Их Британид “Омикрон” омгийн халдвар удахгүй нэг саяд хүрнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 09

Их Британид коронавирусний “Омикрон” хувилбарын халдвараар өвчлөгсдийн тоо арванхоёрдугаар сарын сүүлч гэхэд нэг саяд хүрч нэмэгдэж магадгүй гэсэн тооцооллыг хийжээ.

Тус улсын Эрүүл мэндийн сайд Саджид Жавид “Их Британийн эрүүл мэндийн агентлагийн дүгнэлтээр одоогийн нөхцөл байдлыг ажиглахад энэ сарын сүүлийн 2-3 өдөрт “Омикрон” хувилбарын халдварын тоо нэг саяыг давах төлөвтэй байна” гэж мэдэгджээ.

Тэрбээр өнөөдрийн байдлаар /2021.12.09/ Их Британид 568 хүн “Омикрон” хувилбараар өвчилсөн нь батлагдсан ч халдварын бодит тоо үүнээс илүү байж болзошгүйг хэлсэн байна.

Сүүлийн өдрүүдийн байдал вакцинжуулалт “Дельта” омогтой харьцуулахад “Омикрон” омгийн эсрэг дархлааг бага тогтоосныг гэрчилж байна гэж Саджид Жавид хэлжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус мэдэгдэхдээ “Омикрон омог COVID-19-ийн цар тахлын явцад ихээхэн нөлөө үзүүлж байна” гэсэн юм.

Тэгвэл Оросын эрдэмтэд “Омикрон” омог нь коронавирусний цар тахлын төгсгөл байх магадлалтай талаар таамаг дэвшүүлсэн юм. Хурдан халдварладаг ч хүндэрдэггүй энэ омог нь цаашдаа ердийн улирлын чанартай амьсгалын замын халдварт өвчин болно гэж эрдэмтэд дүгнэж буй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top