"Капитал"-д алдсан 56 тэрбумаас "сургамж" авсан Хөгжлийн банк 880 тэрбум төгрөгийн өрийн эздийг ил болгов

2022 оны 01 сарын 21

Том зургаараа бол эдийн засгийг төрөлжүүлэх, гаднаас орж ирсэн валютыг шингээж үлдээх зэрэг том асуудлуудад томоохон оролцоотой байх ёстой Хөгжлийн банк үндсэн үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгэж чадахгүй байгаа нь өчигдөр ил болсон чанаргүй зээлдэгчдийн зээлийн дүнгээс тодорхой харагдаж байна. Хөгжлийн банкны нийт зээлийнх нь 60-аас дээш хувь экспортыг дэмжсэн байх ёстой гэхчлэн үйл ажиллагааны чиглэл бий ч энэ мэт том зорилгуудаа анх байгуулагдсан цагаасаа гажуудуулсан бараан жишээ олонтой.

Хөгжилд хөтлөх хөтөлбөрүүдийг биш арилжааны банкуудыг эх үүсвэрээр хангаад байна гэх шүүмж өнгөрсөн жилүүдэд  дагаж ирсэн. Өдгөө УИХ-ын гишүүн болсон Г.Амартүвшин уг банкийг удирдаж байх үедээ энэ сэдвийг  хөндөж, дамжуулан зээлдүүлэх хөтөлбөрийн хүрээнд  Капитал банканд 56 тэрбум төгрөг  байршуулаад эрсдэл хүлээсэн, үүнээсээ сургамж авсан гэсэн мэдээллийг өгч байв.

Тэгвэл өчигдөр ил болсон 26 чанаргүй зээлдэгч бүгдээрээ Хөгжлийн банканд тодоос тод сургамж үлдээхүйц бодит жишээнүүд болж байна.

Хөгжлийн банкнаас өгч буй мэдээллийг тодотгоход: Монгол Улсын Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасан үйл ажиллагааг эрхлэх чиг үүрэг бүхий хуулийн этгээд юм.

Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас санхүүжилт авч зээлийг зориулалт бусаар ашигласан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн болон зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эргэн төлөлтийг хийгээгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн талаар авах шаардлагатай арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий 26 чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж байна.

Шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан 26 чанаргүй зээл, активын мэдээлэлд зээлийн зориулалт, зээл, актив хөрөнгийн талаарх мэдээлэл болон шүүх, шийдвэр гүйцэтгэлийн шатууд дахь мэдээллийг ил болголоо гэсэн байгаа юм.

Мэдээллээс үзэхэд, Хөгжлийн банк УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий Капитал банканд дамжуулан зээлдүүлэх хөтөлбөрийн хүрээнд 56 тэрбум төгрөг байршуулснаас гадна түүний хамаарал бүхий “Бишрэлт пропертиз”, “Веллмарт” ХХК-д Мах боловсруулах цогцолбор төслийн хүрээнд 31.9 тэрбум төгрөгийн зээл олгосноос, 8.4 тэрбум төгрөгийг л буцаан төлүүлсэн байна.

Өчигдөр зарласан 26 чанаргүй зээлдэгчийн төлж барагдуулах ёстой өр төлбөрийн хэмжээ 880.2 тэрбум төгрөг байгаагаас бодит гэрчилгээгээр баталгаажсан төлбөр  289.6 тэрбум төгрөг байна.

 

26 ЧАНАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧИЙН ЖАГСААЛТ

Нэмж  хэлэхэд, гаднын жишигт тулгуурлахын сацуу дотоодын нөхцөл байдлаа тооцон харж байж байгуулсан Хөгжлийн банк сонгодог утгаараа үйл ажиллагаа явуулах хэрэгцээ шаардлага бий талаар олон жил ярьж байгаа. Уг нь Хөгжлийн банк эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх үүрэгтэй. Эхэнд, хэлсэнчлэн гаднаас орж ирсэн хэдэм ам.долларыг буцаагаад гадагш нь урсгаад байдаггүй бүтцийг бий болгоход чухал нөлөөтэй үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж байх чиглэлтэй л дээ. Ийм үүрэг, чиглэлийг Хөгжлийн банкны тухай хуулийн дагуу хүлээсэн гэдгийг нь тодотгоё.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
шшш(49.0.178.150) 2022 оны 01 сарын 22

Ундармаа нэртэй болохоос сонгуулиар нийлээд тоносон юм бишүү тиймгүй бол 40 саядаад тэнсэндээд байхгүй биз.

0  |  0
бурхан минь ээ(66.181.161.10) 2022 оны 01 сарын 21

Бас л Ундармаагийн Бишрэлт! Хөгжлийн банкаас 40 өөд тэрбумыг шаацан байшд\n

0  |  0
Эрлэгдорж(64.119.25.244) 2022 оны 01 сарын 21

Ундармааг цаазлая.

1  |  0
Top