Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннет Эрүүл мэндийн яамны шинжээчдийн гаргасан 60-аас дээш насны иргэд болон эмч, эмнэлгийн ажилтнуудад коронавирусний эсрэг вакцины дөрөв дэх тунд хамруулах зөвлөмжийг дэмжжээ.
Ингэснээр коронавирусний “омикрон” хувилбараас үүдэлтэй шинэ давлагааг даван туулах боломжтой болно гэж үзэж байна. Израилийн иргэд ковидын эсрэг вакцины бүүстер тунг дэлхий дээр анхлан хийлгэсэн үндэстэн болсон. Дөрөв дэх тунгийн хувьд ч мөн анхдагчид болж байна гэж Беннетийн танхимаас гаргасан мэдэгдэлд онцолжээ.
Шинэ хувилбар эрчимтэй дэгдэж буй нөхцөлд тус улс төрийн байгууллагуудын албан хаагчдын 50 хувийг энэ сарын 26-аас эхлэн сарын хугацаанд зайнаас ажиллах чиглэл өгчээ.
Израилийн Эрүүл мэндийн яамны мэдээллээр, тус улсад “омикрон” хувилбараар халдварласан өвчтөн нас барсан анхны тохиолдол бүртгэгдээд байна. 65 настай өвчтөн вакцины хоёр тун хийлгэсэн байжээ. Одоогоор тус улсын 6.4 сая иргэн вакцины нэгдүгээр тун, 5.8 сая хүн хоёрдугаар тун, 4.1 сая иргэн бүүстер буюу нэмэлт тундаа хамрагдаад байна. Израил улс нь 9.3 сая хүн амтай.
Сэтгэгдэл ( 0 )