Малчид жилд хоёр удаа “Малын тоо толгойн албан татвар” төлнө

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

Өнгөрөгч оны /2022/ арваннэгдүгээр сард батлагдсан “Малын тоо толгойн албан татварын тухай” хуульд зааснаар малчид жилд хоёр удаа татвар төлөх ёстой болсон. Тодруулбал, тухайн жилийн долоодугаар сарын 15-ны өдөр болон арванхоёрдугаар сарын 15-ны дотор малчид өмчилж буй малын тоо толгой тоологдон бүртгэгдсэн сум, дүүргийн төсөвт татвараа төлөх юм.

Хуульд малчид татвараа урьдчилан төлж болох талаар мөн тусгажээ. Түүнчлэн татварын тайлангаа гаргахыг хуульд заасан байна.

ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээлснээр татварыг бэлчээрийн менежмент хийх, зун, намрын бэлчээрийг хамгаалах, өвөлжөө, хаваржааг сахиулах, малын чанарыг сайжруулах, ус хангамжийг хүртээмжтэй болгох, хадлан тэжээл бэлтгэх, цаг хүндэрсэн үед малчид өвс, тэжээлээ чөлөөтэй худалдан авч байх зэрэг бодит ажилд чиглүүлж байгаа гэнэ.

Малчдын төлсөн татвар орон нутгийн хөгжлийн санд төвлөрч, асуудлыг ИТХ болоод малчид өөрсдөө шийдэж байхаар тусгасан учир тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагын оролцоо үүнд маш чухал үүрэгтэй болж байна.

Дашрамд өгүүлэхэд, Улсын дунджаар нэг ямаанд 1000 төгрөг, тэмээнээс 150 төгрөг, адуунаас 800 төгрөг, үхрээс 500 төгрөг, нэг хонинд 900 төгрөгийн татвар авахаар тооцсон юм. Нэг малаас авах татварын хэмжээг 2000 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх хуулийн зохицуулалттай. Сум, орон нутгийн төсөвт төвлөрөх энэ мөнгийг аль болох эргээд малчдад хэрэгтэй зүйлд үр ашигтай зарцуулах, татвараа төлсөн малчин ашиг хүртдэг байхаар зохицуулж буй. Үүнд төр болон иргэд, ТББ-ын хяналт тавих юм.

Хуулийн дэлгэрэнгүйг ЭНД-ээс унших боломжтой. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top