Ла Пальма арлын галт уулын дэлбэрэлт зогсов

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 26

Испанийн Канарын арлуудын Ла Пальма арал дахь Кумбре Вьеха галт уулын дэлбэрэлт зогслоо гэж орон нутгийн эрх баригчид бямба гарагт /2021.12.25/ албан ёсоор мэдэгджээ.

Галт уул энэ сарын 13-наас идэвхгүй болжээ. Гэхдээ энэ талаар эрдэмтдийн комиссын дүгнэлт гарсны дараа мэдэгдсэн байна. Эрдэмтдийн комиссын дүгнэлтээс үзвэл галт уул халуун хайлмаг, хий ялгаруулахаа больж, газар хөдлөлт, чичирхийлэл зогссон байна. Галт уулын дэлбэрэлт 85 хоног найман цаг үргэлжилсэн гэж Канарын арлуудын засгийн газрын зөвлөх Хулио Перес мэдэгджээ.

Түүний хэлснээр, байгалийн гамшгаас учирсан хохирлын хэмжээ асар их. Галт уул идэвхгүй болсон ч аюулын түвшин тодорхой хугацаанд улаан хэвээр байх гэнэ.

Орон нутгийн оршин суугчид халуун хайлмагт харьцангуй бага өртсөн орон байрандаа ирэх сарын эхээр харих боломжтой гэнэ. Тэр хүртэл ус хангамж зэрэг дэд бүтцийг сэргээх ажил хийгдэх аж.

Кумбре Вьеха галт уул өнгөрсөн есдүгээр сарын 19-нд эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногийн эхээр галт уулын идэвхжил намжсан ч мэргэжилтнүүд дахин идэвхжих эсэхийг нь тодорхой хугацаанд ажигласны дараа албан ёсоор галт уулын дэлбэрэлт зогссон тухай мэдэгджээ.

Өнгөрсөн хугацаанд галт уулын халуун хайлмаг 1.2 мянган га газрын нөмөрч, 1600 гаруй барилга, байгууламжийг устгаж, 74 км замыг ашиглалтаас гаргажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top