Казахстанд 164 хүн амиа алдсан гэх мэдээллийг үгүйсгэлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 10

Казахстаны Гадаад хэргийн яам эмх замбараагүй байдлын үеэр баривчлагдсан хүмүүсийн талаар мэдээлэл өгчээ.

Гадаад хэргийн яамны хэвлэлийн албанаас мэдээлснээр эмх замбараагүй байдал үүсгэгчид дунд халуун цэгт байлдаж явсан туршлагатай хүмүүс байгаа аж. Исламын хэт даврагч бүлэглэлүүдтэй тулалдаж байсан, хилийн чинадад бэлтгэгдсэн хүмүүс байсан гэж Казахстаны Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ.

Мөн одоогоор хууль, хяналтын байгууллагынхан болон Зэвсэгт хүчин террористуудын эсрэг зогсож байгаа болохоос энгийн иргэдийн эсрэг зогсоогүйг мэдэгдсэн байна.

Казахстаны хууль, хяналтын байгууллагынхан эмх замбараагүй байдлыг мөрдөн шалгаж байгаа юм. Эмх замбараагүй байдлын үеэр 164 хүн амиа алдсан гэсэн мэдээллийг батлаагүй байна.

Казахстаны Эрүүл мэндийн яам дээрх тоог албан ёсоор батлаагүй бөгөөд албаныхан 164 хүн амиа алдсан гэсэн мэдээллийг устгажээ. Уг мэдээлэлд Алма-Ата хотод 103 хүн амиа алдсан гэсэн байжээ.

Тэгвэл Павлодар мужид эмх замбараагүй байдалтай холбоотойгоор хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоожээ. Онц байдалтай холбоотойгоор сургуулиудын амралтыг сунгасан байна. Энэ талаар тус мужийн Боловсролын удирдах газраас мэдээлээд “1-11 дүгээр ангийн сурагчдын өвлийн амралтыг нэгдүгээр сарын 17-ны өдөр хүртэл, коллежийн оюутнуудын амралтыг нэгдүгээр сарын 24-нийг хүртэл сунгалаа” гэжээ.

Павлодар мужид жагсагчид засаг захиргааны байр руу дайрах оролдлого хийжээ. Гэхдээ хууль, хяналтынхан тэднийг дарсан байна.

Атырау мужид гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо 60 давсан талаар мужийн эмнэлгийн ерөнхий эмч Ербол Имангалиев мэдэгджээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн 42 нь цэргийн алба хаагч аж.

Алма-Ата хотод цэргүүд гудамжинд эргүүлд гарч эхэлжээ. Чангаруулсан хяналтын дагуу гудамж бүрт буутай цэргүүд бүхий ачааны машин зогсжээ.

Казахстаны Батлан хамгаалахын сайд Султан Камалетдинов “Террорист ажиллагааны эсрэг тэмцэл нь террористуудыг устгаж дуустлаа үргэлжилнэ” гэж мэдэгдсэн байна.

Тус улсад нөхцөл байдал тогтвортой болж байгаа аж. Гэхдээ Үндэсний гвардын 400 орчим дайчин гэмтэж бэртсэн гэсэн мэдээлэл байгаа юм. Цэрэг дайчид Алма-Ата, Шымкент хот болон хэд хэдэн мужид болсон эмх замбараагүй байдлын үеэр гэмтсэн талаар Үндэсний гвардын ерөнхий командлагч Руслан Жаксылыков мэдэгджээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дорж(202.21.108.151) 2022 оны 01 сарын 10

Элэнцэг балагцагных нь барууны хатгаас? Террористууд? Нэг хүнийг хэт шүтсэний гор нь гарч ард түмэн тэсэхээ больж босож байна. Харин өөрсдөө гадны цэрэг оруулснаараа террористууд гэдгээ баталчихлаа. Манайд ч тэдний харгис удирдлагыг дэмжиж, ард иргэдийг алан хядагч террористууд хэмээн ам хамраа нийлүүлэн улин хуцагчид их байгаа нь аюул хажууд байна гэсэн үг.

0  |  2
зочин (202.9.46.237) 2022 оны 01 сарын 10

164 ХҮНИЙ АМЬ ХӨНӨӨЖ, ӨВЧТӨНГ ЗӨӨЖ ЯВАА ЭМНЭЛЭГИЙН МАШИН , ГАЛ УНТРААХААР ЯВАА ГАЛ КОМАНДЫН МАШИНЫГ ШАТААЖ, ЭМНЭЛГИЙГ БҮСЛЭН ХААЖ, ЗАРИМ ЦЭРЭГ, ЦАГДААГИЙН ТОЛГОЙГ ТАСДАХЫГ ЭРХ ЧӨЛӨӨ, АРДЧИЛАЛ ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА БАРУУНЫХАНТАЙ ЮУ ЯРИХ ВЭ ДЭЭ? ТЭД ЭРҮҮЛ ҮҮ ??? ИЙМ БАЙДЛЫГ МАНАЙД Ч ЭРХ ЧӨЛӨӨ, АРДЧИЛАЛЫН ЖИШЭЭ ГЭЖ ҮЗЭЖ, ЗАРЛАН ТУНХАГЛАЖ БГА НӨХДҮҮДИЙГ ТӨР ЗАСАГ АНХААРАЛДАА АВАХ ЦАГ БОЛЖЭЭ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

2  |  0
Top