Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулаагүй гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 02 сарын 01

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс дараах Тайлбар мэдэгдлийг гаргажээ.

Улсын Их Хурлын ээлжит чуулган завсарлахын өмнө Хөрөнгө оруулалтын тухай Монгол Улсын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, баталсан байна гэсэн ташаа мэдээллийг өнгөрсөн амралтын өдрүүдээр зарим иргэдээс нийгмийн сүлжээнд зориудаар түгээсэнтэй холбогдуулан дараах тайлбар мэдэгдлийг хийж байна.

Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2021 оны зургадугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд 2021 оны аравдугаар сарын 8-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар уг төслийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцсэнээс өөрөөр ямар нэг байдлаар хэлэлцэх, батлах үйл ажиллагаа хийгдээгүй байна. Өөрөөр хэлбэл Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан, түүнчлэн 50.000 ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэн Монгол Улсад оршин суухаар болжээ гэсэн нь илт ташаа, худал мэдээлэл юм.

Зориудын, зохион байгуулалттай, гүтгэлгийн шинжтэй ийм мэдээлэл түгээж, олон нийтийг төөрөгдүүлэх нь Монгол Улсын, Монголын ард түмний эрх ашигт нийцэхгүй бөгөөд цар тахлын амаргүй төвөгтэй энэ цаг үед нийгэм, олон нийтийг бухимдуулан бужигнуулах нь гэмт үйлдэл мөн гэдгийг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.    

Монгол Улсын Их Хурал үйл ажиллагаандаа ил тод байдлыг эрхэмлэдэг. Хууль хэлэлцэн батлах бүхий л үе шатны талаарх мэдээллийг өөрийн албан ёсны parliament.mn сайтад тодорхой мэдээлдэг, чуулганы нэгдсэн хуралдааныг телевизийн 4-5 суваг, нийгмийн сүлжээгээр ямар нэгэн цензургүйгээр шууд дамжуулдаг билээ. Тиймээс дээрх хуулийн төслийн талаарх мэдээлэлтэй танилцах, саналаа илэрхийлэх боломж бүрэн нээлттэй байгаа.

Түүнчлэн Улсын Их Хурал аливаа хуулийн төслийг хэлэлцэн батлахдаа ард иргэдийнхээ санал бодолд онцгой анхааралтай ханддаг бөгөөд Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ч энэ зарчмыг баримталж байгаа болно.

Тиймээс зориудаар зохион байгуулж буй худал мэдээллээ нэн даруй татан авахыг нийгмийн сүлжээний нэр бүхий хэрэглэгчдээс шаардаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top