Б.Жавхлан: Одоогийн Концессийн хуулийн зохицуулалт нь хязгаарлагдмал

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 01 сарын 07

 

Сангийн яамнаас Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулж буйтай  холбогдуулан уг хуулийн төслийг хувийн хэвшлийн байгууллагуудад танилцуулж, санал авах хэлэлцүүлгийг Сангийн яам, МҮХАҮТ хамтран зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт Сангийн сайд Б.Жавхлан болон ажлын хэсгийн гишүүд оролцож, танилцуулга хийн, оролцогчдын асуултад хариулав. Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн үгэндээ: “Одоогийн хэрэгжиж буй Концессийн тухай хуулийн зохицуулалт нь хязгаарлагдмал, хэрэгжихэд хүндрэлтэй байгаагаас хуулийг шинэчлэх хэрэгцээ шаардлага бий болсон. Олон улсын түвшинд Төр, хувийн хэвшлийн түншлэл нь маш өндөр хөгжсөн байдаг. Иймд Сангийн яам Төр хувийн хэвшлийн тухай хууль дээр хоёр жил гаруй хугацаанд ажилласан. Хуулийн төслийг боловсруулахдаа НҮБ-ын гишүүн орнуудын дагаж мөрддөг ТХХТ-ийн загвар хуулийг үндэслэн боловсруулсан" гэдгийг онцлов. 

Мөн тэрбээр ТХХТ-ийн хуулийн хүрээнд төрөөс үзүүлдэг үйчилгээ, дэд бүтцийн томоохон төслүүд дээр ТХХТ-ээр хэрэгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж бүрдэнэ гэж харж байна гэв. Хууль хэрэгжиж эхэлснээр төр төслөө захиалах, хувийн хэвшил төслөө өөрөө санаачлах боломжтой бүрдэх аж. 

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эдийн засгийг сэргээх томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд урьдчилсан тооцоогоор 80 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа ба ТХХТ-ийн гэрээгээр эсхүл гаднын хөрөнгө оруулалтаар төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой болох юм. 

ТХХТ-ийн хуулийн онцлог нь барих-шилжүүлэх төрлийг төслөөс хасч байгаа. ТХХТ-ийн гэрээ нь ашиглалтын зардлыг хариуцахдаа Засгийн газраас, хэрэглэгчээс, холимог гэсэн төрөлтэй байх бөгөөд дан ганц дэд бүтцийн салбар төдийгүй боловсрол, сургуулийн үйлчилгээг гүйцэтгэх боломжтойгоороо онцлог юм. 

Төслийн хэлэлцүүлэгт оролцсон бизнес эрхлэгчдийн зүгээс тус хуулийн төслийг талархаж хүлээн авсан ба ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, анхаарах шаардлагатай асуудлуудын талаар саналаа хэлсэн юм. 

Бизнес эрхлэгчдийн зүгээс хуулийн төсөлтэй холбоотой саналаа ажлын хэсэгт хүргүүлэх боломжтой аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top