Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг хийх бэлтгэл ажлын хүрээнд ГХЯ, ИНЕГ, МИАТ болон Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны төлөөлөгчид өчигдөр /2022.01.18/ цахим уулзалт хийж, явц болон цаашид авах алхам, хэрэгжүүлэх ажлын талаар харилцан санал, мэдээлэл солилцжээ.
Уулзалтад Элчин сайд Ө.Батбаяр, ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан, МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, ГХЯ-ны АОДАГ-ын захирал А.Ананд, ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Батбаяр, ГХЯ-ны АОДАГ-ын зөвлөх А.Гуамарал, Вашингтон дахь ЭСЯ-ны зөвлөх Г.Баттулга нар тус тус оролцсон байна.
Сануулахад, 2019 онд Монгол дахь Америкийн худалдааны танхимаас (Amcham) “АНУ-руу шууд нислэг хийх боломж, гарц шийдэл” хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулж байсан. Тухайн үед AmCham-ын гүйцэтгэх захирал Гари Биондо АНУ хоёр орны хооронд шууд нислэг үйлдэхийг дэмжиж байгааг илэрхийлсний сацуу “МИАТ” компанийн техник тоног төхөөрөмж, хүний нөөцийн ур чадвар болон компанийн үйл ажиллагаа АНУ-ын баримталдаг хууль тогтоомж, олон улсын шаардлагыг хангаж, нэгдүгээр зэрэглэлд хүрсэн нөхцөлд шууд нислэг үйлдэх бүрэн боломжтой гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )