ХЗХ-дын анхаарах ЗАСАГЛАЛЫН асуудал

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 01 сарын 19

Хадгаламж зээлийн хоршоодын анхаарах засаглалын асуудлын талаар Санхүүгийн зохицуулах хорооноос дараах мэдээллийг өгч байна.

Хадгаламж, зээлийн хоршоодын талаар олон улсад 2020 онд хийгдсэн судалгаануудаас үзэхэд тэдгээрийн засаглалыг дараах байдалтай гэж дүгнэхээр байна. Үүнд:

Тэргүүлэгчдийн зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүний хувьд: Хадгаламж зээлийн хоршооны Тэргүүлэгчдийн зөвлөл /ТЗ/-ийн гишүүдийн төрөлжилтийг нэн тэргүүний ач холбогдол бүхий зорилт гэж тодорхойлсон байна. Тухайлбал, ТЗ-д шинэ гишүүн элсүүлэхэд тавигддаг гол шаардлагад байгууллагын стратегид төвлөрөх чадвар, бие даасан хараат бус сэтгэлгээ зэрэг ур чадварыг хамгийн үнэ цэнэтэй гэж дүгнэсэн байна. Хадгаламж зээлийн хоршоодын хувьд бусад санхүүгийн салбарынхаас ТЗ нь хүйсийн ялгаатай байдлаараа илүү байдаг. Тухайлбал, ТЗ дунджаар 9 гишүүнтэйгээс 3:1 эмэгтэй гишүүд байна.

ТЗ-ийн засаглал: Засаглалаа бэхжүүлэхэд анхаардаг хоршоодын 1000 гаруй захирлын дунд явуулсан судалгаагаар ТЗ-ийн засаглалын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзсэн дараах байр суурийг илэрхийлжээ. Үүнд: а) засаглалыг тогтмол хугацаанд үнэлэх, b) засаглалын үнэлгээнд суурилсан үйл ажиллагааны төлөвлөгөө, c) эрх бүхий албан тушаалтныг сонгох, нутагшуулах үйл явц, d) ТЗ-ийн гишүүдийг сонгох давтамж.

ТЗ-ийн манлайлал: Судалгаагаар дараах хоёр ангилалд хуваагдах нийт 7 ТЗ-ийн даргын манлайллын чухал чиг үүргийг тодорхойлсон байна. Үүнд: a) үйл явцыг удирдах (жишээ нь: цаг хуваарилах, хэлэлцэх асуудлын дараалал тогтоох гэх мэт), b) хүнтэй ажиллах (Хороодын гишүүд, дарга нарыг томилох).

Ихэнх хадгаламж, зээлийн хоршоод ТЗ-ийн даргын томилгооны хугацааг хязгаарладаггүй ч судалгаанд оролцсон хадгаламж, зээлийн хоршоодын 3:1-ээс илүү хувь нь энэ хугацааг хязгаарладаг гэсэн байна. Судалгаагаар ТЗ-ийн даргын томилгооны хугацаа 1-10 жилийн хооронд хэлбэлзэж байв.  Судалгаанд хамрагдсан ТЗ-ийн нийт гишүүдийн 92 хувь нь гүйцэтгэх захиралтайгаа ажил хэрэгч, үр дүнтэй харилцаатай байна.

Хадгаламж, зээлийн хоршооны стратеги: Судалгаанд оролцогчдын 32 хувь нь хадгаламж, зээлийн хоршооны ТЗ байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, стратегийг боловсруулахад үр дүнтэй оролцдоггүй гэжээ. Хадгаламж, зээлийн хоршоодын төлөөллийн ихэнх нь өдөр тутам гүйцэтгэдэг  ажил болон үйл ажиллагааны дотоод хяналтад зарцуулдаг ажлын дундаж цагаа гуравны нэгээр багасгаж, стратегийн төлөвлөлтөд дунджаар 10 хувиар илүү цаг зарцуулах нь зохистой гэж хариулсан байна.

Шийдвэр гаргалтын хувьд: Хүндрэлтэй асуудал шийдвэрлэх, бие биедээ хариуцлага тооцох, эсвэл бүх гишүүдийг ТЗ-ийн ажилд татан оролцуулах нь үр дүнгүй гэж үздэг байна. Захирлууд шийдвэр гаргалтын үйл явцад эргэлздэг ч ихэнх нь ТЗ-ийн гаргасан шийдвэрийг эцсийн дүндээ сайн шийдэл байсан гэдэгт итгэдэг бөгөөд хэрэгжүүлэхдээ нэгдмэл байр сууринаас хандаж чаддаг байна.

Эндээс үзэхэд, хадгаламж зээлийн хоршооны ТЗ-ийн гишүүд нь стратеги төлөвлөлт болон хараат бус байх асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байна. ТЗ-ийн гишүүд хэдий эдийн засаг, эрх зүй, санхүү, нягтлан бодох бүртгэл, хүний нөөцийн зэрэг мэргэжилтэй, ажил хэрэгч, мэдлэг чадвартай ч стратегийн төлөвлөлтгүй,  бие даасан, хараат бус биш бол хоршооны үнэ цэнэ нэмэгдэх боломжгүй аж.

Хадгаламж, зээлийн хоршооны стратегийг боловсруулахад зохих ач холбогдлыг өгч, хангалттай цаг зарцуулж ажиллах шаардлагатай ба энэ нь ТЗ-ийн гол үүрэг хариуцлагын нэг тул үүнийг хэрхэн биелүүлж ажилласнаар ажлыг нь үнэлэх боломжтой. Мөн ТЗ-ийн гишүүдийн төрөлжилт нас, хүйс, арьс өнгө, үндэс угсаа зэрэг хүн ам зүйн ялгаатай байдлын бодлогыг урьд өмнөхөөс илүү анхаарч, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй. Түүнчлэн хадгаламж, зээлийн хоршооны засаглалыг сайжруулах зорилгоор ТЗ нь засаглалын үнэлгээг тогтмол хугацаанд хийж, уг үнэлгээнд суурилсан үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу ажилласнаар хадгаламж, зээлийн үйл ажиллагааг тогтвортой, үр дүнтэйгээр явуулах суурь нөхцөлийг бүрдүүлэх боломжтой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top