Элизабет хатан хааны аюулгүй байдлын төлөө нислэггүй бүс байгуулна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 10

Их Британийн хатан хаан II Элизабетын аюулгүй байдлыг хангах үүднээс түүний өргөө болох Уиндсорын шилтгээний дээгүүр 762 м өндөрт нислэггүй бүс байгуулахаар болжээ.

“The Sun” сонинд бичсэнээр, энэ сарын 27-ноос эхлэн Уиндсорын шилтгээнээс 2.2 км радиуст нислэг үйлдэхийг хориглох аж. Шинэ дүрмийн хэрэгжилтийг Их Британийн Иргэний агаарын тээврийн үндэсний газрын диспетчерийн алба хянах гэнэ.
Нислэггүй бүсэд ямар нэгэн нисдэг биет орж ирсэн тохиолдолд хатан хааны нисэх хүчний сөнөөгч онгоцнуудыг илгээх аж.

2021 оны арванхоёрдугаар сарын 25-нд хатан хааны Зул сарын баярыг тэмдэглэсэн Уиндсорын шилтгээн зэвсэглэсэн этгээд нэвтэрчээ. Уг этгээдийг сэтгэцийн өвчтэй гэж үзэн, эмчийн хяналтад байлгаж байна. Хатан хааны гэр бүлд болсон явдлын талаар мэдээлсэн байна. “The Sun” сонинд бичсэнээр тус этгээд Энэтхэгт явуулсан Лондонгийн колоничлолын бодлогын төлөө Британийн хатан хааны гэр бүлээс өшөө авахыг хүсжээ. Мэдээллээс үзвэл, 19 настай уг этгээд Уиндсорын шилтгээнд нэвтрэхээс хэдэн минутын өмнө II Элизабетыг хөнөөнө хэмээн сүрдүүлсэн дүрс бичлэгээ Snapchat нийгмийн сүлжээнд байршуулсан байна. Ингэхдээ гэмт этгээд 1919 онд Британийн эзэн гүрний цэргүүд Энэтхэгийн хойд хэсэгт энгийн иргэдийг буудаж хороосон Амритсар дахь хядлагын төлөө өшөө авахыг хүссэн гэж тайлбарлажээ.

Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан хатан хаан Зул сарын баярыг хоёр дахь жилдээ Уиндсорын шилтгээнд тэмдэглэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top