Тонгад туслахаар дэлхийн улс орнууд ШУУРХАЙЛЖ байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 21

Олон улсын хамтын нийгэмлэг асар хүчтэй галт уулын дэлбэрэлт, түүнээс үүдэлтэй цунамид өртсөн Номхон далайн арлын Тонга улсад тусламж үзүүлж эхэлжээ.

Ус, хүнс, харилцаа холбооны хэрэгсэл, цахилгаан үүсгүүр ачсан Австрали, Шинэ Зеландын эхний онгоцнууд пүрэв гарагт Тонгад газардсан байна. Шинэ Зеланд улс 250 мянган литр ус, өдөрт 70 мянган литр ус цэвэршүүлэх төхөөрөмж бүхий “HMNZS Aotearoa” хөлөг онгоц мөн баасан гарагт тус аралд хүрэлцэн ирнэ.

Үүнтэй зэрэгцэн, БНСУ, Япон улс хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болжээ.

Хунга Тонга-Тонга Хаапай галт уул энэ сарын 15-нд асар хүчтэй дэлбэрч, үүнээс үүдэлтэй цүнами 105 мянган хүн амтай арлын жижиг улсын тосгодыг сүйтгэсэн билээ. Байгалийн гамшгийн улмаас гурван хүн амиа алдсан тухай Тонгагийн эрх баригчид мэдээлсэн.

НҮБ-ын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик Тонга улс яаралтай тусламж үзүүлэх хүсэлт тавьсан тухай мэдээлжээ. НҮБ-ын шинжээчид тус улсын ихэнх бүс нутагт хүрсэн байна. Тонгагийн 50 мянга орчим иргэн ундны усны хомсдолд ороод байна. Галт уулын үнс нурам арлуудыг бүхэлд нь, тэр дундаа ундны усны эх үүсвэрүүдийг бүрхсэн тул ундны усгүй болжээ. Өдгөө усны чанарыг шалгаж байна гэж Дюжаррик тодруулсан байна.

Австралийн Гадаад хэргийн сайд Марис Пейн байгалийн гамшгийн дараах сэргээх босголтын ажилд зориулж нэг сая ам.доллар хандивлаж буй тухай мэдэгджээ.

Өнгөрсөн лхагва гарагийн орой Тонга улсын утасны холбоог сэргээсэн бол интернет үйлчилгээг бүрэн сэргээхэд сар гаруйн хугацаа шаардагдах гэнэ.

НАСА агентлагийн мэдээллээр, галт уулын дэлбэрэлтийн хүч нь 5-10 мегатон ТНТ буюу 1945 онд Японы Хирошима хотод хаясан атомын бөмбөгийн хүчнээс 500 гаруй дахин их байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top