Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх хоёр улсын хамтын зорилтын талаар албаныхан өмнө нь байр сууриа илэрхийлж байсан билээ.
Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос өчигдөр /2022.01.17/ танилцуулсан мэдээллээр, Монгол Улс 2021 онд БНХАУ-тай 10.2 тэрбум ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 63.1 хувийг эзэлж байна.
Цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхээс өмнө буюу 2019 онд Монгол Улс БНХАУ-тай 8.9 тэрбум ам.долларын худалдаа хийж байсан. Тэгвэл ковидын улмаас хил гаалийн хүндрэлтэй нөхцөл байдал давамгайлсан 2021 онд ийнхүү манай улс тус улстай 10.2 тэрбум ам.доллар давсан худалдааг хийлээ.
ҮСХ-ны мэдээллээр, Монгол Улс 2021 онд 159 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.1 тэрбум ам.доллар болсон байна. Үүнээс экспорт 9.2 тэрбум ам.доллар, импорт 6.8 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй юм.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оноос 3.2 тэрбум ам.доллар буюу 25 хувиар нэмэгджээ. Тодруулбал, экспорт 1.7 тэрбум ам.доллароор, импорт 1.5 тэрбум ам.доллароор тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Харин 2021 оны 12 дугаар сард экспорт 417.3 сая ам.доллар, импорт 660.7 сая ам.доллар болжээ. Экспорт өмнөх сараас экспорт 889 сая ам.доллароор буурсан бол импорт 117.9 сая ам.доллароор өсжээ.
ЭКСПОРТ, ИМПОРТ, ТЭНЦЭЛ, сараар, сая америк доллароор
Гадаад худалдааны тэнцэл 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оноос 121.1 сая ам.доллар буюу 5.3 хувиар өссөн байна.
Экспорт 2021 оны 12 дугаар сард өмнөх сараас 889.0 сая ам.доллароор буурахад нүүрсний экспорт 460.2 сая ам.доллароор, алтны экспорт 217.2 сая ам.доллароор буурсан нь голлох нөлөөг үзүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )