ТАНИЛЦ: SMS-ийн 2021 оны онцлох ажлууд

2022 оны 01 сарын 11

"Startup Marketing Space" нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх чиглэлээр тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд өнгөрөгч 2021 онд чамгүй олон ажлуудыг амжуулжээ.

Эдгээрээс заримыг нь онцолбол, “Гэрээсээ-Онлайн” хөтөлбөр, Aspire LaunchPAD хөтөлбөр, Интерншип хөтөлбөр, “СТАРТАП 2021” Улсын аварга шалгаруулах анхдугаар уралдаан, “Dreaming Startup” online networking, “Рокит” үндэсний контент, Амара Грам виртуал модел, Шарк Танк нэвтрүүлгийн 3-р улирлын бизнесийн хамтрагчаар ажилласан.

Хамтын ажиллагааний хүрээнд Соёлын яам, Санфранциско дах Shack 15, CU Mongolia-тай хамтын ажиллагаа эхлүүлсэн. Мөн МУ-ыг мэдээллийн технологийн гарааны бизнесийн эдийн засгийн чөлөөт бүс болгох тухай хуулийн болон “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль”-ийн ажлын хэсэгт ажиллалаа.

“Гэрээсээ-Онлайн” хөтөлбөр /ажиллая, суралцая, хөгжье/ Ковид-19 цар тахлын нөлөөллөөс үүдсэн хөл хорионы үед гэрээсээ ажиллах горимд бүх нийтээрээ шилжсэнтэй холбоотой албан газар байгууллагуудын хувьд үйл ажиллагаагаа цахим горимд шилжүүлэх, ажилчдын хувьд гэрээсээ үр бүтээлтэйгээр ажлаа үргэлжлүүлэх шаардлага бүх бизнесүүдэд бий болсон. Энэхүү сорилтуудыг амжилттайгаар даван туулж, Мэдлэг чадвар, шинэ туршлага хуваалцах зорилгоор “Стартап Маркетинг Спэйс” төвийн сургалтын баг нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр ГЭРЭЭСЭЭ - Онлайн хөтөлбөрийг гурван удаа зохион байгуулж нийт 50 гаруй бизнес эрхлэгчдийг хамруулж чадавхжуулсан.

“Unleash Аcademy”-тай хамтран дэлхийн 300 орчим хотод явагддаг CO.STARTERS хөтөлбөрийн Canvas загварчлалд үндэслэн боловсруулсан Aspire LaunchPAD хөтөлбөрийг хоёр удаа зохион байгуулж нийт 20 гаруй үүсгэн байгуулагч, гарааны бизнес эхлүүлэх хүсэлтэй залуусыг сургаж, төгсгөлөө. Энэхүү хөтөлбөр нь 9 долоо хоног буюу 2 сарын турш үргэлжилдэг, зөвхөн 1 удаагийн сургалт ороод дуусах бус бүх төгсөгчидтэй 2 жилийн турш холбоотой байж, бизнесийн явцыг нь сонсож, ярилцаж, нэмэлт зөвлөгөө өгдөг бөгөөд дараагийн шатны хурдасгуур хөтөлбөр, бизнес төслийн уралдаанд оролцох, менторшип хөтөлбөрт оролцох, олон улс дахь төгсөгчдийн коммюнитид нэгдэх зэрэг нэмэлт боломжууд нээж өгдгөөрөө онцлог юм.

“Стартап Маркетинг Спэйс” ХХК-ийн үнэт зүйлийн нэг болох SHARE буюу бусадтай сурсан мэдсэнээ хуваалцах зарчмын хүрээнд ирээдүйд багтаа ур чадвар бүхий хүний нөөц бэлтгэх, бүрдүүлэх зорилгоор “1:1 дадлагажих хөтөлбөр”-ийг 2021/06/24 - 2021/08/23-ны хооронд зохион байгууллаа. Хөтөлбөрт нийт 52 залуучууд бүртгүүлснээс 8-ыг нь сонгож бизнесийн удирдлага, маркетинг, зар сурталчилгаа, сошиал медиа, санхүү, хөрөнгө оруулалт, карьер төлөвлөлт, нетворкинг, албан харилцаа гэсэн төрлүүдээр хөгжүүлж, сонгосон чиглэлээрээ төсөл хөтөлбөрүүд дээр ажиллах, санал санаачилга, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэн ажилласан. Тухайн хөтөлбөр нь жил бүр тогтмол хэрэгжих бөгөөд оюутан залуус онолын хүрээнд олж авсан мэдлэгээ практик дээр хэрэгжүүлэх, түүнээсээ суралцах, хөгжиж, туршлагажих боломжийг олгож байгаа юм.

Анх удаа 50,000,000 төгрөгийн шагналын сантай Улсын аварга шалгаруулах анхдугаар уралдаан “СТАРТАП 2021” арга хэмжээг зохион байгууллаа.

2018 оноос эхлэн Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт хэрэгжиж эхэлсэн Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд улсын аварга шалгаруулах тэмцээнийг НХХЯ, ХХҮЕГ-ын санаачилгаар анх удаа зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 2021 оны тус хөтөлбөрт оролцож хурдасгуур хөтөлбөртөө шалгарч, улмаар дэмодэй арга хэмжээний эхний байранд шалгарсан багууд оролцсон ба дүүргээс 5, аймгуудаас 3 баг оролцох эрхийг авсан. Улсын хэмжээнд 108 баг оролцох байснаас 56 багийн мэдүүлэг ирж улмаар 52 баг 1-р шатны шалгаруулалтад оролцсон. Эхний шалгаруулалт 2021/12/02-ны өдөр онлайнаар зохион байгуулагдаж 24 баг 2-р шатандаа тэнцсэн бол 2021/12/05-ны 2-р шатны шалгаруулалт мөн адил онлайнаар зохион байгуулагдаж улсын хэмжээнд шилдэг 10 багийг шалгаруулсан. Сүүлийн шалгаруулалт болох финалын арга хэмжээ 2021/12/09-ны өдөр танхимаар зохион байгуулагдаж шилдэг 3 багаа шалгаруулсан. Шүүгчдийн нэгдсэн онооны дүнгээр дараах багууд шалгарсан.
Баянгол дүүргээс оролцсон “Art rect” баг 20,000,000₮
Баянгол дүүргээс оролцсон “Хурын шим” баг эзэлж 17,000,000₮
Дархан уул аймгаас оролцсон “Хөрсгүй тариалалт” баг шалгарч 13,000,000 төгрөгийн шагналын эзэн болов.

Уралдааны шүүгчидээр УИХ-ын гишүүд Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Х.Булгантуяа, Dreamers нэгдлийн тэргүүн Ж.Золзаяа, СЭЗИС дэд профессор Г.Батхуяг нар ажиллаж багуудад үнэтэй зөвлөгөө өгсөн юм. Цаашид уг арга хэмжээг тогтмол зохион байгуулж жил бүр үндэсний аваргаа шалгаруулахын тулд манай баг, хамт олон хичээн ажиллаж байна.

Өнгөрсөн онд манай төвөөр нийтдээ 3605 хүн үйлчлүүлжээ. Манай баг хамт олон нийт 240 бизнест зөвлөх үйлчилгээ үзүүлж, 2274 цагийн сургалт хийж, 186 арга хэмжээ зохион байгуулав.

Салбарын нягтрал, дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр жил бүрийн 5 сард болдог “Монголын Инновацийн 7 хоног” арга хэмжээний хүрээнд “Инноваци ба хөрөнгө оруулалт” сэдэвт хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачдын бүтээлийг хөрөнгө оруулагчтай холбох үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж, 34 төслөөс шилдэг 9 төслийг хөрөнгө оруулагч нарт танилцуулсан.

Бүгд Найрамдах Солонгос Улсад сурч, хөдөлмөрлөж, амьдарч байгаа Монгол залуучуудыг эх орондоо бизнес эхлүүлэх, хөрөнгө оруулалт хийхэд эдийн засгийн ямар боломж байгаа эсэх, хууль эрх зүйн зохицуулалт, тулгарч болох эрсдэл, трэнд болж байгаа сэдэв зэрэг олон талын шинэлэг мэдээ мэдээллийг Монгол болон Солонгос улсад өөрийн гарааны бизнесээ амжилттай авч явж буй Энтрепренеруудаас авч цаашид харилцаа холбоо тогтоон хамтран ажиллах боломжийг олгох зорилготой DREAMING STARTUP online networking арга хэмжээг “Let's Ko&Mong Хамтдаа бүтээх Монголын мөрөөдөл” ТББ-тай хамтран зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд БНСУ-д ажиллаж, амьдардаг 30 гаруй хүн оролцсон.

Гарааны бизнес эрхлэгч, энтрепренеруудын даван туулж буй саад бэрхшээл, ололт амжилт, соёлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлд 2021 онд “Эрхэт Монгол Медиа Групп”-тэй хамтран “Рокит” үндэсний контентийг бүтээж, олон нийтэд хүргэж эхэлсэн. Бодлогын зочин, Бизнес найраа, Тэгээс тэрбум руу болон Trending now гэсэн 4 хэсгээс бүрдэх 60 минутын контентийг ТВ8 сувгаар Бямба гараг бүрийн 20:30 цагт цацаж, нийтдээ 19 дугаарыг үзэгчдийн хүртээл болгоод байна.

Монгол ТВ-ийн Шарк Танк нэвтрүүлгийн 3-р улирлын Бизнесийн зөвлөх хамтрагч байгууллагаар ажиллаж, гарааны болон жижиг дунд бизнесүүдийг хөрөнгө оруулагч шаркуудад бизнесээ танилцуулахад албан ёсны хамтрагч зөвлөх компаниар ажиллан, 28 бизнест нийт 6,1 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт авахад дэмжин ажиллалаа. Тус хамтын ажиллагааны хүрээнд боломжит бизнесүүдийг эрж хайх, сонгон шалгаруулах, үнэлэх, сургах, хөгжүүлэх, зөвлөх үйл ажиллагаанд нийтдээ 1678 цагийг зарцуулжээ.

“Стартап Маркетинг Спэйс” ХХК нь 2021 онд Монголын хамгийн анхны виртуал модел Амара Грамыг хөгжүүлэгч “Лэдэфин” ХХК-д хөрөнгө оруулж, портфолио компанитай боллоо. Амара Грам нь “Шарк Танк” нэвтрүүлэгт оролцон 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг амжилттай татаж одоогийн байдлаар зах зээлийн үнэлгээ нь 870 сая болоод байна. Бид цаашид олон улсын зах зээлд гарахаар ажиллаж байна.

Соёл урлагийн салбарын төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой “Соёл урлагийг дэмжих сан”-гийн сонгон шалгаруулах үйл ажиллагаа нээлттэй ил тод болгох, соёл урлагийн байгууллагууд төсөл хөтөлбөрөө танилцуулах ур чадварт сургах чиглэлээр Соёлын яамтай хамтран ажилласан. Эцсийн шатанд нийт 120 гаруй төслөөс 42 төсөл 2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авлаа.

Залуучуудын гарааны бизнесийг дэмжих Стартап хөтөлбөр нь энэ жилийн хувьд 90 хувь нь онлайнаар зохион байгуулагдаж, 10,000,000 төгрөгийн санхүүжилт нь эргэн төлөгдөхгүй олгогдсон гэдгээрээ онцлогтой байлаа. Бидний хувьд нийт 128 багийн 281 залуучуудыг хамруулж 4 дүүрэг, 4 аймгийн 12 багт 120,000,000 төгрөгийн санхүүжилт авахад дэмжин ажиллажээ. Мөн “Шилдэг стартап залуу, залуучуудын багт санхүүгийн дэмжлэг олгох улсын уралдаан”-ы ялагчид 50 сая төгрөгийн санхүүжилтийг авсан.

Сүүлийн үед дэлхий дахинаа эрчээ авч, хүмүүсийн гол ярианы сэдэв болсон криптовалют, койн, токены эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилготой “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль”-ийн дэд ажлын хэсэгт орж салбарын төлөөллүүдээс судалгаа, санал авах, уулзалтыг зохион байгуулах, хуулийн төсөлд санал оруулах ажилд “Монголын финтек блокчэйний зөвлөл”-д орон ажиллала. Энэхүү хууль 2021 оны 12 сарын 17-ны өдөр УИХ-аар батлагдсан.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Н.Учрал нарын санаачилсан “Монгол улсыг мэдээллийн технологийн гарааны бизнесийн эдийн засгийн чөлөөт бүс болгох тухай хууль”-ийн төслийн ажлын хэсэгт орж хуулийн хэрэгцээ шаардлага, үр шим хүртэгчид болон бусад улс орнуудын харьцуулсан судалгаануудыг хийж, хуулийн төслийг боловсруулан нийт 19 хүний бүрэлдээхүүнтэй ажиллалаа. 2022 оны 01 сард УИХ-д санаачилсан гишүүд өргөн барина.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлийн гарааны бизнес эрхлэгчдийг олон улсын зах зээлд гарахад төрөөс дэмжлэг үзүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах чиглэлээр төлөвлөгөө боловсруулахаар төр, хувийн хэвшил хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Үүний дагуу ажлын хэсэгт орж ажиллан санал дүгнэлтийг холбогдох төрийн байгууллагуудад хүлээлгэн өгсөн.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top