Энхийг сахиулагчид хоёр хоногийн дараа Казахстанаас гарч эхэлнэ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 11

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулагчид хоёр хоногийн дараа Казахстанаас гарч эхэлнэ гэж мэдэгджээ.

Тэрбээр парламентын доод Мажилис танхимд үг хэлэхдээ терроризмын эсрэг ажиллагааны оргил үе өнгөрөөд байна. Тиймээс ХАБГБ-ын эхийг сахиулах үндсэн ажиллагаа амжилттай өндөрлөж байна гэж онцолжээ. Хоёр хоногийн дараа энхийг сахиулагчдыг гаргах ажиллагаа эхлэх бөгөөд энэ үйл явцыг 10 хоногт багтаахаар төлөвлөж байна.

Токаев Үндэсний аюулгүй байдлын хороо нийгэмд хагарал үүсэж, үндэсний аюулгүй байдал аюул учирсныг урьдчилан харж чадаагүй гэж шүүмжилжээ. Түүний хэлснээр, босогчид төрийн эрх мэдлийг булаан авахыг завдсан ба үүний тулд иж бүрэн төлөвлөгөө боловсруулсан. Казахстанд төрийн эргэлт хийх, улсын бүрэн бүтэн байдалд халдах гэсэн оролдлого бүтэлгүйтсэн гэж Токаев мэдэгдсэн байна. Нэг үндэстний хувьд бид Алматы болон бусад мужуудын төвийг эргүүлэн авч чадлаа. Ойрын хугацаанд сэргээн босгох болно гэж Касым Токаев онцолжээ.

Түүнчлэн, Казахстан дахь нийгмийн тэгш бус байдал улам бүр гүнзгийрч, төрийн үйлчилгээний хүртээмж эргэлзээ төрүүлж байна гээд ирэх хоёр сарын хугацаанд хүн амын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж амлажээ. Токаев парламент, засгийн газрын гишүүд болон мужийн захирагчдын цалинг ирэх таван жилд нэмэхийг хориглосон тухай зарлажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top