Б.Мөнхжин: Монгол Улсын иргэн халдлагад өртсөн гэх мэдээлэл ирээгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 06

Засгийн газар өнөөдөр (2021.01.06) ээлжит бусаар хуралдлаа.

Хуралдаанаар Казахстан улсын нөхцөл байдлын талаарх мэдээллийг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Засгийн газрын гишүүдэд өгсөн байна. 

Тэрбээр хуралдаанаас гарч ирэнгүүт дараах мэдээллийг хэвлэлийнхэнд танилцуулсан юм. 

Ингэхдээ "Казахстанд амьдардаг Монгол Улсын иргэн халдлагад өртсөн гэх мэдээлэл ирээгүй. Суурин утас ажиллаж байгаа ч холбоо барих нөхцөл маш хүнд байна. Казахстан улс даяар онц байдал зарласан. Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагаас цэрэг хүссэн. Удахгүй орж ирэх байх гэх мэдээллийг өглөө" гэв.

Сануулахад, Өнөөдрийн байдлаар манай нийт 4028 иргэн Казахстанд ажиллаж, амьдарч байна. Үүнээс 1383 хүн хууль ёсны дагуу, 1600 хүн хууль бусаар оршин сууж, нийт 1045 оюутан сурч байна. Түүнчлэн давхар иргэншилтэй байж болзошгүй 500 гаруй хүн байна. 

Казахстан Улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Консулын газрын шуурхай утсанд холбогдсон тохиолдол одоогоор байхгүй. 

Бүгд Найрамдах Казахстан Улсад үүсээд буй нийгмийн эмх замбараагүй байдлын улмаас тус улсад байгаа монгол иргэдийн эрүүл мэнд, бие махбодид хохирол учирсан тохиолдол гараагүй байна. 

ГХЯ-ны зүгээс үйл явдлын явцыг үргэлжлүүлэн анхааралтай ажиглаж байгаа бөгөөд жагсаал, цуглаан болж буй газруудаар явахгүй байхыг БНКазУ-д байгаа иргэддээ зөвлөж байгаа юм. 

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой яаралтай туслалцаа, зөвлөгөө авах бол Нур Султан дахь ЭСЯ-ны +77172266773,+77055840628+77051395535 болон Консулын газрын 83042222 дугаарын шуурхай утсаар холбогдох боломжтой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top