Монгол Улсын хэмжээнд чадлын дутагдалд орж, цахилгаан, эрчим хүчний дутагдалтай байдал үүсч болзошгүй нөхцөлд хүрсэн байна. Үүнтэй холбогдуулан аймгуудын Цахилгаан түгээх сүлжээний салбарууд “Тодорхойгүй хугацаагаар цахилгаан хязгаарлаж болзошгүй” гэх мэдэгдлийг өөрсдийн цахим хуудсаар дамжуулан иргэдэд өгч эхэлжээ. Бид энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.
Сэргээгдэх эрчим хүчний Үндэсний төвийн Ерөнхий диспетчер Б.Баатартай утсаар холбогдов.
-Зарим аймгуудын Цахилгаан түгээх сүлжээний салбарууд “Цахилгаан хязгаарлаж болзошгүй” талаар мэдэгдэл гаргаад эхэлсэн байна. Шалтгааныг нь чадлын дутагдалд орсон гэж тайлбарлаж байгаа. Үүнд тайлбар өгөөч?
-Одоогоор чанарын дутагдалд орсон зүйл алга. Оны өмнө буюу арваннэгдүгээр сард цахилгаан эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Тэр бэлэн байдлын зэрэг буураагүй байгаа учраас орон нутгууд оны өмнөх мэдэгдлээ дахин тавьсан байж магадгүй. Манайхаас бол хязгаарлалт хийх чиглэл өгөөгүй. Цахилгаан түгээлт хэвийн байгаа.
-Чадлын дутагдал гэхээр яг ямар байдалд орохыг хэлэх вэ?
-Үйлдвэрлэл зогсож, хэрэглээ өсөөд ирэхээрээ чадлын дутагдалд ордог.
-ОХУ-аас Монгол руу эрчим хүч нийлүүлдэг хэсэг дээр гэмтэл, доголдол үүссэн гэх яриа бас байна. Үнэн үү?
-Орост гэмтэл гарвал өгөх хэмжээгээ багасгана. Одоогоор гэхдээ тийм асуудал гараагүй. Саяхан Улан-Үдэд асуудал гарч, хэсэг уясан. Одоо хэвийн ажиллагаанд орсон байгаа.
-Эсвэл орон нутгийн цахилгаан түгээх сүлжээний салбаруудад өгөгддөг цахилгаан хязгаарлах графикын дагуу эрчим хүчийг хязгаарлах гэсэн байж болох уу?
-Тэр чинь болзошгүй нөхцөлд авах арга хэмжээний нэг шүү дээ. Техник юм чинь гэмтэнэ, тэр тохиолдолд хэрэгжүүлнэ гэсэн үг.
-Өнгөрөгч баярын өдрүүдэд манай улсын цахилгааны хэрэглээ хэвийн хэмжээнд байж чадсан уу?
-Баярын үеэр 1374 мегаваттад хүрсэн. Хамгийн их чадал арванхоёрдугаар сарын дундуур 1385 мегаваттад хүрсэн гэж бүртгэгдсэн байна. Одоо 1340-тэй л байгаа.
Б.МЯГМАРСҮРЭН: ЦАХИЛГААН ХЭЗЭЭ ХЯЗГААРЛАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА
Дундговь аймгийн Цахилгаан түгээх сүлжээ салбарын Шуурхай үйлчилгээний хэсгийн Ээлжийн инженер Б.Мягмарсүрэнтэй холбогдож, үүссэн асуудлын талаар тодрууллаа.
-Танай албан ёсны фэйсбүүк хуудсанд бичигдсэн мэдэгдлийн дагуу холбогдож байна. Нөхцөл байдал ямар байна вэ?
-Улсын хэмжээнд чадлын дутагдал үүсч, хүчин чадал нь дийлэхээ байгаад ирэхээр хохирол багатай хэрэглэгч болох гэр хорооллоос чадлаа татдаг график бий. Түүн дагуу сумдуудын эрчим хүчний чадлыг татаж, ачааллаа авч үлдэн, илүүг нь явуулах үйл ажиллагаа гэсэн үг.
-Тэгэхээр тодорхой хэдхэн аймаг руу цахилгаан хязгаарлах мэдэгдэл ирдэг гэсэн үг үү?
-Бүх аймаг орон нутагт цахилгаан хязгаарлах график гэж байдаг. Гэхдээ бүгдийг зэрэг таслах биш шат дараатай таслана. Цахилгаан, эрчим хүчийг хязгаарлаад эхлэхэд ачаалал хэвийн болох нь уу гэдгээс шалтгаалаад дараагийн аймгуудад цахилгаан таслах эсэхийг шийддэг. Ер нь аймгууд давтамжийг 50 герц дээр тогтоон барьж байх ёстой. Ачаалал нэмэгдээд эхлэхээр энэ тооноосоо унаад эхэлдэг. Батлагдсан график бий.
-Төвөөс хязгаарлалт хийхэд эхний аймаг дээр чадал тогтворжоод эхэлбэл танай аймагт цахилгаан хязгаарлахгүй байж болно гэж ойлгож болох уу?
-Ачаалал хэзээ ихсэх нь тодорхойгүй учраас тэдэн цагт таслана гэж хэлж болдоггүй. Төвөөс мэдэгдэл ирсэн даруйд таслах учраас урьдчилан өмнөх өдрүүдэд нь анхааруулах мэдэгдэл, зарлал өгч байгаа юм.
Иргэдийн хамгийн их ачаалал үүсгэдэг 18.00-20.00 цагуудад голчлон цахилгааны хязгаарлалт хийгддэг. Тэгэхээр 20.00 цагаас хойш цахилгаан таслаагүй бол хязгаарлахгүй л гэсэн үг.
Манай аймгийн хувьд урд талын Өмнөговь аймгийнхаа нар, салхины станцаас нэмэлт тэжээл авдаг. Тиймээс Улаанбаатарт сүлжээнээс чадлын дутагдалд орлоо гэхэд өмнө талаасаа тэжээл авч байгаа учраас тэр таслалт нь тун бага байдаг. Түүнээс гадна манай аймгийн хувьд уул уурхай бага. Тиймээс манай аймагт өндөр чадал ордоггүй.
-Хэрэв хязгаарлалт хийлээ гэхэд онцгой шаардлагатай эмнэлэг, албан байгууллагуудад цахилгааныг хэвийн олгох уу?
-Бүгдийнх нь цахилгааныг таслана. Гэхдээ 1, 2 дугаар түвшний хэрэглэгчдийгээ өөрсдөдөө давхар нөөц эх үүсвэртэй бай гэх шаардлагыг тавьдаг. Түүнийг нь Эрчим хүчний яамнаас судалж, тодорхой хэмжээний шаардлагуудыг тавьсан байдаг. Бидэнд нөөц эх үүсвэр байдаг. Гэхдээ өвлийн их ачаалал буюу гуравдугаар сарын 1-нийг хүртэл 2 цагаас илүүтэйгээр төлөвлөгөөт таслалт хийхийг хориглодог.
-Баярын өдрүүдэд танай аймгийн цахилгаан эрчим хүчний ачаалал хэр нэмэгдэв?
-Манай аймгийн төв дэд станц 4000 мегаваттын хүчин чадалтай трансформатортай байсан. Өнгөрсөн жил сайжруулаад, 6300 мегаваттын хүчин чадалтай болгосон. Өчигдөр оройны байдлаар /2022.01.04/ манай аймаг 4.015 мегаваттын чадал авч ажилласан байна. Хуучин трансформатортайгаа байсан бол тэр маань хэт ачаалалд орж, гэмтэхээр байжээ.
Сэтгэгдэл ( 0 )