Ким Жон Ун нэг сарын дараа анх удаа олны өмнө гарав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 16

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тус улсын томоохон бүтээн байгуулалтын үйл явцтай танилцахаар Самжиён хотод айлчилжээ. Самжиён бүс нутагт орчин үеийн хотын бүтээн байгуулалтын сүүлчийн шатны ажил өрнөж байна гэж Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ мэдээлжээ.

Тэрбээр сүүлийн нэг сар гаруйн дараа ийнхүү олны өмнө ил гарч байна. Хамгийн сүүлд Хойд Солонгосын тэргүүн аравдугаар сарын 11-нд Пёньян хотноо болсон батлан хамгаалах салбарын үзэсгэлэн худалдааны нээлтэд оролцож, үг хэлсэн юм.

БНАСАУ-ын эрх баригчид Солонгосын хойгийн хамгийн өндөр уул болох ариун Пэкту уулын бэлд байрлах жижиг хотыг орчин үеийн эдийн засгийн зангилаа хот болгож хөгжүүлэх энэхүү томоохон бүтээн байгуулалтын төсөлд ихээхэн ач холбогдол өгч байна гэж KCNA онцолжээ. Самжиён нь шинэ орон сууцны хорооллууд, зочид буудал, цанын бааз, худалдаа, соёл, эрүүл мэндийн цогцолбор бүхий томоохон хот болох юм.

Ким Жон Ун дөрвөн жилийн бүтээн байгуулалтын төсөл нь өөрийн сонгосон замаар, өөрийн нөөц, хүчээр хөгжил дэвшилд хүрэх гэсэн Хойд Солонгосын “ган хүсэл зориг”-ийг илэрхийлж байна гээд шинэ хот хөдөө орон нутгийг өөрчлөх эхлэлийг тавьж байна гэж онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top