Пак Шин Хэгийн хуримын зургууд ил боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 23

“Диваажингийн шат” олон ангит уран сайхны киногоороо монголчуудад ичнээ танил болсон Өмнөд Солонгос улсын алдарт жүжигчин Пак Шин Хэ өнгөрөгч бямба гарагт /2022.01.22/ Сөүл хотод хуримаа хийлээ.

Түүний нөхрийг Чой Тэ Жүн гэдэг бөгөөд тэрбээр мөн жүжигчин мэргэжилтэй юм. Хосуудын хурим цар тахалтай холбоотойгоор цомхон зохион байгуулагдсан бөгөөд хуриманд оролцсон жүжигчин Ли Сун Бин өөрийн инстаграм хуудсандаа хуримын ёслолын зураг болоод бичлэгүүдийг нийтэлсэн байна. 

Хуриманд олон алдартай жүжигчид, дуучид хүрэлцэн ирсэн бөгөөд тэдний дундаас хэвлэлүүд жүжигчин Ли Мин Хог онцолсон юм. Тэрбээр өөрийн инстаграм хуудсандаа хуриманд оролцож буй сельфи зургаа оруулахын сацуу урилгынхаа нэрийг онцгойлон дарж оруулжээ. Тус урилга дээр “Ли Мин Хо” гэх нэр байхын оронд “Ким Тан” хэмээн бичсэн байна. Учир нь 2013 онд жүжигчин Пак Шин Хэ “Өв залгамжлагч” кинонд жүжигчин Ли Мин Хотой гол дүрд нь хамтран тоглосон бөгөөд тухайн кинонд Ли “Ким Тан” нэрээр тоглодог билээ. Энэ талаар алдарт жүжигчин Ли Мин Хо хуриманд зориулж үг хэлэхдээ онцлон ярьж, олныг хөгжөөсөн байна. 

Хосуудыг үерхэж байгаа гэх цуурхал 2017 оноос хойш гарч эхэлсэн ч, тэд 2018 оны гуравдугаар сард харилцаагаа албан ёсоор зарласан билээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top