлөжээ. Сюньшэнь өгүүлрүүн: “Гүн Сүньзань Яньтай газрын олныг авч довтолгон ирэхэд түүний хурц хүчнийг хүмүүн хүлээн эс чадмуй. Түүний дээр Любэй, Гуаньюй, Жанфэй нар тусалж байхад халхлахад бэрх болой. Эдүгээ Юань Бэньчу баатар бодлого хүмүүнээс илүү. Түүний дор баатар жанжин олонтоо буй тул жанжин түүнийг залж ирээд мужийн хэргийг хамтаар шийтгүүлбээс тэр эрхгүй жанжныг хүндэтгэх болно. Ийм болбоос Гүн Сүньзаньгийн зовлон үгүй болмуй” хэмээсэнд Ханьфү даруй Безя түшмэл Гуаньчүнийг зарж Юаньшаог залахаар илгээв. Жанши түшмэл Гэн Ү хориглон өгүүлрүүн: “Юаньшао гагц бие, мохсон цэрэгтэй тул бидэнд итгэж амьдарч буй. Адилтгаваас нялх хөвгүүн өвөрт байх мэт. Хэрвээ хөхийг тасалбаас даруй өлбөрч үхэх тул юунд мужийн хэргийг тушаая хэмээмүй? Энэ нь барсыг удирдан хонин сүрэгт тавих адил болой” хэмээсэнд Ханьфү өгүүлрүүн: “Би Юань овгийн хуучин түшмэл, эрдэм чадал бас Бэньчуд хүрэхгүй. Эртний хүмүүн эрдэмтнийг элсэж, юүлэн өгмүй. Гэтэл та нар юунд ийн харлах аж?”. Гэн Ү шүүрс алдаж: “Зижоу барагдав” хэмээсэнд түшмэлээ байж одсон нь гуч илүү хүн байв. Гагц Гэн Ү, Гуаньчүнъ лүгээ хотын гадна бүгж Юаньшаогийн ирэхийг хүлээв. Хэдэн өдрийн хойно Юаньшао цэрэг дагуулан хүрч ирсэнд Гэн Ү, Гуаньчүнь хоёр илдээ барьж угтан гараад Юаньшаог “Хороосугай!” хэмээтэл Юаньшаогийн жанжин Яньлян Гэн Үг зогсоогоор алаад Вэньчоу Гуаньчүнийг цавчив. Юаньшао Зижоу мужид орж Ханьфүг Бэньвэй68 жанжин болгоод Тяньфэн, Зүшоу, Сюй Ю, Фэнзи нарт мужийн хэргийг тушааж хуваан шийтгүүлээд Ханьфүгийн эрхийг цөм булаажээ. Ханьфү одоо гэмшивч тусгүй болсон тул даруй гэрийн хөгшин залууг орхиж, гагц морио унасаар Чэньлюгийн тайшоу түшмэл Жанмяог дагахаар очив.
Тэндээс Гүн Сүньзань Юаньшаогийн Зижоу мужийг эзлэснийг сонсож дүү Гүн Сүнь Юэг зарж “Зижоуг хуваасугай!” хэмээн уулзуулахаар илгээсэнд Юаньшао өгүүлрүүн: “Чиний ах өөрөө ирвээс миний зөвлөх газар буй” хэмээв. Үүнд Гүн Сүнь Юэ салж яваад тавин газар болсонгүй замын хажуугаас нэгэн бүлэг цэрэг гарч ирээд хэлрүүн: “Би болбоос Дун чансангийн доорх жанжин болой” хэмээгээд Гүн Сүнь Юэг харваж алав. Дагасан ард буруулан эгээд Гүн Сүнь Юэгийн алагдсаныг Гүн Сүньзань хэлбээс Гүн Сүньзань сонсож ихэд хилэн төрж өгүүлрүүн: “Юаньшао намайг өдөөж цэрэг гарч “Ханьфүг байлд!” хэмээгээд тэр харин дотуураар Зижоуг эзэлж эдүгээ бас Дунжуогийн цэрэг хэмээн хууран хэлж, миний дүүг харваж алав. Энэ өшөөг яахин хариулахгүй болж болмуй?” хэмээгээд цэргээ дуусган байгуулж, эцэст Зижоуд байлдахаар ирэв.
Тэндээс Юаньшао Гүн Сүньзаньгийн цэрэг хүрч ирснийг сонсож бас ч цэргээ дагуулан гарч ирээд хоёр этгээдийн цэрэг Паньхө голд уулзав. Юаньшаогийн цэрэг гүүрний зүүн этгээдэд жагсахад Гүн Сүньзаньгийн цэрэг гүүрний баруунтаа жагсаад Гүн Сүньзань морио гүүрэн дээр зогсоож, их дуугаар өгүүлрүүн: “Журмыг тэсэргүүлсэн боол чи юунд намайг худалдмуй?” хэмээсэнд Юаньшао бас морио давирсаар гүүрний ойр ирээд Гүн Сүньзанийг зааж өгүүлрүүн: “Ханьфү эрдэмгүй тул Зижоуг надад найр талбин өгчээ. Чамд юу хамаа буй?”.
Гүн Сүньзань өгүүлрүүн: “Эрт өдөр чамайг шударга журамт хэмээн бүгдээр өргөж, чуулганы дарга болгосон бөлгөө. Эдүгээ чиний явдлыг үзвээс үнэхээр чонын зүрх, нохойн явдалтай боол аж. Ямар нүүрээр орчлонд үлдэж явмуй?”. Юаньшао ихэд хилэгнэн өгүүлрүүн: “Үүнийг хэн гарч баримуй?” хэмээх үг барахаас урьд Вэньчоу морио давхиж, жадаа далайн гүүрний дээр алан ирэхэд, Гүн Сүньзань гүүрний хажууд Вэньчоу лүгээ байлдаж арван удаа болсонгүй Гүн Сүньзань хүлээн чадахгүй буруулав. Вэньчоу мөн хүчинд нэхэж очиход Гүн Сүньзань өөрийн жагсаалд орсонд Вэньчоу морио довтолгосоор шууд жагсаалд нэхэж ороод хөндлөн гулд байлдан явахад Гүн Сүньзаньгийн доорхи дөрвөн баатар жанжин гарч угтан байлдсанд Вэньчоу нэгэн жанжныг жадалж, мориноос унагасанд жич гурван жанжин цөм буруулав. Вэньчоу даруй Гүн Сүньзанийг хөөж жагсаалаас гарсан хойно Гүн Сүньзань уулын сугын зүг дутаав. Вэньчоу морио гүйлгэн их дуугаар “Түргэнээ мориноос бууж дагагтун!” хэмээв. Гүн Сүньзань айж, нум зэвийг алдаж дуулгаа газарт унагаснаар толгойн үсээ сангайлган69 морио талбиж, уулын хөтлийг тойрон гармагц морь нь бүдэрч Гүн Сүньзанийг унагав. Вэньчоу гүйцэж ирээд даруй жадаа нидэрч жадлатал хөтлийн зүүн этгээдээс нэгэн залуу жанжин морио довтолгон ирж, Вэньчоу лүгээ байлдав. Гүн Сүньзань хөтөл дээр мөлхөн гараад, тэр насан залуу жанжныг үзвээс биеийн өндөр найман тохой, хөмсөг өтгөн, нүд том, нүүр өргөн, эрүү давхар, их сүр жавхлантай. Вэньчоу лугаа тавь жаран удаа байлдаж, дийлэх дийлэгдэх нь ялгарсангүй. Гүн Сүньзаньгийн өмөглөх цэрэг хүрч ирсэнд Вэньчоу морио эргүүлэн явав.
68 Сүр бадраагч жанжин
Тэр залуу жанжин нэхсэнгүй тул Гүн Сүньзань даруй хөтлөөс бууж ирээд тэр нас залуу жанжны нэр овгийг асууваас залуу жанжин ёсолж өчрүүн: “Би Чаншаньгийн Жэньдин газрын хүмүүн, овог Жао, нэр Юнь, өргөсөн нэр Зылун, угтаа Юаньшаогийн харьяат бөлгөө. Юаньшао хаанд шударгыг гүйцэтгэж, иргэнийг аврах сэтгэлгүй тул тийнхүү түүнийг гээж тухайлан тугийн дор тань дагахаар ирээд санамсаргүй харин энд учирав” хэмээсэнд Гүн Сүньзань сонсоод ихэд баярлан даруй хүрээнээ буцаад цэрэг хуягаа тэгшитгэв.
Тэндээс дэд өдөр Гүн Сүньзань цэрэг морио зүүн баруун хоёр анги хувааж, шувууны жигүүр мэт жагсаав. Морь таван мянга илүү дотор их хагас нь саарал морь болой. Гүн Сүньзань урьд Цян хүн лүгээ байлдах цагт цөм саарал морийг сонгож гавшгай болгосноор “Цагаан морьт жанжин” хэмээх цолтой бөлгөө. Цян хүмүүсийн цэрэг саарал морийг үзвээс даруй буруулмуй. Тийнхүү саарал морь үлэмж ажгуу. Юаньшао, Яньлян, Вэньчоуг гавшгай болгож тус бүр нэжгээд мянган холхивч нум барьсан цэрэг өгч зүүн баруун хоёр анги хуваан зүүн этгээдээр Гүн Сүньзаньгийн баруун этгээдийг харвуулж, баруун этгээдээр Гүн Сүньзаньгийн зүүн этгээдийг харвагтун хэмээн тушаагаад бас Цюй Ид нум барьсан цэрэг найман зуу, явган цэрэг нэг түм таван мянгыг өгч жагсаалын дунд жагсаав. Юаньшао өөрийн бие морьт явган хэдэн түмэн цэргийг авч хойно өмөглөхөд бэлтгэв. Гүн Сүньзань, Жао Юнийг шинэ тутам олж сэтгэлийг нь мэдэхгүй тул өөр цэрэг өгч хойно болгож, их жанжин Яньганийг гавшгай болгов. Гүн Сүньзань өөрийн бие дундад цэргийг авч гүүрний дээр зогсож, хажууд улаан торгон дээр алтан утсаар тойруулан оёсон жанжин тугаа морины өмнө зогсоогоод, луу цагаас эхлэн могой цаг хүртэл хэнгэрэг дэлдэвч Юаньшаогийн цэрэг халдахаар ирсэнгүй. Цюй И нум барьсан цэргүүдээ халхлагчийн дор бүгүүлж “Буугийн дуу сонсмогц зэв харвагтун!” хэмээв.
69 Урт үс гэзэгний өрвийж сэгсийх, арзайх.
Яньган хэнгэрэг дэлдэн хашхирч, Цюй Игийн зүг байлдахаар очив. Цюй Игийн цэрэг Яньгангийн цэрэг хүрч ирснийг үзээд цөм бүгж огт хөдөлсөнгүй. Ойр хүрч ирсэн хойно нэгэнт буу талбимагц найман зуун нум барьсан цэрэг цугаар харвасанд Яньган яаран “Эгсүгэй!” хэмээтэл Цюй И морио довтолгон гүйцэж очоод Яньганыг цавчиж мориноос унагав. Үүнд Гүн Сүньзаньгийн цэрэг ихэд дарагдаж, зүүн баруун этгээдийн цэрэг туслахаар ирснийг цөм Яньлян, Вэньчоу нар харваж зогсоов. Юаньшаогийн цэрэг хамтаар урагшлан алсаар гүүрний дэргэд хүрэхэд Цюй И бас ирээд туг барьсан жанжныг алаад тугийг цавчин унагав. Гүн Сүньзань тугийг цавчин унагасныг үзээд морь буруулан гүүрнээс бууж явсанд Цюй И цэргээ дохиж шууд хойд цэрэгт шувтлан ороход цав хэмээн Жао Юнь лүгээ учирсан тул жадаа далайн морио давхиулсаар Цюй И лүгээ байлдан хэдэн удаа болсонгүй. Цюй И жадалж мориноос унагав. Жао Юнь гагц мориор нисэх мэт Юаньшаогийн цэрэгт орж зүүнш дайран, баруунш шургаж, хүмүүн үгүй газар явах адил. Гүн Сүньзань бас цэргээ эргүүлэн алахаар ирсэнд Юаньшаогийн цэрэг ихэд дарагдав.
Түүнээс Юаньшао харуулын хүнээр юу болсныг үзүүлэхээр илгээвээс хойш ирж хэлрүүн: “Цюй И дайсны жанжинг алж тугийг булаан аваад, дарагдсан дайсныг нэхэж явав” хэмээсэнд тийнхүү сэргийлэн бэлтгэсэнгүй, Тяньфэн лүгээ цацар дор сэрвээт жад барьсан цэрэг хэдэн зуу, нумч морьт цэрэг хэдэн арвыг авч морь унаж гарч үзээд ихэд инээлцэн өгүүлрүүн: “Гүн Сүньзань чадалгүй амьтан” хэмээн хэлэлцэж байтал гэнэт Жао Юнь нүдний өмнө дайран хүрч ирсэнд, нумч цэрэг харвасанд Жао Юнь залгалдаагаар хэдэн хүнийг жадласан тул олон цэрэг цөм дутаав. Хойноос Гүн Сүньзань бас хааж ирсэнд Тяньфэн сандран Юаньшаогайн зүг өгүүлрүүн: “Эзэн гүн түр хэрмийн дотор зайлсугай!”. Юаньшао хуяг дуулгаа газарт хаяж их дуугаар бархиран өгүүлрүүн: “Ихэс эр дайсан лугаа байлдаж үхэхийг хүсмүй. Юунд хэрмийн дотор орж амьдрахыг эрэх ёсон буй!” хэмээсэн тэр үгэнд олон цэргийн хүмүүн нэгэн сэтгэлээр үхэн байлдсан тул Жао Юнь шувтлан орж чадсангүй. Гэнэт Юаньшаогийн их багийн цэрэг хүрч ирсний дээр Яньлян бас цэрэг дагуулан ирсэн тул хоёр замаар хавчин байлдсанд Жао Юнь, Гүн Сүньзанийг хамгаалан хааснаас алан гарч гүүрнээ хүрэхэд Юаньшаогийн цэрэг түлхлэн ирээд, гүүр гартал хөөсөнд, усанд унаж үхснийг тооловч барахгүй. Юаньшао урагшлан хөөж ирээд таван газар явсангүй гэнэт уулын хойноос хашхирах дуун ихэд гарч нэгэн баг цэрэг морь хүрч ирэв. Тэргүүлэгч гурван их жанжин нь Лю Сюаньдө, Гуань Юньчан, Жан Идө болой. Пин Юань суманд агаад Гүн Сүньзаньгийн Юаньшао лугаа тэмцэлдэж байх чимээг олоод тухайлан туслахаар ирсэн ажгуу. Мөн даруйд гурван морь, гурван зэвсэг Юаньшаогийн зүг нисэх мэт ирэхэд, Юаньшао үзээд биеийн сүнс сарнитал айж, гартаа барьсан эрдэнийн илдээ унагаж, морио ташуурдан хойш дутаахад, олон жанжин нар үхэн байлдаж, авран гүүр гаргав. Гүн Сүньзань бас цэргээ хурааж хүрээндээ эгсэнд Сюаньдө, Гуань, Жан ёслон золгосон хойно Гүн Сүньзань өгүүлрүүн: “Хэрвээ Сюаньдө чи холоос өмөглөхөөр ирсэнгүй болбоос миний бие автахад хүрмүй” хэмээгээд Жао Юнг дуудан ирж Сюаньдөд учруулав. Сюаньдө үзээд ихэд хүндэлж салж түвдэхгүй болов.
Тэндээс Юаньшао нэгэн зэрэг дарагдсан тул бэхлэн сахиад гарч байлдахгүй, хоёр этгээдийн цэрэг харилцан тулалцаж нэгэн сар илүү болов. Тэр мэдээг хүмүүн Чан Аньд ирж Дунжуод мэдүүлсэнд Лирү Дунжуод өгүүлрүүн: “Юаньшао, Гүн Сүньзань цөм энэ үеийн эрдэмтэн бөлгөө. Эдүгээ Паньхө голд байлдаж буй хэмээмүй. Зүй нь хааны зарлиг хэмээн зарлиг бичиг үйлдэж хүмүүн зараад зохицуулбаас, тэд хоёул эрхгүй ачийг санаж, Тайшийг дагамуй” хэмээсэнд Дунжуо мөн хэмээгээд дэд өдөр тайфү түшмэл Ма Риди, Тайпү түшмэл, Жао Циг элч болгон зарлиг бичиг бариулж илгээв. Хоёул явсаар Хөбэйгийн газар хүрсэнд, Юаньшао зуун газрын гадна гарч угтаад зарлиг бичгийг сөгдөн хүлээж авав. Дараа өдөр Гүн Сүньзаньгийн хүрээнд ирж зарлиг бичгийг ухуулсан хойно Гүн Сүньзань, Юаньшаод бичиг илгээж харилцан зохицсон хойно хоёул нийслэлд эгж мэдүүлэхээр очив. Гүн Сүньзань цэрэг авч эгээд, бас Сюаньдөг айлтгаж Пин Юань сумын түшмэл болгов, Сюаньдө Жао Юньгээс салахдаа харилцан гар барилцан, нүднээс нулимс асгаруулж салж түвдэхгүй байхуйд Жао Юнь шүүрс алдаж өгүүлрүүн:
“Эрт өдөр Гүн Сүньзанийг эндүүрэн эрдэмгэн баатар хэмээн санажээ. Эдүгээ түүний явдлыг үзвээс бас ч Юаньшаогийн зэргийн хүмүүн болой” хэмээсэнд Сюаньдө өгүүлрүүн: “Жанжин тэсвэрлэн үйлдтүгэй. Бид уулзах өдөр буй!” хэмээгээд уйлан салцгаав.
Тэндээс Юаньшу Нань Янд сууж Юаньшаог шинэхэн Зижоуг олов хэмээн сонсоод, хүн зарж нэгэн мянган морь гуйхаар илгээвээс Юаньшао өгсөнгүй. Юаньшу ихэд уурлаж үүнээс ах дүү харилцан нийцгүй болов. Бас Зинжоуд хүн зарж, Любяогоос хорин түмэн дан70 амуу зээлэхээр илгээвээс Любяо бас л өгсөнгүй тул Юаньшу хорсож даруй бичиг бичээд, сэмээр хүмүүн зарж Сүньзяньд хүргэж түүнийг “Любяог байлдагтун!” хэмээв. Тэр бичгийн үг нь: “Урьд Любяогийн зам тоссон нь цөм миний ах Бэньчугийн арга болой. Эдүгээ Бэньчу, Любяо лугаа хулган хэлэлцэж, цэрэг байгуулаад Зяндунг дайлсугай хэмээж баймуй. Гүн түргэвчлэн цэрэг байгуулж, Любяог байлд! Би чиний тул Бэньчуг байлдваас хоёр өшөөг хариулаад, чи Зинжоуг авч, би Зижоуг олмуй, энэ тухайг битгий алдагтун!” хэмээжээ. Сүньзянь тэр бичгийг олж үзээд өгүүлрүүн: “Любяогийн эрт өдөр миний замыг тоссоныг тэсвэрлэн агсан бөлгөө. Эдүгээ мөн тухайд өшөөг авахгүй бас ямар үед хүлээмүй?” хэмээгээд Чэнпү, Хуангай, Ханьдан зэрэг жанжныг цуглуулж, зөвлөхөд Чэнпү өгүүлрүүн: “Юаньшугийн хүн ер зусар хойхой, үгийг нь итгэж болохгүй” хэмээсэнд, Сүньзянь өгүүлрүүн: “Би өөрөө хариугаа авсугай хэмээх тул юунд Юаньшугийн туслахыг эрмэлзмүй!” хэмээгээд урагш Хуангайг мөрөнд очиж байлдах онгоц бэлтгэж, дотор нь цэргийн зэвсэг, хүнс, өвс арвин хийж тавиад, их онгоцонд байлдах морь гарга!” хэмээн явуулаад даруй цэрэг хөдөлгөхөөр тогтов. Мөрнийг цагдагч хүмүүн энэ мэдээг олоод Любяод хэлэхээр ирсэнд Любяо сонсож, ихэд цочин даруй бичиг цэргийн жанжин түшмэдийг цуглуулж зөвлөхүйд Куайлян өгүүлрүүн: “Эзэн гүн битгий зовогтун! Хуанзүгээр Зянся газрын цэргийг авч гавшгай болгон илгээгээд, эзэн гүн Зинсянгийн олныг авч хойноос туслан байлдваас болмуй. Сүньзянь хол газраас мөрнийг гэтлэн ирэх тул яахин цэрэг хэрэглэж чадах аж?”. Любяо мөн хэмээгээд даруй Хуанзүг бэлтгэхээр илгээж, хойноос их цэрэг хөдөлж гарав.
70 Жаран килограмм буюу зуун хорин жинтэй тэнцэх хүндийн хэмжээ.
Тэндээс Сүньзяньд дөрвөн хөвгүүн буй. Цөм Ү овогт хатнаас төрсөн болой. Ахмад хөвгүүний нэр Цө, өргөсөн нэр Бофү. Дэд хөвгүүний нэр Цуань, өргөсөн нэр Жунмоу. Гутгаар хөвгүүний нэр Юй, өргөсөн нэр Шүби. Дөтгөөр хөвгүүний нэр Куан, өргөсөн нэр Жизуо болой. Мөн Ү хатны бага охин дүүг Сүньзянь бага эм болгон авчээ. Түүнээс бас нэгэн хөвгүүн нэгэн охин төрөв. Хөвгүүний нэр Лан, өргөсөн нэр Зао Ань, охины нэр Рэнь. Сүньзянь бас Юй овогтын хөвгүүнийг тэжээсэн бөлгөө. Нэр Шао, өргөсөн нэр Гунли, Сүньзяньд нэгэн дүү болой. Нэр Зин, өргөсөн нэр Ю Тай. Сүньзянь цэрэг мордоход Сүньзин олон хүүхдийг дагуулан морины өмнө сөгдөж ятган өгүүлрүүн: “Эдүгээ Дунжуо эрхийг эзэлсэнд тэнгэрийн хөвгүүн буурай зөөлөн болж, улс дотор самуураад тус тус нэгэн зовхисыг эзэлжээ. Завшаанаа Зяндунгийн газар баахан амар байх тул өчүүхэн өшөөгийн учир их цэрэг хөдөлгөх нь зохисгүй. Ах нарийвчлан хянах ажаамуу!” хэмээсэнд. Сүньзянь өгүүлрүүн: “Дүү битгий олон хэлэгтүн! Би дэлхий дахинд хөндлөн гулдаар явсугай хэмээх тул өшөө буй агаад яахин хариу авахгүй байж болмуй”. Ахмад хөвгүүн Сүньцө өгүүлрүүн: “Эцэг хэрвээ эрхгүй явах болбоос хөвгүүн би дагаж очихыг хүсмүй!” хэмээсэнд Сүньзянь тогтоогоод даруй Сүньцө лүгээ онгоцноо гарч Фаньчэн хотын зүг мордов.
Тэндээс Хуанзү нум барьсан цэргийг мөрний хөвөөнд бүгүүлж, онгоц хөвөөнд ойр болсныг үзээд нум барьсан ардыг гаргаж, цугаар харвуулахад Сүньзянь олон цэргийг “Хөдөлж болохгүй!” хэмээгээд онгоцны дотор бүгүүлж, хойш урагш явуулж өдөөлмүй. Залгалдаагаар гурван өдөр болов. Онгоц хэдэн арван удаа хөвөөний ойр хүрсэнд, Хуанзүгийн цэрэг зогсолгүй харвасаар зэв нэгэнт баржээ. Сүньзянь онгоцонд хадсан зэвийг түүвээс хэдэн арван түмэн сумыг олов. Тэр өдөр салхин эерэх болсонд Сүньзяньгийн цэрэг хөвөөнд гарч Чэнпү, Хуангай хоёр замаар Хуанзүгийн хүрээнээ хавсран орсон бөгөөд Ханьдан бас хойноос орж, гурван замаар хавчиж байлдахуйд Хуанзүгийн цэрэг ихэд дарагдаж, Паньчэн хотыг гээж Дэнчэнд буруулав.
Сүльзянь Хуангайгаар онгоцыг сахиулж, өөрийн бие цэрэг авч нэхэн очсонд Хуанзү цэрэг авч угтан ирээд талд жагсаав. Сүньзянь бас жагсаал жагсааж тугийн дороос гарч зогссонд, Сүньцө бас хуяг дуулга өмсөж, жад барин эцгийн хажууд зогсжээ. Хуанзү хоёр жанжныг дагуулан гарч ирэв.
Нэг нь Зянся газрын Жанху, нөгөө нь Сян Ян газрын Чэньшэн, Хуанзү ташуураар зааж хараан өгүүлрүүн: “Зяндунгийн хулгана мэт хулгай! Ямар аймшиг үгүй Хан хааны угсаан зах хязгаарыг халдахаар ирмүй!” хэмээгээд Жанхуг байлдахаар гаргав. Сүньзяньгийн жагсаалаас Ханьдан угтан гарч байлдаад гуч илүү удаа болоход Чэнышэн Жанхуг хүч буурав хэмээн морь довтолгон туслахаар ирснийг Сүньцө үзээд гар доторхи жадаа талбиж, нум авч харвахад цав хэмээн Чэньшэнгийн магнай оногдож мориноос унав. Жанху Чэньшэнгийн унасныг үзээд давхийн цочиж, гар хөл хөдөлж завдсангүй. Ханьданд толгойгоо хоёр тийш цавчигдав. Чэнпү даруй морио давхиж, Хуанзүг барихаар ирсэнд Хуанзү хуяг дуулга морио гээж явган цэргийн дотор орж дутаав. Сүньзянь буруулсан цэргийг алж, Ханьшуй усанд хүрээд Хуангайгаар онгоцыг цөм Ханьзияан мөрөнд авч ирүүлэв.
Тэндээс Хуанзү дарагдсан цэргээ хурааж, Любяод золгохоор ирээд Сүньзяньгийн сүр хүчийг хүлээж болохгүйг хэлсэнд Любяо яаран Куайляныг дуудаж зөвлөвөөс Куайлян өгүүлрүүн: “Эдүгээ шинэхэн дарагдсанд цэргийн хүмүүн байлдах сэтгэлгүй болсон тул гагц гүн гуу, өндөр хэрэм цогцлоож, түүний хурц сүрийг халхлаад сэмээр хүмүүн зарж, Юаньшаогаас туслахыг гуйваас энэ хаасныг тайлж болмуй!” хэмээсэнд Цаймао өгүүлрүүн: “Зымао71-гийн үг бядуу арга болой. Дайсны цэрэг хотын дор ирээд, гуугийн хөвөөнд хүрэхээр болсон атал бид гараа талбиж, үхэхийг хүлээмүй үү? Би хэдий эрдэм үгүй боловч цэрэг гуйн хотоос гарч нэгэнтээ байлдахыг хүсмүй!” хэмээсэнд Любяо түүнийг тогтоосонд, Цаймао нэгэн түм илүү цэргийг авч Сян Ян хотын гадна гараад, Сяньшань уулын ёроолд цэрэг жагсаав. Сүньзянь дийлсэн цэргээ авч урагш давшин ирэхэд Цаймао гарч ирэв. Сүньзянь өгүүлрүүн: “Энэ хүмүүн Любяогийн бага эмийн ах болой. Хэн надад барьж өгмүй” хэмээсэнд Чэнпү жад барьж гараад, Цаймао лугаа байлдаж хэдэн удаа болсонгүй. Цаймао буруулсанд Сүньзянь цэрэг авч ороод алсан хүмүүний яс нь талд дүүрчээ. Цаймао Сян Ян балгасанд дутаан орсон хойно Куайлян өгүүлрүүн: “Цаймао сайн аргыг дагахгүй ихэд дарагдахад хүрүүлсэн тул цэргийн цаазаар албаас зохимуй!” хэмээсэнд Любяо түүний охин дүүг шинэ авсан тул нүүр харж, ял хийсэнгүй талбив.
Тэндээс Сүньзянь цэргээ хувааж, дөрвөн талаар хааж, Сян Ян хотыг байлдав. Гэнэт нэгэн өдөр их салхи салхилж, цэрэг дунд босгосон Шуай72 үсэгт тугийг хугалсанд Ханьдан өгүүлрүүн: “Энэ сайн ёр бус, түр цэрэг эгвээс зохимуй!” хэмээсэнд Сүньзянь өгүүлрүүн: “Би байлдах бүр цөм дийлэх бөгөөд Сян Яныг олох нь өглөө, үдэш болсон атал юунд салхинд туг хугарсан учир цэрэг эгмүй” хэмээгээд Ханьдангийн үгийг авсангүй хотыг байлдах нь улам шахам болжээ. Тэндээс Куайлян Любяод өгүүлрүүн: “Би тэнгэрийн байдлыг үзвээс нэгэн жанжны од унах шахжээ. Хэрийг бодвоос эрхгүй Сүньзяньгийн биед тохиолдмуй. Эзэн гүн даруй бичиг бичиж, Юаньшаод илгээн туслахыг гуйсугай!” хэмээсэнд Любяо бичиг үйлдэж асууруун: “Хэн хүмүүн энэ хаасныг нэвтлэн гарч чадмуй” хэмээсэнд баатар жанжин Люйгун гарч өгүүлрүүн: “Би эчихийг хүсмүй!” хэмээхэд Куайлян өгүүлрүүн: “Чи эчвээс миний аргыг сонс. Чамд таван зуун цэрэг өгсүгэй! Харвахад сайныг олонтоо дагуулан хаасныг нэвтэлж гараад даруй Сяньшань уулын зүг явтугай! Тэр эрхгүй хойноос нэхэж эчмүй. Чи нэгэн зуун цэргийг шалгаж, уулын оройд гаргаад чулуу эрж бэлтгэн тавигтун! Нэгэн зуун цэргээр нум сум бариулж шугуйн дотор бүгүүл! Нэхэх цэрэг хүрч ирсэн цагт шууд зугтаж болохгүй. Эрхбиш эргэн тойрон муруйн явж, цэрэг бүгсэн газарт дагуулан авч, хүрсэн хойно зэв чулууг хамтаар хаяж харвагтун! Дийлбээс даруй тэмдэг буу талбигтун! Хотын дотроос өмөглөх цэрэг илгээсүгэй! Хэрвээ цэрэг үгүй болбоос буу талбиж болохгүй! Түргэвчлэн эчигтүн! Энэ шөнө сарны гэрэл гэгээнгүй, харанхуй болмогц хотоос гарвал болмуй” хэмээсний хойно Люйгүн аргыг хүлээж цэрэг морио бэлтгэн талбив.
71 Куайлянгийн өргөсөн нэр
72 Цэргийн ерөнхий жанжин
Харанхуй болмогц сэмээр хотын зүүн хаалгыг нээгээд цэргээ дагуулан гарав. Сүньзянь цацрын дотор аж. Гэнэт хашхирах дууг сонсож, яаран морио унаж, гуч илүү морьтныг авч хүрээнээс гарч үзвээс цэргийн хүмүүн учран: “Нэгэн баг цэрэг гарч ирээд Сяньшань уулын зүг эчмүй” хэмээхийг Сүньзянь сонсож, олон жанжинг дагуулсангүйгээр гагц гучин морьтныг авч нэхэж эчив. Люйгун ууланд хүрч шугуй модны зузаан газар эчээд цэргийг бүгүүлжээ. Сүньзяньгийн морь хурдан тул гагцаар урьд хүрч ирээд үзвээс дайсны цэрэг холгүй тул Сүньзянь их дуугаар дуудаж өгүүлрүүн: “Битгий явагтун!”. Люйгун морио эргүүлж, Сүньзянь лугаа нэгэн удаа байлдаж, даруй буруулан уулын замаар орж эчив. Сүньзянь морио давхиж орвоос Люйгун үзэгдэхгүй тул Сүньзянь сая уулын оройд гарья хэмээтэл гэнэт харангын дуу гарч уулын дээрээс зэв чулуу цохих бөгөөд шугуйн дотроос сум харваж ирсэн тул Сүньзяньгийн бие зэв чулуунд оногдож тархи нь гарч хүн морь цөм Сяньшань уулын дор үхэв. Гучин долоон настай бөлгөө.
Тэндээс Люйгун гучин хүмүүнийг хааж цөмийг алаад тэмдэг буу талбихад хотын дотроос Хуанзү, Куай Юэ, Цаймао тус тус цэрэг авч алан гарч ирсэнд Зяндунгийн цэрэг ихэд самуурав. Хуангай хашхирах дууг сонсож, яаран усан цэргийг авч байлдахаар ирэхэд төвхийтэл Хуанзү лугаа учраад хоёр удаа байлдсангүй Хуанзүг амьдаар барив. Чэнпү, Сүньцөг хамгаалж, зам эрэн атал төвхийтөл Люйгун лугаа учирсан тул хэдэн удаа байлдсангүй. Люйгунг жадалж мориноос унагаад хоёр этгээдийн цэрэг харилцан байлдсаар тэнгэр гэгээрсэн хойно тус тус цэргээ хурааж, Любяогийн цэрэг хотод оров. Сүньцө Ханьшуй голд эгээд сая эцэг нь суманд харвагдаж үхээд ясыг Любяогийн цэргийн хүмүүн хотноо дамнаж аваачжээ хэмээн сонсоод дуу талбиж уйлав. Олон цэргүүд цөм уйлалдан байхад Сүньзянь өгүүлрүүн: “Эцгийн яс дайсны газар буй тул яахин нутагт эгж харимуй”. Хуангай өгүүлрүүн: “Эдүгээ Хуанзүгийн амьд бие энд буй. Хэрвээ нэгэн хүмүүн олж, хот дотор оруулаад эвсэлцэн хэлэлцвээс Хуанзүгээр эзэн гүнгийн ясыг зольж болмуй” хэмээн үг барахын урьд цэргийн түшмэл Хуаньзе гарч өгүүлрүүн:
“Би урьд Любяо лугаа танилцах тул зарц болж эчихийг хүсмүй” хэмээснийг Сүньцө тогтоосон тул Хуаньзе хотод орж Любяод золгоод тэр учрыг хэлсний хойно Любяо өгүүлрүүн: “Вэньтайгийн ясыг би нэгэнтээ авслан энд хадгалж баймуй. Даруй Хуанзүг талбин явуул! Хоёр этгээд харилцан цэргээ эгүүлж, дахин битгий халдагтун” хэмээв. Хуаньзе тал өгч эгье хэмээхэд нэгэн хүмүүн гарч өгүүлрүүн:
“Болохгүй! Болохгүй! Надад нэгэн үг буй. Зяндунгийн олон цэргийн нэгийг ч эгүүлэхгүй. Урьдаар Хуаньзег алаад хойно мөнөөх аргыг хэрэглэсүгэй!” хэмээжээ. Энэ нь чухамхүү: “Энэхүү дайсныг нэхэхээр очсон Сүньзянь бие сая бараад Найрлахыг гуйхаар ирсэн Хуаньзе бас түгшүүр болов” Эгнэгт Хуаньзегийн амь бие ямар болохыг доор бүлэгт үзтүгэй!
Сэтгэгдэл ( 0 )