Словак болон Чехид коронавирусний эсрэг вакцинд хамрагдаагүй болон ковидоор өвчлөөгүй иргэд дэлгүүрээр үйлчлүүлж чадахааргүй болжээ.
Вакцинд хамрагдаагүй иргэд анхны тусламжийн бараа зардаг газруудаас бусад худалдааны төв, нийтийн хоолны болон соёл урлагийн газруудаар үйлчлүүлэх, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд очих хориотой.
Словакийн Ерөнхий сайд Эдуард Хегер “Эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулахын тулд дараах арга хэмжээг авах шаардлагатай байна. COVID-19-ийн халдварын улмаас эмнэлэгт хэвтэж буй хүмүүсийн тоо өсөж байна” гэж Засгийн газрын шийдвэрийн талаар тайлбарлажээ.
Тэрбээр мөн ард иргэддээ хандан коронавирусний халдварын эсрэг вакцинд хамрагдахыг уриалсан байна.
Тэгвэл Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш “Ресторан, музей, бусад нийтийн үйлчилгээ, олон нийтийн газар зөвхөн вакцинд хамрагдсан болон ковидоор өвчлөөд эдгэрсэн хүмүүст үйлчилнэ. Энэ хязгаарлалт арваннэгдүгээр сарын 22-ноос хэрэгжиж эхэлнэ” гэж мэдэгджээ.
Вакцин хийлгээгүй болон ковидоор өвчлөөгүй иргэдэд тогтоосон хөл хорио ирэх 2022 оны хоёрдугаар сарын сүүлч хүртэл үргэлжлэх аж.
Үүний өмнө Австрид арваннэгдүгээр сарын 15-наас вакцинд хамрагдаагүй иргэд болон ковидоор өвчлөөгүй хүмүүст шөнийн хөл хорио тогтоосон билээ. Коронавирусний эсрэг вакцинд хамрагдаагүй иргэдийг шөнийн цагаар гэрээсээ гарахыг хориглосон хязгаарлалт 22:00 цагаас эхлэх аж. Мөн шөнө ажилладаг ресторануудыг дахин хаахаар болжээ.
Мөн Перуд ирэх арванхоёрдугаар сарын 15-наас коронавирусний халдварын тархалттай холбоотой хязгаарлалтыг чангатгана гэжээ. Перугийн Засгийн газраас мэдээлснээр арванхоёрдугаар сарын 15-наас тус улсад иргэд олон нийтийн газраар зорчихдоо COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн гэрчилгээгээ заавал шалгуулна.
18-аас дээш насны иргэд хязгаарлагдмал орон зайтай олон нийтийн газраар орохдоо коронавирусний эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан гэрчилгээгээ заавал үзүүлэхээс гадна шуудан зөөгч нар болон нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар ажлаа гүйцэтгэхдээ ковидын эсрэг вакцины хоёр тунд хамрагдсан байх ёстой аж. Мөн 10-аас дээш ажилтантай компаниуд бүх ажилтан нь вакцинд хамрагдсан тохиолдолд хэвийн байдлаараа ажиллаж болно гэсэн байна.
Перугийн Эрүүл мэндийн сайд Оскар Угарте Засгийн газар оны сүүлч гэхэд бүх иргэд болон тус улсад оршин суугаа гадаадын иргэдийг вакцинжуулахаар төлөвлөж байгаа талаар мэдэгдсэн юм.
Эрдэмтэд дэлхий дахинд коронавирусний эсрэг нийтийн дархлаа тогтох нь чухал гэж үзэж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )